Монголын үзэгчдэд “Bondooloi film”, “Orange entertainment” хамтран “Рэкет” киногоо хүргэж эхэллээ. Инээдмийн, адал явдалт тус киноны нээлт өчигдөр “Гэгээнтэн энтертайнмент” төвийн кино театрт болж өнгөрсөн юм. “Рэкет” кинонд залуу жүжигчин Б.Мишээл, О.Цэнгэл, Ц.Аззаяа, Э.Урангоо, Т.Бадамжав нар тоглосон байна. Тэд уг кинонд өөр өөр зан араншин, хэв маягийг илэрхийлэх бөгөөд найзуудын санамсаргүй үйлдэл олон олон адал явдалтай учруулж, ухааруулна.
"Bondooloi film"-ийн захирал, найруулагч Ц.Золжаргал:

“Single ladies”-ийг хийсний дараа 5 залуу эмэгтэй гол дүртэй адал явдалт инээдмийн уран сайхны кино хийвэл ямар вэ гэдэг санаа орж ирээд киногоо бүтээлээ. Киноныхоо зохиолыг нэлээн сайн бодож, боловсруулж байж гаргасан. "Рэкет" гэдэг нэр нь ч гэсэн өвөрмөц. Маш сайн баг хамт олонтой ажиллалаа. Нийтдээ 60 гаруй хүн энэ кинонд оролцсон. Хамт ажилласан бүх уран бүтээлчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлж байна".
Продюссер Б.Тайшир:

“Бондоолой фильм”, “Оранж энтертайнмет” хамтраад “Рэкет” уран сайхны киноны ажилд дөрвөн сарын хугацаанд ажиллаад өнөөдөр үзэгчдэдээ толилуулахад бэлэн боллоо. Найруулагч, гол дүрийн жүжигчид, туслах дүрийн жүжигчид, энэ киноны ард байгаа хүн бүр өнөөдөр маш их догдлолтой байна. Хамтдаа киногоо үзээд, хамтдаа шүүгээд үзэгч олон сэтгэгдлээ илэрхийлэх байх. "Рэкет" залууст зориулсан инээдмийн, адал явдалт төрлийн кино юм. Бид 20 гаруй уран бүтээлч рүү хүсэлт илгээн кино төслүүд хүлээн авсан юм. Ингээд "Bondooloi film"-ийн найруулагч Ц.Золжаргалын төсөл болон түүний найруулгын хэв маяг их таалагдсан учраас энэ бүтээл дээр хамтарч ажиллахаар шийдсэн. Зохиолыг Ц.Золжаргал өөрөө бичсэн”.
Хулангийн дүрд тоглосон жүжигчин Б.Мишээл:

"Ээж болсны дараах анхны уран бүтээл минь Рэкет кино байлаа. Хүүхдээ 5 сартай байхад, киноныхоо ажилд орсон. Кинондоо тоглохдоо зүүдэлж ч байгаагүй юмаа их хийсэн. Траншейн дотор орсон гэд олон үзэгдлүүд байгаа. Киноны туршид гол дүрийн охид маань шороотой, хумсандаа хиртэй тийм байдалтай. Ер нь бол сампирчихсан гэж ярьдаг шдээ. Яг тийм төрх л хүлээж байгаа даа.
Миний тоглож байсан олон киноны дүрүүдээс тэс өөр, эрс тэс, намайг эвдэж чадсан дүр. Таван бүсгүй тавуулаа маш өөр зан араншинтай, гаднах төрхөөрөө ч их өөр хүмүүс. Бусад найзуудтай нь харьцуулахад Хулангийн дүр жаахан зальжин, сэргэлэн, юмны ард хоцорчих гээд байдаг хүн. Бид энэ уран бүтээлд хамтарч тоглосноороо маш сайхан найзууд болсон".
Халиунаагийн дүрд тоглосон Э.Урангоо:

“Киноны хувьд гол дүрд тоглосон дөрөв дэх ураан бүтээл боллоо. Чадварлаг мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглосон учраас олон зүйл суралцаад, даваад гарлаа. Амьдрал дээрх Урангаагооос их өөр, рок сонсдог, эршүүд, дүр байлаа. Эхэн үедээ дүрээ бүтээх хэцүү байсан ч рок хөгжим сонсох гэх мэтээр алхмуудыг хийгээд сүүлдээ дүрдээ бүүр орчихсон байсан”.
Тамираагийн дүрд тоглосон жүжигчин Т.Бадамжав:

“Энэ бол миний тоглосон анхны бүрэн хэмжээний кино юм. 2015 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Би өөрөө “Эмоци” продакшний залуу жүжигчин. Уран бүтээлийн хувьд дөрөв дэх уран бүтээл боллоо. Дүрээ бүтээхийн тулд 10 кг жин нэмээд, үсээ тайруулаад өөртөө их өөрчлөлт хийсэн. Монголд таван эмэгтэй гол дүртэй кино өмнө нь бүтээгдэж байгаагүй гэдгээрээ онцлогтой”.
“Рэкет” инээдмийн адал явдалт уран сайхны кино Улаанбаатарын бүх кино театруудаар гарч эхэллээ.
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо