Роналду “Алтан бөмбөг”-ийнхөө тоогоор Месситэй эн зэрэгцэв


Криштиану Роналду тав дахь удаагаа “Алтан бөмбөг” шагналыг хүртжээ. Ийм тооны “Алтан бөмбөг” түүний мөнхийн өрсөлдөгч Лионель Мессид байдаг билээ. Энэ удаа Месси санал асуулгын дүнгээр хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Нэр хүндтэй шагналыг Роналду Парис хотод гардаж авав. Энд нэг жил хагасын өмнө Роналду Португалийн шигшээ багтайгаа Европын аварга болж байсан юм. 

 

Өчигдөр орой Роналду гэр бүлийн хамт хувийн онгоцоо хөлөглөн Парист ирсэн аж. Шагнал олгох ёслолын ажиллагаа гэрлэн чимэглэлээ дааж ядсан Эйфлийн цамхаг дээр болсон гэнэ. Парис хотод цаг агаар тогтуун, нэмэх 10 хэм зааж байв. Роналдугийн сэтгэл ихэд хөдлөн “Энэ нэр хүндтэй шагналыг Эйфлийн цамхаг дээр хүртэнэ гэдэг гайхалтай. Би бага зэрэг даарлаа. Гэхдээ их сайхан байлаа” хэмээн ярьжээ. Ёслолын ажиллагааг нэрт хөлбөмбөгчин Давид Жинола хөтлөсөн байна. Роналдуд “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес болон хөлбөмбөгийн амьд домгууд баяр хүргэжээ. 

 

Роналду, Месси нарын эрин үе эхлэхээс өмнө уг шагналыг хүртэж байсан Кака ч тэнд байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд “Алтан бөмбөг” шагнал нэг бол Криш, нэг бол Леод олгогдож байжээ. Месси удаан хугацаанд тэргүүлж байсан ч одоо тэд хайнцсан байна.