С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал дөрвөн өдөр хуралдаж өчигдөр орой шийдвэрээ гаргасан. Шүүх хуралдаан эхлэхээс хохирогчид, шүүгдэгчдийн ар гэрийнхэн олон жил болсон энэхүү хэргийг улстөрийн захиалгат гэдгийг төөрөгдүүлэхээр зохиомол шүүх хуралдаан болгож байна гэж шүүмжилж байсан. Мөн хилс хэргээр хүмүүсийг яллах гэж буйг ч хэлж байсан юм.
С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байсан. Уг шаардлагыг биелүүлээгүй болохоор хуралд оролцоогүй юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргажээ.
"Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамааруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж азаагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож хоёр байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдээгүй гэж үзэж байна" гэдгээ мэдэгдэлдээ дурджээ.
Шүүхийн шийдвэр
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө гарсан бөгөөд сэжигтнүүдийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжлэв. Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.
Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 24 жил оноолоо.
TiMES.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо