Трампын шийдвэр дайн дэгдээж мэднэ



Цагаан ордны тэргүүн энэхүү мэдэгдлийг хийсний дараахан Палестины эрх баригчид "Трамп Израйль болон Палестины дунд хэзээ ч дуусахааргүй сөргөлдөөнийг эхлүүллээ" гэж мэдэгдсэн байна.

Асуудал үүгээр дуусалгүй, Газын зурваст Палестины төрийн далбааг барьсан мянга мянган жагсагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Трампын гэрэл зургийг галдан шатаажээ. Энэхүү жагсаалыг Израилийн цагдаагийнхан хүчээр дарахыг оролдсоноор мөргөлдөөн үүссэн бөгөөд хоёр хүн амиа алдаж, 700 гаруй хүн шархадсан аж.

Израиль Зүүн Иерусалимыг 1967 онд зургаа хоног үргэлжилсэн дайны үеэр булаан эзлэсэн билээ. Палестинчууд харин хотын энэ хэсгийг өөрийг улсын нийслэл гэж үздэг юм. Тус хотод АНУ-ын Элчин сайдын яамыг шилжүүлэн байрлуулах тухай хууль аль 1995 онд батлагдсан ч тэр цагаас хойш Билл Клинтон, хүү Жорж Буш, Барак Обама зэрэг Ерөнхийлөгч нар нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд үүнд хориг тавьж байсан билээ.