С.Зоригийн хэрэг ба шүүх хурлын тойм:
18 жилийн өмнө гарсан аймшигт аллагын дуулиан өнгөрсөн өвлөөс дахин "босч" ирсэн билээ. Тодруулбал, Тэртээ 18 жилийн өмнө ард түмний хайртай хүү төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. С.Зоригийн амиа алдсан хэрэгт 18 жилийн хугацаанд нийтдээ 450 гаруй хүнийг сэжиглэн шалгаж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байсан гэхэд болно. Энэ хугацаанд түүний эхнэр Б.Булган мөн Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг хүртэл сэжигтнээр татан шалгалаа. 2016 оны сүүл хэсэгт дуулиант гэмт хэргийн шүүх хурал хоёр ч удаа болж нэлээд дуулиан шуугиан дагууллаа.
АТГ-аас Н.Алтанхуягийг шалгав:
2016 он Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт амаргүй жил байлаа. Сонгуульд ялагдаж өөрийн хамаатнуудын хамтаар АТГ-т шалгагдаж, ахлах зөвлөх хамтрагчаа хүртэл шоронд алдав. Гэхдээ тэр бууж өгөхийг хүссэнгүй. Түүний төрсөн дүү Н.Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж эхнэр Г.Сэлэнгийг нь хилээр гарахыг хориглож өөрөө АТГ-т анх удаагаа очиж мэдүүлэг өгсөн. Өөрийг нь болон хамаатан саданг нь шалгаж байгаа тус хэргийн талаар Н.Алтанхуяг "Гэр бүлийн маань олон хүнийг ар араас нь баривчилсаны дараа дүү нартайгаа уулзах гээд очсон. Би тэднийхээ өмнө хэрэг хийсэн юм шиг гэмэрхэн орсон юм. Тэгсэн гэрийнхэн маань "Ах аа, биднийг баривчлах яах вэ, энэ байтугайг бид даваад гарна. Харин та луйварчдад хэрхэвч бууж өгч болохгүй шүү” хэмээн хэлсэн. Тиймээс ч би нам дамнасан бүлэглэлтэй үхэн үхэтлээ тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Н.Алтанхуяг болон түүний хамаатнуудыг хууль бус тендер авсан хэргээр шалгаж байна. Тус хэргийн улмаас түүний гурван дүү, хүргэн, эхнэрийг нь хүртэл шалгасан хатуухан он жил байлаа.
Э.Бат-Үүлийг яллагдагчаар татав:
Энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан хэрэг орно. Түүнийг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан хоёр дахь удаагаа яллагдагчаар татсан нь энэ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Э.Бат-Үүлээс анх удаа хурууны хээ, цусны шинжилгээг авсан талаар хэсэгтээ шуугиан тарьсан. Тун удалгүй түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд С.Зоригийн хэргийн шүүгдэгчээр Эрдэнэтийн гаралтай гурван хүнийг сэжигтнээр татаад байгаа билээ. Э.Бат-Үүлийн хувьд 2016 он хатуухан болж өнгөрлөө. Учир нь сонгуулийн өмнө түүний хүү Б.Чулуудай оффшор данстай гэсэн мэдээлэл гарч олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авсан. Түүний дараа 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар өвдөг шороодож, оны төгсгөлд С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдлаа. Ийнхүү тэрбээр 2016 оны дуулиан шуугиантай, барцадтай даван тууллаа.
Хөгжлийн банкны дуулиан ба Н.Мөнхбат:
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай Тэмцэх Газраас өнгөрсөн есдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн. Түүнийг "Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 153, 265.2 дугаар зүйл ангид зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр шалгаж байна. Түүний хувьд өсөх ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан ч харамсалтай нь сайн ах нарын буянаар аавын хаалга татах дээрээ тулсан хэмээн учир мэдэх улс төрчид ярьдаг юм билээ. Түүнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Батбаярын баруун гарын хүн гэж хэлж болно. Н.Мөнхбатын хувьд Хөгжлийн банкны захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогдсон ч тэрбээр "доз” оо хэтрүүлэн мөнгө идсэн эсэхийг хуулийн байгууллага тогтооно
Н.Энхбаяр ба Г.Шийлэгдамбын хэрэг илэрсэн нь:
2015 оноос хойш хөвөрсөн Г.Шийлэгдамбын хэрэг 2016 онд үргэлжиллээ. Г.Шийлэгдамбыг хуулийн байгууллагынхан 2015 оны 11 сарын 04-ны өдөр ажлын байранд байхад саатуулж байсан. Тухайн үед Г.Шийлэгдамба ажлынхаа өрөөнд хүнээс 500 сая төгрөг авч байгаад газар дээрээ баригдаж байсан. Үүний дараахан Г.Шийлэгдамба хорихоос захидал бичиж байсан бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно. Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан хэмээн захидал бичсэн. Нэлээдгүй хугацаанд хоригдон шалгагдаж байсан ч одоогийн байдлаар энэ хэрэг нам жим байна.
А.Гансүх ба Б.Мөнгөн туяа:
Энэ оны дуулиант гэмт хэргүүдийн дунд Б.Мөнгөнтуяа, А.Гансүх нарын нүүрс хөтөлбөрийн хэрэг ч мөн багтана. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Түүний дараагаар Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгсөн юм. Иргэн нь төр засагаа шүүхэд өгсөн үйлдэл Монголын түүхэнд анх удаа гарсан нь энэ. Түүний хувьд нээлттэй шүүх хурлын үеэр бүх үнэнийг илчилж, олон прокуроруудыг нүүр хийх газаргүй болгосон. Түүгээр ч барахгүй зургаан сар хилсээр хоригдсон түүнийг өрөвдөн олон хүн нулимс унагасан.
ЖЕНКО Х.Баттулга ба түүний нөхдийг хуулийнхан хоргоов:
2016 оны 04 сарын 11-ны өдөр Х.Баттулгын компаниудад шалгалт хийсэн. "Баянгол” зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь”, "Түмэн хишигтэн” ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр санхүүгийн шалгалт хийж, багагүй шуугиан тарьсан. Хуулийн байгууллага шалгалт хийхдээ 100 гаруй цагдаагийн албан хаагч бэлэн байдалд ажилласан нь олны анхаарлыг маш ихээр татсан. Магадгүй баривчлах зорилготой байсан ч байж болох юм. Түүнийг сонссон Х.Баттулгын охин Б.Намуун, хүү Б.Жавхлангаас гадна бөхчүүд, спортынхон, улс төрчид, ард түмэн ирж хамгаалалтанд гарч нэлээдгүй маргаан дэгдээсэн. Сүр дуулиантай санхүүгийн шалгалт хийсний ач буянаар Х.Баттулга ард түмний хайртай хүү гэдгээ мэдэрсэн биз ээ.
ХЕРО Баатарыг хорив:
Дуулиант гэмт хэргүүд "HERO” энтертайнментийн найруулагч Б.Баатарыг мөн тойрсонгүй. Өнгөрсөн сонгуулийн үеэр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment” -ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн. Тухайн үедээ Баатарыг цагдан хорьсон талаар мэдээлэл нэг хэсэгтээ шуугиан тарьж байсан ч удалгүй нам жим болсон.
ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ЗАХИАЛГААР ХӨНӨӨВ:
2016 оны дуулиант гэмт хэргүүдийн нэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан. Тодруулбал, Долоон настай хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.Талийгаач хүүг амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон талаар мэдээлэл гарч хэсэгтээ л дуулиан шуугиан тарив. Талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн нь хэргийн мөрдөн байцаалтын явцад ил болсон.
С.АМАРМАНДАХ ХҮНД ЗОДУУЛАВ:
Дуулиант гэмт хэргүүд улс төрчид төдийгүй урлаг соёлынхоныг хүртэл тойрсонгүй. Энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд дуучин
С.Амармандах бусдад зодуулж хүнд бэртсэн дуулиан шуугиан байлаа. Өнгөрсөн сарын 22-ны өдөр "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах "Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Нийслэлээс зохион байгуулсан гэх эл арга хэмжээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "One event hall”-д болсон бөгөөд энэ үеэр түүнийг ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег Кашин зодсон нь багагүй шуугиан тарьсан. Тэрбээр нэлээдгүй хугацаанд ухаангүй эмнэлэгт хэвтсэн ч одоогийн байдлаар биеийн байдал тогтворжсон гэсэн мэдээлэл байна.
НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ, ДОЛООН ХҮН НАС БАРСАН:
Баян-Өлгий аймагт ноцтой осол гарч, долоон хүн нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, 50 тонн цемент ачсан ачааны машин айлын хашаа болон дэлгүүр мөргөж онхолдсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Тус ослын улмаас цэл залуухан 7 хүн амь насаа алдсан билээ.
БАРИЛГА НУРЖ, ДОЛООН ХҮН ДАРАГДСАН:
Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хороо нутаг дэвсгэрт "Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурсан хэрэг гарсан. Тус нурсан барилга дээр ажиллаж байсан долоон хүн нурангид дарагдсан. Барилгад дарагдсан дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба бусад хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байхад барилга нурсан хэрэг гарсан.
МАЛАЙЗАД ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛСОН ОХИДУУД ЭХ ОРОНДОО ИРЭВ:
Өнгөрсөн нэгдүгээр сард
Малайз улс руу 12 охиныг хил давуулан бусдад худалдсан, бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэг ил болсон. Тэдгээр охидын мэдээллийг ГХЯ болон холбогдох газруудаас шуурхай олж, хуулийн байгууллага шалгаж тус охидуудыг эх оронд авчирсан хэрэг энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд багтаж байна.
Банк дээрэмдэгчид:
Энэ оны онцлох гэмт хэргийн тоонд банкинд халдаж, дээрмийн хэрэг үйлдсэн этгээдүүдийн үйлдлийг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн хавар, Запитал, Хаан зэрэг банкны салбаруудад буутай этгээдүүд халдсан хэрэг хоёр ч ойрхон давтагдсан юм.. Кинон дээрээс хардаг байсан гэмт хэргий үйлдлүүд Монголд ийнхүү үйлдэгдэх болсон нь цагдаагийнханд том сэрэмжлүүлгийг өгсөн билээ.
Эх сурвалж: criminal.mn
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна