Ши Жиньпин “CREATED IN CHINA” болгоход анхаарч ажиллахыг уриалав


БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн аравдугаар сарын 18-нд Бээжин хотын Ардын их хурлын танхимын индрийн ард зогсоод Хятадын Коммунист намын XIX их хурлын төлөөлөгчдөд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн ажил, ирэх таван жилд юу хийх гэж байгаагаа тайлагнасан билээ. Хийсэн болон хийх ажил нь тодорхой энэ улс шинэчлэл, ил тод байдлын бодлого явуулсны дүнд сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч болж хүн амынхаа амьжиргааг байнга дээшлүүлж байна. Хятадууд өндөр технологийн үйлдвэрлэлийг эзэмшиж, сансрыг эзэмшихээр АНУ, Орос хоёртой амжилттай өрсөлдөж байна.

Түүнчлэн гадаадад оруулсан хөрөнгө оруулалт нь дотоодынхоосоо даваад зогсохгүй өнөөгийн энэ ээдрээтэй нөхцөлд эдийн засгийн өсөлт болон хөгжлөө тогтмол хадгалж буй ганц орон гэхэд хилсдэхгүй болов уу. Дэлхий дахин Ши Жиньпинийг орчин үеийн хамгийн хүчирхэг социалист гүрнийг бий болгож чадах хүн гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн.

Тэрбээр ирэх таван жилийн төлөвлөгөөндөө эдийн засгийн өсөлтийн хурдыг дундаас өндөр болон харьцангуй өндөр төвшинд барина гэж тусгасан. Мөн аж үйлдвэрлэлийн хөгжлийг дундаас илүү төвшинд байхаар төлөвлөж байна. 2020 он гэхэд БНХАУ-ын ДНБ болон хот, хөдөөгийн иргэдийн орлогын хэмжээг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлэх юм. Үүний тулд эдийн засгийн өсөлт 6.5-7.2 хувиас дээш байх ёстой. 2013 оны байдлаар тус улсын эдийн засгийн хэмжээ 10.4 их наяд ам.доллар болж түүхэн дээд амжилтад хүрсэн. Энэ үед нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 7800 ам.доллар болж байв. Хэрэв БНХАУ эдийн засгаа өсөлтөө дунджаар 7.2 хувьтай барьсаар байвал 2020 он гэхэд БНХАУ-ын нийт эдийн засаг 17 их наяд ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 12 мянган ам.доллар болно.

Ингэснээр дэлхийн хамгийн өндөр орлоготой орнуудын жагсаалтыг тэргүүлнэ гэсэн үг. Тус улсын эдийн засаг 2015 онд 6.9, өнгөрсөн онд 6.7 хувийн өсөлттэй байсан нь БНХАУ-ын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 12 мянган ам.доллар хүрэхэд ойрхон байгаа юм. БНХАУ 1.3 тэрбум хүн амтай бөгөөд үүний 55 хувь нь хот, суурин газарт ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 60 сая хүнийг ядуурлаас гаргасан талаараа Ши дарга Коммунист намын их хурлаараа онцлоод ирэх таван жилийн хугацаанд ямар ч ядуу иргэнгүй дундаж орлоготой нийгмийн давхаргыг бүтээх зорилт тавьсан. Түүнчлэн инновацид тулгуурласан хөгжил, харилцан уялдаатай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хүртээмжтэй хөгжил гэсэн таван үзэл баримтлал бүхий хөгжлийн бодлогыг танилцуулсан. “Өмнө нь БНХАУ-ын хөгжил ихэвчлэн газар, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, ажиллах хүч зэрэгт тулгуурладаг байсан. Тиймээс энэхүү бодлогыг өөрчилж, инновацид тулгуурлан хөгжих нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах зам болно. Хот хөдөө болон эдийн засаг, нийгмийн хамгааллын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс харилцан уялдаатай хөгжих ёстой. Хүн ба байгалийн зохистой харилцааг хангах үүднээс ногоон хөгжлийг чухалчилж байгаа. Өмнө нь зөвхөн байгалийн баялгийг ашигладаг байсан бол ирээдүйд байгаль дэлхийг хайрлаж, ногоон хөгжлийг дэлгэрүүлэхэд илүү их хүч гарган ажиллах болно.

БНХАУ-ын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, олон улсын хөгжлийн боломжийг ашиглах чиглэлд анхаарах зорилгоор нээлттэй хөгжил үзэл баримтлалыг боловсруулсан. Өнгөрсөн таван жилийн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн нь нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсантай нягт холбоотой. БНХАУ-ын хөгжлийг ард түмэнд илүү хүргэх зорилгоор хүртээмжтэй хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн улс хөгжих бус ард түмний сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх юм. Цаашид хүний эрхийг дээдлэх болно” гэдгийг БНХАУ-ын дарга онцолж байсан. Тус улс ирэх таван жилд хийхээр төлөвлөсөн ажилдаа аль хэдийнэ ханцуй шамлан орсон бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Ши дарга Зянсу мужид очиж, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийн ажилтай танилцсан байна. Энэ үеэр тэрбээр “Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрчимжүүлэх, бодит эдийн засгийг дэмжих үүднээс тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарт илүү шинэчлэл хийх хэрэгтэйг онцолсон байна.

Мөн тэрбээр “Хятадад үйлдвэрлэв” (Made in China) бус “Хятадад бүтээв” (Created in China) болгон шилжүүлэхэд онцгой анхаарч, өөрийн гэсэн брэнд бий болгоход голлон анхаарч ажиллахыг үйлдвэрийн ажилчдаа даалгажээ. Хурдацтай урагшилж буй энэ их гүрэн 2020 онд ДНБ- ээ 17 их наяд ам.долларт хүргэж чаддаггүй юм гэхэд 14 их наяд ам.долларт хүргэснээр АНУ-ын ДНБ-ий 70 хувьтай тэнцэж, ойрын хэдэн жилд энэ хоёр улсын эдийн засгийн үзүүлэлтийн зөрүү улам багасах юм. БНХАУ хаалгаа нээж, реформ хийж эхэлсэн эхний үед эдийн засгийн ерөнхий багтаамжаараа дэлхийд 11 дүгээр байрт байсан бол 2015 онд ДНБ 67.7 их наяд юань болж дэлхийн эдийн засгийн өсөлтийн 25 хувийг хангаж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. Эдүгээ Хятадын 30 орчим мянган үйлдвэр хилийн чинадад үйл ажиллагаагаа явуулж, олон сая хятад хүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Бусад оронд оруулж байгаа Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны эцсийн байдлаар нэг их наяд ам.долларыг даван, гадаадад байршсан Хятадын хөрөнгө долоон их наяд ам.доллараар үнэлэгджээ. Тэгвэл эдийн засгийн жилийн дундаж өсөлт XIII таван жилийн хугацаанд 6.5 хувь, импорт 10 их наяд ам.доллар, бусад орны эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт 500 гаруй тэрбум ам.доллар болсон байна