1984 оны 06-р сарын 01-ны Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон дахь хүүхэд мэндэлсэн нь өдгөө Монгол түмний бахархал Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Эгэл малчны хотноос Дэлхийн хүмүүн болж өндөрлөгт хүрсэн түүний хичээл зүтгэл, хөлс хөдөлмөрийг юутай ч зүйрлэж болшгүй биз ээ. Улс төрийн ороо бусгаа цагт Дэлхий даяарх Монгол хүн бүрийг омогшуулж, эвлэлдэн нэгдүүлж чадсан түүнийг улс төрийн эв нэгдэлийн бэлгэ тэмдэг ч хэмээн үзэх хүмүүс бий. Тиймээ тэр 2008 оны хар өдрийг мартагнуулж Монгол хүн бүрийн сэтгэлд эх орноороо бахархах, бие биенээ хайрлахын жаргалыг мэдрүүлсэн, хэн ч мартах учиргүй гавьяаг бүтээсэн. Түүний олимпийн аварга болсон тэр сайхан өдөр 1990 оноос хойшхи Монголын түүхийн хамгийн цагаан хуудас нь байх.
Энэ өдрийн элэг нэгт ард түмний эв нэгдэл дахин давтагтах эсэхийг хэлж мэдэхгүй. Магадгүй дараа дараагийн олимпийн аварга төрсөн ч Н.Түвшинбаяр шиг түүхэн үйл явдлыг эзэн нь болохгүй болов уу. Учир нь тэр анхны олимпийн аварга, дээр нь нэмээд цаг үе нь нам, улс төрийн хагаралтай, ард түмэн нь айдас хүйдэстэй байх тэр л цаг үеийг өөрчилж чадсан БААТАР. Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэн олимпийн аваргаараа цаашид ч Монгол түмэн бахархасаар байна.
Хэдий тэр өдгөө тамирчид дундаа нас нь харь яваа гэгддэг ч ард олныхоо найдлагыг үл алдан амжилтын эзэн болсоор...Олны итгэлийг даана гэдэг амаргүй. Тиймээс тэр бие болоод сэтгэлийн амрыг харж, зодог тайлвал тайлахсан. Тэр тэгсэнгүй. Саяхан болж өнгөрсөн ДАШТ-ыг хүртэл зориглон зорьсон. Түүний даваа бүрт өөрөөс нь илүү баярлах ард түмэн нь түүнд унах эрхийг аль хэдийн олгожээ. Ер нь итгэл хүлээлгэсэн тамирчин нь унахаар бид яадаг билээ дээ. Ялалтыг нь хамт хуваалцдаг атлаа ялагдлыг нь бид хуваалцдаг билүү... Харин эх орны бахархалт Н.Түвшинбаярын хувьд бол тийм биш ээ. Түүнийг унасан ч бид хүндэлдэг. Тэр ард түмнээсээ тэгэх эрхийг аль хэдийн хүртсэн. Өргөн олноор үзэх үндэснийхээ бөхийн спортод ч тэр мөн л хүндэтгэл хүлээсэн заан. Тиймээ тэр бол яалт ч үгүй даяар Монголчуудын бахархал.
Түүнийг цаашид ч БАХАРХАЛ байлгахыг хүснэ. Сайн нэрийг олох хэцүү ч алдахад хэдхэн хором хангалттай. Ядаж байхад бидний муухай зан алдаа дээр аюултай дөрөөлдөг улс. Ялангуяа улс төрийн үйл явдалтай холбогдвол бурхан байсан ч чөтгөр болгож мэдэх хүмүүс шүү дээ дээр, дооргүй. Тэгэхээр үндэсний бахархал болсон хүүд маань алдах эрх үгүй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ цаг үед баатар минь нэрээ л бодож яваарай. Цаг нь ирвэл ард түмэн ч хүссэн хүсээгүй дэмжинэ. Бахархалт хүмүүн бахархалаараа л байхыг юу, юунаас илүү хүснэм.
Ард түмэн бахархалтай байх сайхан... Давраад чамайг 2020 оны олимпийн дэвжээнд гаргуулж, сэтгэл зүрхээрээ хамт байн гэгэлзэхийн жаргалыг хүсэх хүмүүс ч олон байна...БАХАРХАЛ минь!
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо