Намын нөхөд нь дэд сайд Б.Энхбаярын ”ганц хуудас” оффшорын хуулийн төсөлд ОНЦ МУУ дүн тавив


Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө хадгалахыг хориглох зорилгоор Хуульзүй, дотоод хэргийн яам холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр дэмжигдсэн хууль анхны хэлэлцүүлэг дээрээ бүдэрч, засгийн газарт буцаагдах санал дэмжигдээд байгаа юм.

Хуулийн төсөл ердөө ганц хуудас. Ажлын хэсгийн санал нь хоёр хуудас. Гэвч  хуулийн төсөл хэт ерөнхий, хэрэглэх боломжгүй байдлаар орж ирсэн гэх шүүмжлэлийг гишүүдээс хүлээж, ажлын хэсгийг ахалсан дэд сайд Б.Энхбаярыг “түүхий”-гээр нь дуудахад хүрэв. Хуулийн төслийг илүү чамбайруулах асуудлаар нэлээд хүчтэй байр суурь илэрхийлж буй Т.Аюурсайхан гишүүн хэлэлцүүлгийн үеэр “Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө нуухын тулд гэр бүл, хамаатан садныхаа нэр дээр данс нээлгэдэг. Өөрөөр хэлбэл, хамтран үйлдэгч нь гэр бүл байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийнх нь хөрөнгийн эх үүсвэрийг шалгая. Оффшорт мөнгө нуухыг нь хязгаарлъя гэхээр Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр “Үндсэн хууль зөрчинө” гэх юм. Дэд сайд хүн үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоодог албан тушаалтан мөн үү” гээ бухимдлаа илэрхийлсэн.

Харин Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр “Үндсэн хуулийн 16.14-т “Гэм буруутны ял, зэмлэлийг гэр бүлийн гишүүнд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт байгаа. Тиймээс засгийн газар энэ байр сууриа хэвээр хадгална” гэсэн юм. Яг энэ үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж толгой сэгсэрч, хэлэх үггүй гайхширч буйгаа илэрхийлсэн нь сэтгүүлчдийн анхааралд өртсөн юм. Хамгийн чухал нь уг хуулийн төсөл төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэхийг хориглох, урьдчилан сэргийлэх, ил тод мэдээлэх зорилготой. Гэтэл Хуульзүй, дотоод хэргийн сайд нь өөрийн ахлан боловсруулсан хуулийн төслөө “гэм буруутан ял зэм” хүртэхтэй холбон тайлбарлаж буйд гишүүд бухимдалтай хандаж байв. Тэр нь ч аргагүй.

Тиймээс ч Ц.Нямдорж гишүүн ч хатуу хөтүү үгээрээ дэд сайд Б.Энхбаярыг нэг намын гэж хаацайлалгүй сайн гөвшөөд амжсан. Тэрээр “Гэм буруугийн асуудлыг яриад явчих юм. Б.Энхбаяр аа. Гэм буруугийн асуудал ярьж байгаа хууль биш шүү дээ, юугаа яриад байгаа юм бэ. Шийтгэх гээд байгаа зүйл байхгүй. Үзсээр харсаар байгаад үр хүүхдийнх нь асуудлыг тусгахгүй юм бол ийм хууль баталж яадаг юм. “Өөрийнхөө нэр дээр оффшорт битгий бүртгүүл. Үр хүүхдийнхээ нэр дээр данс нээ” гэсэнтэй яг ижил зүйл болно” гэж хатуухан сануулга өгсөн юм.

Байнгын хорооны хурал дээр ингэж, тайлбар хэлэхээр гараа тасралтгүй өргөсөн  Ш.Раднаасэд даргын хараанд өртөж өгөлгүй, гишүүдээр тувт хэмлүүлсээр гарав, дэд сайд Б.Энхбаяр. Бүр сүүүлдээ Ц.Нямдорж “Б.Энхбаяр аа, чи ийм муу хууль барьчихаад, юундаа биеэ өмөөрдөг юм. Хуулиа аваад яв” гэх зэмлэлийг сонсов.

Засгийн газрыг болсон болоогүй муу хуулийн төсөл оруулж, ирээд, түүнийгээ батлуулах гэж улайрч байгааг шүүмжилж буй гишүүд эрх баригч намд олширсоор байна. Тэдний ийм үзэл гүнзгийрсээр, дахин оффшорын хуулийг буцаав. Гэвч гээндээ ч биз, гоондоо ч биз гэдэг шиг  яалт ч үгүй анхаарах асуудал хуулийн төсөлд хэд хэдээрээ байсныг үгүйсгэх аргагүй юм. Нөгөөтэйгүүр  эрх баригч нам оффшорын хуулийг ор нэр төдийгөөр баталсан болж, хуулийн хэрэгжилтийн орчныг бүдгэрүүлэх сонирхол байгаа нь нууц биш. Яг ийм байдлаар хууль боловсруулагдаад ороод ирэхээр алдах юмгүй, айх айдасгүй Т.Аюурсайхан нарын залуу гишүүд нь Ц.Нямдорж тэргүүтэй луугаруудтай хүч хавсарч намынхаа эсрэг бухаж буй дүр зураг харагдаж буй.

 

Бүр Т.Аюурсайхан гишүүн дэд сайд Б.Энхбаярыг уг хуулийн төслийн ажлын хэсэгт багтаахгүй байх санал тавьж хүртэл үзсэн. Эрх баригч намыг өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчин байх үед Б.Энхбаяр хуульчийнхаа үүднээс бүлгийн ажлын албаны хуулийн чиглэлийн гол ажлуудыг амжуулж ирсэн гэдэг. Үүнээс өмнө  оффшорт данстай гэж олон улсад зарлагдсан Сү.Батболд гишүүний туслах хийж явсан, түүний ойрын хүн гэдэг утгаар нь эрх ашгийн зөрчил үүснэ гэж үзэж буйгаа сөхөж тавьсан юм. Үүний хажуугаар Ц.Нямдорж гишүүн ч дуугүй өнгөрсөнгүй. “Б.Энхбаяр хууль бичихийн зовлонгоор дайраагүй хүн. Хуучин хүмүүсээ буцааж ажлыг нь хийлгэ. Та нар залхуураад байна. Одоо танай яаманд дандаа шинэ хүмүүс очсон байна лээ. Шинэ хүмүүс чинь 2-3 жил нухлагдаж байж, жаахан дөртэй болно” гэсэн шүүмжлэл дайсан нь анхаарал татна.

 

Цаад санаа нь чухам юу байсныг таахад бэрх. Ямар ч байсан Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нарын гишүүд оффшорын хуулийн төсөл дээр дэд сайд Б.Энхбаярт “Онц муу” дүн тавьж, нөхөд нь тэднийг дэмжсэн кноп дарлаа. Байнгын хорооны хуралдааны танхимд дан эрх баригч намын гишүүд сууж байгаад засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөө унгасан нь эз үү, аз уу.

 

Medee.MN