Сигалаас өрсөөд хятадууд Чингис хааны тухай кино хийчихжээ


2017 оны төгсгөлд хойд хөршийн уран бүтээлчид, киночид "Коловратын домог" хэмээх кино бүтээж монголчууд бидэнд бэлэг барьсан бол 2018 онд урд хөршийнхөн маань ээлжит сюрпризээ задлах аж. Энэ нь 2018 оны эхээр нээлтээ хийх "Чингис хан" кино.

Францын нэрт найруулагч, "Чонон сүлд" киногоор нь манайхан мэддэг болсон Жан Жак Анногийн найруулгаар Хятадын уран бүтээлчид, урдаа барьдаг жүжигчдээ тоглуулсан "Чингис хан" киног хэдхэн өдрийн өмнө танилцуулж, тун удахгүй албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болсон гэдгээ зарлалаа. 

Энэ киноны талаар өгүүлэхээс өмнө мянганы суут хүн Чингис хааны амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх явдал гадныхны дунд нэлээд эртнээс эхэлсэн гэдгийг онцлоод Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн нэгэн нийтлэлийн хэсгээс сонирхуулья.

 
Бөртэ хатныг Чингис хааны дур хүслийг хангагч секс эмэгтэйгээр дүрсэлж  байв

 

"...Аль XX зууны 50-иад онд л Америкийн уран бүтээлчид Мануэль Кондегийн найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Чингис хаан” уран сайхны кино, мөн 1951 онд Жорж Шерманы “Алтан орд” хэмээх уран сайхны киног бүтээж, Чингисийн дүрд жүжигчин Марвин Миллер тоглосноор энэ давалгаа эхэлсэн.

1956 онд найруулагч Дик Пауэлийн Холливудад бүтээсэн “Байлдан дагуулагч” хэмээх кино тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээсэн бүтээлийн нэг байлаа. Уг киног санхүүжүүлсэн продюсер Ховард Хьюс Есүхэй баатар мэргидээс Өүлэнийг булаан авсан түүх болон хожим нь мэргидүүд Тэмүүжиний хүрээг довтолж Бөртэг олзлон одсон үйл явдлаас санаа авч Чингисийн намтар түүхтэй холбон “Байлдан дагуулагч” киног бүтээхээр шийдвэрлэж кино зохиолч Оскар Миллиардад захиалга өгөн зохиол бичүүлсэн байна.

Гэхдээ зохиолч нь хөлсөө чамлахад, Холливудын тэрбумтан продюсер Ховард Хьюс гар татсан тул түүний өгсөн мөнгөнд нь тааруулж муухан зохиол бичиж ам тагласан гэсэн яриа байдаг. Энэ киноны зохиолыг бичихдээ Америкийн нэртэй жүжигчин Марлон Брандог Чингис хааны дүрд тоглуулахаар тооцоолж байсан боловч Брандо татгалзснаар түүний оронд Америкийн ковбой киноны олон дүрээрээ алдаршсан жүжигчин Жон Уейн тогложээ.

Продюсер Ховард Хьюс болон найруулагч Дик Пауэл нарын тооцоолсноор энэ киноны өөр нэг сонирхол татахуйц дүр нь Бөртэ хатан байлаа. Тэд Бөртэ хатны дүрд Холливудад библийн болон түүхэн туульсийн олон баатрын эротик дүрслэлтэй дүрийг дэлгэцнээ бүтээж алдаршсан жүжигчин эмэгтэй Сьюзан Хейвардыг урьж тоглуулсан юм.

Хейвардын бүтээсэн Бөртэ хатан нь Чингис хааны үнэнч хань, ухаалаг зөвлөхөөс илүүтэйгээр түүний дур хүслийг хангагч секс эмэгтэй болж уг кинонд дүрслэгдсэн билээ. Продюссер, найруулагч нар жүжигчин Сюзан Хейвардын сэргэн мандлын үеийн уран зураг болон барималд дүрслэгдсэн шиг гоо сайхан бие хаа, том хөхөөр дэлхийн II дайны дараах үеийн ангаж цангасан эрчүүдийн сэтгэлийг булаана хэмээн тооцоолсон нь уг киноны мөнгө олох гол түлхүүр нь байлаа.

Тэдний энэхүү тооцоо үр ашгаа авчирсан бөгөөд тухайн үеийн үзэгчид Сьюзан Хейвард, Жон Уейн нарын үүлэн борооны явдлыг нүдээ чилтэл харж уг киноноос ихээхэн таашаал авч байсныг дурдахад “Байлдан дагуулагч” киноны үйл явдлын өрнөл, утга агуулга тодорхой болно... Ер нь ганц “Байлдан дагуулагч” биш Холливуд болон Европын орнуудад бүтээсэн Чингис хааны намтар түүхтэй холбогдсон уран сайхны кинонууд бүгд иймэрхүү гэнэн зохиомжтой, түүхэн үнэнээс асар зөрүүтэй, зөвхөн Чингис хааны нэр, сүрээр мөнгө олох гэсэн арилжааны зориулалттай бүтээлүүд болсныг энд онцлон дурдмаар байна.

Чингис хааны тухай бүтээсэн Холливудын олон киноны нэг нь 1965 онд найруулагч Хэнри Левины “Чингис хаан” хэмээх бүтээл бөгөөд энэ киноны гол дүрд Америкийн киноны нэртэй од, египет гаралтай жүжигчин Омар Шариф тоглосон юм. Энэ киноны Тэмүүжиний бага насыг жүжигчин Карло Куро бүтээсэн байна. Энэ кино нь Америк, Баруун Герман, Югослав, Английн кино компаниудын хамтарсан бүтээл байлаа. Дээр дурдсан Холливудын кинонуудын дотроос Чингис хааны дүрийг түүхэн хувь хүний хувьд хамгийн сонирхолтой бүтээсэн жүжигчин бол Омар Шариф юм. Барууны орнуудад хийсэн Чингис хааны тухай кинонууд дотроос 1961 онд Андре Де Тот нарын найруулагч хамтран бүтээсэн Итали, Францын киночдын бүтээл “Монголчууд” хэмээх киноны тухай цөөн үг хэлье.

“Монголчууд” хэмээх энэхүү бүтээл нь Их Монгол улсын түүх болон эзэн Чингис хааны намтартай огтхон ч дүйхгүй бөгөөд киноны үйл явдал нь Польшийг байлдан эзлэх асуудлаар Чингис хаан ууган хүүтэйгээ санал зөрж байгаагаар өрнөдөг. Аав, хүү хоёрын үзэл бодлын энэхүү эвлэршгүй тэмцлийн дунд Европын эзлэгдсэн орноос Чингисийн авч ирсэн татвар эм тэдний хооронд хов зөөн эцэст нь Чингис хааны нуруунд хутгалж, амийг хороож буйгаар үйл явдлын өрнөл төгсвөр болдог. ...Чингис хааны дүрийг дэлхийн кино урлагт хэрхэн тусгасан тухай цухас танилцуулахад ийм байна..."

 
2018 онд нээлтээ хийх "Чингис хан" киноны талаар

 

Харамсалтай нь нэгэнт л монголчууд хийгээгүйгээс түүхийг гуйвуулах, ашиг орлогын үүднээс их хааны маань амьдралыг ер бусын ээдрээтэй болгож харуулахын үүднээс элдвээр зохиомжлох оролдлого гадныхны бүх л кинонд илэрсээр иржээ.

Бөртэ хатны дүрд тоглосон Лин Юн 

Сүүлийн үед бидний мэддэг болсончлон Оросын найруулагч Сергей Бодровын Чингис хааны тухай кинонд их хааныг маань хэрхэн тусгасныг бид сайн мэдэж байгаа. Зөвхөн Чингис ч гэлтгүй Монголын түүхийг бусад улсууд илт гуйвуулж, дэлхийн сонорт хүргэх оролдлого, санаатай, эс санаатайгаар алин боловч хийгдсээр л байгаа.

Энэ сард нээлтээ хийж дэлхийн сонорыг мялаасан, Монголын кино театрууд ашиг орлогоо бодоод "Бат хааны хилэгнэл" нэрээр гаргасан "Коловратын домог" кино ч үүний нэг хэсэг. Бат хан болон монголчуудын байлдан дагууллыг хэрхэн басамжилж, доромжилсныг та бүхэн харсан буй за. Ерөөс ийм давалгаа одоо тасралтгүй үргэлжлэн гарсаар байх бололтой.

Дээр дурдсан 2018 оны нэгдүгээр сард, их л удаж хоёрдугаар сард монголчуудын цагаан сарын үеэр нээлтээ хийх "Чингис хан" кино ч мөн дээрх жишээ татсан кинонуудаас нэг их өөр байж чадахгүй биз ээ.

Найруулагчаар нь Жан Жак Анно ажилласныг бид дурдсан. Харин киноны гол дүрд сүүлийн үед Хятадын домог туульсын кинонуудад амжилттай тоглож олны танил болоод байгаа Уильям Чан хэмээх Хонконгийн дуучин, жүжигчин залуу тогложээ.

 Уильям Чан

Бөртэ хатны дүрд 2016 онд "Мермэид" гэх инээдмийн кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн 21 настай жүжигчин бүсгүй Лин Юн хэмээгч тоглосон бол бидний сайн мэдэх олон ангит "Хубилай" киноны Хубилайн дүрд тоглосон жүжигчин Ху Юн Чингис хааны өстөн дайсан Найманы ханхүү Хүчүлүгийн дүрд тоглосон байна.

Мөн "Чингис хаан" олон ангит киноны Чингисийн дүрийг гайхалтай сайхан бүтээж олон монголчуудын хүндлэлт жүжигчин болсон Баасан гуай энэхүү кинонд басхүү дүрээ бүтээсэн ба хэний дүрд тоглосон болох, ер нь Чингис хааны амьдралтай салшгүй холбоотой өөр ямар ямар түүхэн хүмүүсийн дүрийг энэ кинонд амилуулж, хэн хэн бүтээсэн талаар мэдээлэл хятад хэл дулимагхан учраас хараахан олж амжсангүй.

Хубилайн дүрийг бүтээсэн Ху Юн

Найманы Хүчүлүгийн дүрээр

энэ кинонд тогложээ 

Лав киноны тизер трейлэр, зургуудаас харахад Хятадын домог, туульсын киноны салшгүй хэв шинж  болох толгой дээгүүр нисэж дүүлээд байдаг кадрууд, бие хамгаалах урлагийн хэт фантаз маягийн хэсгүүд багтсан нь илт. Тэр бүү хэл Чингис хаан маань хар сүлдээ нэг гартаа барьчихаад агаар тэнгэрээр дүүлж нисээд  байхыг хараад л урам хугарах юм.

Байсгээд л гадныхан эзэн богд Чингис хааны тухай кино хийдэг. Уг их хааны талаар томоохон хэмжээний бүтээлүүд гарч дэлхий дахин манай түүх, соёлыг сурталчилж байх нь тустай. Харамсалтай нь түүхийг гуйвуулчих гээд байх нь тоогүй.

Бидний санаж байгаагаар Монголын хүргэн болсон Холливудын од Стивен Сигал Чингис хааны тухай кино хийнэ гэж олон жил явж байгааг мэдэх юм.

Монголд ирээд ийм юм ярихад нь монголчууд түүнийг төдийлөн дэмжээгүй  гэдэг, удаад нь тэрээр Казакстанд очоод энэ сэдвийг хөндөж хэвлэлээр нэлээн гарсан юмдаг. Магадгүй түүний мөрөөдөл биелж хүргэний маань оролцоотойгоор бүтээсэн казакын Чингис хаан кино ирээдүйд нээлтээ хийхэд нэг их гайхахааргүй болж байна.

Мөн нохой зодоонч, энтертэйнер  байгаад Холливудын од болсон Дуэйн Жонес их хааны тухай кино хийхээр болсон гэдгээ энэ намар зарласан.

Тэрээр “Universal” кино компани Чингис хааны тухай бүрэн хэмжээний адал явдалт кино бүтээх болсныг мэдэгдээд продюсер, найруулагчаар нь Дэнни Гарсия, Роберт Земекис нар ажиллахаар болсныг зарласан билээ.

Киноны зохиолыг "Beauty and the Beast", "The Huntsman: Winter”s War" кинонуудын зохиолыг бичсэн Эван Спилиотопулос бичсэн гэсэн юм. Одоогоор энэхүү киноны албан ёсны нэр, тов, жүжигчдийн баг тодорхой болоогүй байгаа ч киноны  үйл явдалд Монголын эзэнт гүрний аугаа удирдагч Чингис хааны онгоныг хайж байгаа тухай гарна гэдэг нь батлагджээ. Киноны зураг авалтыг байгальд авах төдийгүй, компьютер график, компьютерийн аргачлалыг аль болох бага хэмжээгээр оруулах гэнэ лээ.

Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн Чингис хааны тухай хийгдсэн бүх кино дотроос гурван киног л сайн хийгдсэн хэмээн онцолж байсан. Тэрээр "...Миний үзэж цуглуулсан материалд холбогдох эдгээр киноны дундаас урлагийн бүтээлийн хэмжээнд үнэлж цэгнэж болохуйц түвшинд хийгдсэн гурван киног би юуны өмнө онцлон дурьдмаар байна. Энэ нь БНХАУ-ын найруулагч Шианчи Жаны бүтээж, Чингис хааны дүрд жүжигчин Дэлгэрийн тоглосон “Чингис хаан” хэмээх хоёр ангит уран сайхны кино, Монгол кино үйлдвэрт С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын зохиолоор найруулагч Б.Балжинням бүтээж гол дүрд нь А.Энхтайван тоглосон “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх кино туульсийн бүтээл, мөн БНХАУ-д Жү Яотины зохиолоор найруулагч Сай Фу, Лиси Май нар бүтээж гол дүрд нь жүжигчин Баасан тоглосон “Чингис хаан” хэмээх телевизийн олон ангит кино аль ч талаас нь авч үзсэн сонирхол татахуйц хэмжээний бүтээл болсныг онцлон дурдмаар байна.

Уг гурван киног хийх явцад уран бүтээлчдийн зэрэгцээ Монгол судлалын талаар дэлхийд алдаршсан нэр хүндтэй эрдэмтэн судлаачид бүх шатанд нь зөвлөж ажилласан явдал уг бүтээлүүдийн түүхэн үнэ цэнийг өргөж өгсөн байна. Хэдийгээр энэ мэт давуу талууд дээрх кинонуудад байгаа боловч энэ гурван киноны аль аль нь кино бүтээлийн хувьд ч, гол дүр болох Чингис хааныг үзэгчдийн сэтгэлд хүргэх ур чадлын хувьд ч, урлагийн бүтээлийн үнэлгээний хувьд ч шаардлагын түвшинд хүрч олны талархал хүлээж чадаагүйг тухайн цаг үеийн хэвлэлүүдэд гарч байсан судлал, шүүмжийн өгүүллүүд болон үзэгчдийн үнэлгээнээс харахад тодорхой" гэсэн байдаг.