Төрийн албанд орохоос өмнө оффшор бүсэд данс нээлгэсэн бол хуулийн үйлчлэлд ХАМРАХГҮЙ


Энэ хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор дансгүй байх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг өмнөх сард УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэнээр өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

Хуульзүйн байнгын хорооны гишүүд анхны хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхнийг төслөө чамбайруулж, илүү боловсронгуй болгох ёстой гэсэн  байр сууринаас хандаж, хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулсан билээ. Уг хууль батлагдсанаар төрийн өндөр албан тушаалтан албан үүргээ хашиж байх хугацаандаа оффшор бүсэд данс нээлгэхийг хориглох хууль эрхзүйн орчин үүсэх юм. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашихаасаа өмнө оффшор бүсэд данс нээлгэсэн өнөөгийн томоохон албан тушаалтанд уг хуулийн  хориг үйлчлэхгүй юм.

Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард оффшор дансны мэдээлэл нь ил болж байсан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр "Өнөөдөр манай бизнес эрхлэгчид Монголын банкууд найдваргүй, түүнчлэн мөнгөний үнэ цэнэ алдагдахаас сэргийлж, БНХАУ-д данс ихээр нээлгэж байна. Энэ нь нуугаад мөнгөө гаргаад байгаа хэрэг биш. Итгэл үзүүлэхгүй байгаатай холбоотой. Иймд энэ асуудлыг ажлын хэсэг бодолцоорой" гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татсан билээ.

 

Хуулийн төсөлд оффшор бүсэд данс эзэмшигч сонгуульд нэр дэвшихээр бол дансны мэдээллээ холбогдох жумын дагуу ил тод мэдээлж, сонгогдсон өдрөөсөө хойш гурван сарын дотор “зохих арга хэмжээ авч” асуудлаа  цэгцлэн,  эргэж мэдээлэх үүрэг хүлээхээр тусгагдсан юм.

 

Мөн хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтны гэр бүл, ах дүү хамаатан садан оффшор бүсэд данс нээлгэхгүй байх эрхийг хязгаарлаагүй юм. Хууль санаачлагчдын зүгээс энэ төрлийн зохицуулалт хийвэл Үндсэн хууль зөрчигдөнө гэх тайлбарыг хийсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эсэргүүцэж, дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг чамбайруулах саналаа холбогдох байнгын хороонд хүргүүлээд буй. Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гэр бүл, үр хүүхдийг нь энэ хуулийн үйлчлэлд хамруулна гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаад байх юм. Гэтэл одоо бид Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ хүнийг хөрөнгө орлогыг бичиж л байна. Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй асуудал биз дээ” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.

 

Эх сурвалж: Medee.MN