-Аз жаргалын эрэлд киноны бодит түүхийн эзэн-
Крис Гарднер хэмээх эр хоёр настай бяцхан хүүгийн хамт 00-ийн өрөөний шалан дээр унтана. Орон гэргүй ч амьдралаа босгохоор хүүгээ тэврэн, хэрэндээ ажил хэрэгч хувцасласан аав, цуцалтгүй зүтгэнэ...
Тэрхүү аав хүнд бэрх өдрүүдийг өнгөрүүлсэн өөрийн амьдралаа Холливуудыг шуугиулж, дэлхийн нүдийг бүлтийлгэж, сая сая хүнийг байлдан дагуулж, итгэл үнэмшлийг бадраасан оскарын шагналт “Pursuit of Happiness буюу Аз жаргалын эрэлд” киноны зохиол болно чинээ санаагүй явжээ.
Тэр одоо бол нийгэмдээ зөв үлгэр дууриалал болж, олон зуун хүнийг ажлын байраар хангадаг “Гарднер Рич-Gardner Rich” хэмээх хөрөнгө оруулалтын банкны захирал.
БАГА НАС-УРАМ ЗОРИГИЙН ЭХ УНДАРГА ЭЭЖ
Крис Гарднер 1954 оны хоёрдугаар сарын 9-нд АНУ-ын Висконсин мужийн Милвуакид төрсөн бөгөөд төрсөн эцгээ хэн болохыг мэддэггүй.
Бага нас нь маш хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн. Тэрээр ээж дүү болон архичин, увиагүй, хүчирхийлэгч хойд эцгийн хамт ядуу тарчиг амьдардаг байв. Маш их доромжлол, хүчирхийлэлд цөхрөнгөө барсан ээж нь хойд эцгийнх нь амийг хөнөөхийг ч оролдож байжээ.
Хэдийгээр хүнд хэцүү орчинд бага насаа өнгөрүүлсэн ч түүний ээж нь Гарднерт өдөр бүр “Хүү минь, чи хэн болох, юу хийхийг хүсч буйгаа мэдэж байгаа бол нэг л өдөр чи тийм болж чадна” гэж хэлдэг байжээ. Харин Гарднер амьралынхаа хором мөч бүрт дээрх ээжийнхээ хэлсэн үгийг сэтгэлдээ тээн, итгэсээр бодит амьдралд 100 хувь хэрэгжүүлж чадсан гэдэг.
БҮХ ЗҮЙЛ ТЭГЭЭС ЭХЭЛДЭГ
Олон сая доллар гэнэт тэнгэрээс Гарднерийн дээрээс унаагүй нь тодорхой. Ахлах сургуулиа төгсөөд Гарднер АНУ-ын тэнгисийн цэрэгт дөрвөн жил хүчин зүтгэжээ.1979 онд үүргээ гүйцэтгэж дуусгасаныхаа дараа Сан Францискод хотод ирж эмнэлэгийн тоног төхөөрөмж зарж эхэлсэн байна. Харамсалтай нь түүний хамгийн анх зориглосон бизнесийн үйл хэрэг нь амжилтад хүрсэнгүй.
Нэгэн өдөр улаан Феррари унасан эрхэм зогсоолд машинаа байрлуулахыг харсан тэр үеэс Гарднерын амьдрал нь эрс өөрчлөгджээ. Гарднер түүнээс ингэж амьдрахын тулд юу хийсэн талаар асуужээ. Тэрхүү эрхмийг Боб Брижес гэдэг бөгөөд тухайн үед хөрөнгийн биржид брокерын албан тушаалтай нэгэн байв. Гарднер түүнтэй ярилцсанаас хойш санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллах хүсэл эрмэлзэл төрсөн гэдэг.
Тэд дахин уулзалдсанаар Боб түүнийг DWR хэмээн санхүүгийн компанид дадлага хийх ярилцагад ороход нь тусалжээ. Харамсалтай нь, Гарднер ярилцлагад орохоос хэдэн өдрийн өмнө зогсоолын төлбөр төлөөгүйгээсээ болоод баривчлагдав. Хоригдсон үеийнхээ хувцас болох хантааз,богино өмдтэйгөө арай ядан ярилцлагадаа орж чаджээ.Хэдийгээр гадна талаасаа сул дорой мэт харагдаж байсан боловч түүний хүсэл эрмэлзэл, амбицаараа DWR-ын дадлагад хялбархан хамрагдахаар болжээ.
Тухайн үед 27 настай байсан Гарднер хүүгийнхээ ээжээс салж, хүүгээ ганцаараа өсгөхөөр шийдсэн байна. Тэрбээр хоёр настай, бяцхан хүүгийн хамтаар АНУ-ын Сан Франциско хотод нэг жилийн хугацаад орон гэргүй амьдарчээ. DWR-ын хөрөнгийн биржийн дадлагад хамрагдах хугацаандаа өдөрт 200 гаруй утасны дуудлагад хариулахыг зэрэгцээ өглөө хамгийн эрт ажилдаа ирж, үдшийн бүрий болтол ажилладаг байсан ч байр хөлслөх барьцаа мөнгө төлөх ч чадалгүй байжээ.
Гарднер хүүгийн хамт хаа тааралдсан газраа л хоног төөрүүлдэг байв. Төмөр замын 00-ын өрөө, сүмийн хорогдох байр, цэцэрлэгт хүрээлэн, ажлын ширээ гэх мэт хоног төөрүүлээгүй газар үгүй аж. Өдөрт олсон багахан хэмжээний мөнгөө хүүгээ хүнээр харуулах, хооллох гэх мэт зүйлст зарцуулдаг байв.
Энэ их бэрхшээлтэй цаг үеийг даван туулсаны эцэст 1981 онд Гарднер ажилтай болжээ. Түүний хувьцаа зарах байгалийн авьяас, Dean Witter Reynolds (DWR)-д хийсэн нэг жилийн дадлага нь тус компанийн бүтэн цагийн ажилтан болох боломжийг олгожээ.Эцэст нь, байр түрээслэх мөнгөтэй болохын зэрэгцээ карьер нь ч маш хурдттай өсөн дэвжсэн байна. 1987 онд буюу санхүү, хөрөнгө оруулалтын салбарт хүчин зүтгэсэнээс долоон жилийн дараа Гарднер өөрийн хөрөнгө оруулалтын компани болох Гарднер Рич-ийг үүсгэн байгуулжээ.
Өнөөдөр түүний хөрөнгийн хэмжээ 60 сая ам.доллар болсон төдийгүй өөрийн амьдралын түүхээ бусадтай хуваалцан, урам зориг өгөх зорилгоор лекц уншин орон гэргүй олон арван хүмүүст тусалдаг буяны байгууллагуудыг ивээн тэтгэдэг болжээ.
Хожим нь тэрбээр өөрийн амьдралын түүхээр “Аз жаргалын эрэлд” хэмээх номоо бичиж байхдаа Холливуудаас түүний амьдралаар кино хийх санал хүлээн авчээ. Түүний энэхүү ном нь худалдан авалтаараа 20 долоо хоногийн турш New York Times-ийг тэргүүлсэн төдийгүй Washington Post-д мөн тэргүүлсэн байна.
2006 онд Аз жаргалын эрэлд кино үзэгчдийн хүртээл болж Гарднерын дүрийг бүтээсэн жүжигчин Вилл Смит оскарын ёслолоор шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.Харин Вилл Смитийн таван настай хүү Жайден Смит Гарднерын хүүгийн дүрийг бүтээжээ.
Гарднерын хүү Жаррет Гарднер “Аавтайгаа цуг гудамжинд хоног төөрүүлж байсан хүнд хэцүү амьдралаа төдийлөн санаддагүй, миний санаж буйгаар бид хоёр маш олон газарт очиж, тэндээсээ дахиад өөр газар руу явдаг байснаа л цухасхан санадаг. Харин киног үзээд ааваараа үнэхээр бахархахгүй байхын аргагүй болсон” гэж Опрагын шоунд оролцох үеэрээ хэлжээ. Учир нь дээр дурьдсанчлан түүний хүү дөнгөж хоёр настай байсан юм.

Хожим тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа “Би багадаа хүнд хэцүү амьдралыг туулсан учир миний хүүхдүүд энэ замаар явах шаардлагагүй.Миний хүүхдүүд намайг хэн болохыг минь мэднэ.Би зөв шийдвэрүүдийг гаргасан учраас миний хувь тавилан үргэлж урагшаа чиглэдэг байсан” гэжээ.
Аз жаргалын эрэлд кино гарсанаас хойш зургаан жилийн дараа түүний амьдрал дахин өөрчлөгджээ. 2012 онд түүний эхнэр 55 настай байхдаа хорт хавдараар нас баржээ.Түүнээс хойш Гарднер амьдралдаа юу хиймээр байгаагаа дахин нягталж, гучин жилийн турш амжилттай явсан санхүүгийн карьераа өөрчлөхөөр шийджээ.
Үүний дараа Гарднер “Эхнэр минь надаас хамгийн сүүлчийн удаа “Бид амьдрал ямар богино болохыг мэдэрлээ. Үлдсэн амьдралдаа чи юу хийхийг хүсч байна вэ?” хэмээн надаас асуусан. Иймэрхүү зүйлийн талаар ярих үед бүх зүйл өөрчлөгддөг. Хэрвээ чи хийхийг хүссэн зүйлээ хийхгүй байгаа бол өдөр бүр өөрөө өөртөө ялагдаж байгаа хэрэг гэсэн үг. Үүнээс л би цаашид хөрөнгө оруулалтын банкдаа ажиллахыг хүсэхгүй байгаагаа олж мэдэн, хүмүүст урам зориг өгөх илтгэгч, зохиолч болох замыг сонгосон” гэж хэлсэн байна.
Өнөөдөр тэрбээр жилийн 200 өдрийг дэлхийн 50 оронд зочлон хүмүүст урам зориг өгөх илтгэл тавьдаг болжээ.
“Та яаж ч ялагдаж, доройтож болно.Энэ үед гагцхүү өөрөө өөрийнхөөрөө байх хэрэгтэй” гэж Гарднер үргэлж хэлдэг. Түүнчлэн тэрбээр хүүхэд байхдаа ямар орчинд өссөнөөс тухайн хүний хэн байх нь шалгаалдаг гэдэг үзлийн эсрэг байдаг нэгэн аж. Тэрбээр хэрвээ энэ үзэл амьдрал дээр биелэлээ олдог байсан бол би бас нэгэн архичин, эхнэр хүүхдээ зоддог, амьдралд бүрэн утгаараа ялагдсан нэгэн болох байсан гээд амьдралд нь үргэлж гэрэл гэгээг асаадаг байсан ээждээ талархдаг гэжээ.

Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ