“Чэлси” шившгээ тарьжээ


Английн хөлбөмбөгийн “Чэлси” баг Премьер лигийн сүүл мушгидаг багуудын нэг “Борнмут”-д 0:3-аар хожигдож шившгээ тарьсан байна. Цэнхэрүүдийн ахлах дасгалжуулагч Антонио Конте энэ ялагдлын дараа “Манай тоглогчид чадах бүхнээ хийсэн” хэмээн онцлов. Энэ ялагдлыг хурдхан шиг мартаад цаашид идэвхтэй ажиллах хэрэгтэй хэмээн итали мэргэжилтэн үзсэн аж. 

“Их хүнд тоглолт байлаа. Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр би их амаргүй тоглолт байх болно гэдгийг хэлж байсан шүү дээ. Үүнд олон шалтгаан байсан. Харамсалтай нь, миний таамаглал бодит хэрэг боллоо. Гэхдээ бид урагш тэмүүлэх шаардлагатай. Тоглогчид маань чадах бүхнээ хийсэн. Хэнийг нь ч онцолж шүүмжилмээргүй байна. 

Их эвгүй ялагдал хүлээлээ. Хөлбөмбөг бол амаргүй тоглоом юм. Аль ч тоглолтод бүрэн бэлтгэлтэй байх ёстой. Бид цаашид тэмцэхээ үргэлжлүүлнэ. Улирлын үлдсэн хагас их амаргүй байх болно. Тоглолт болгонд ялалт байгуулахын төлөө хичээх хэрэгтэй” хэмээн Конте хэлжээ.