СААРАЛ ОРДНЫ САРЬСАН БАГВААХАЙ

Moderator
2019/12/04

Анхлан МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Баасанхүү ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө хэмээхийн бодит үлгэрийг үзүүлсэн шиг үзүүлж яваа нөхөр. Н.Энхбаярын ивээлд багтаж түүний нэрийн дор төрийн ордонд шургалсан ч өдгөө нам ч үгүй, бие даагч ч биш саарал хүн саарал ордноор хэл амаа билүүдэлцэж явах болоод удаж байна.  

Тэр төрийн ордонд МАХН-ын хурлыг зохион байгуулж, МАХН-ын даргаар сонгогдсон ч үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгч болж МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнийг хууль бус хурал хийсэн хэмээн мэдэгдэж, Улаанбаатар паласт намынхаа их хурал зарлан өөрөө албан ёсны дарга нь болж О.Баасанхүүг МАХН-ын гишүүн биш болсон талаар мэдэгдсэн юм. Ийн Н.Энхбаяр даргынхаа сүрд дарагдсан О.Баасанхүү энэ жил улс төрийн халуун үйл явдалууд эд өрнөж байхад АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах санал тавьж завшөөрүүлсэн байдаг. Нэгэн цагт С.Эрдэнэд балайгаараа дуудуулж явсан тэр нэг л өдөр халуун дотноор түүнтэй гар барин хамтран ажиллах болов. Дараа нь мөн ТЕГ-ын дарга асан  Б.Хурцтай дотно холбоотой нь тогтоогдож, нууцаар уулзаж байх баримт зураг нь хүртэл сошиалаар хөвөрч байсан.

Байдал иймдээ тулсан ч О.Баасанхүү өөрийгөө одоог хүртэл МАХН-ын гишүүн хэмээн үзсээр байгаа нь хачирхалтай. Түүний энэ мэт нөгөөгөөс нөгөөд очиж зүсээ хувиргах байдал нь араатан жигүүртны тулааны үеийн аль аль талд очиж тал засах сарьсан багваахайн үлгэр адил. Тиймээс ч түүнийг иргэд “саарал ордны сарьсан багваахай” хэмээн хэдийн хочилж эхэлжээ. Эцэст нь үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт аль ч талд нүүргүй болох хөөрхий сарьсан багваахайн үлгэрийг эрхэм гишүүн маань өөрөө нэг уншаасай билээ.

Сонгууль ч дөхлөө. МАХН ч хаясан, АН ч цагаа тулахаар түүнийг хөөрхөн өшиглөчихнө. Тэр цагт аавдаа уйлаад ирэх хүүхэд шиг Н.Энхбаяр дарга дээрээ өрөвдөлтэй царайлаад очих вий... Гэвч тэр цаг дэндүү оройтсон байх болов уу. МАХН-ын дэмжигч иргэд ч түүнд итгэл алдарсан. Өөрөөр хэлбэл түүний улс төрийн замнал 2020 оны сонгуулиар дуусгавар болох нь тодорхой болсон дог шүү.

Тэрээр  манай папараццид бусад гишүүдийн хамт ийн өртөж байсан юм. Хамгийн ганцаардмал буюу тойрон хүрээлэгчидгүй нь тэр гэж хэлж болохоор аж.

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.

PAPARAZZI СЭТГҮҮЛ