Сүүлийн өдрүүдэд орсон цас өдөр хайлж, шөнө нь мөстөж, хотын гудамж мөсөн гулгуурын талбай болов. Өдөр ирэх тусам хүйтэрч, цасны зузаан нэмэгдэж, авто замын нөхцөл байдал автомашин болон явган зорчигчдын зорчих хөдөлгөөнд аюултай нөхцөл байдал үүсгээд долоо хоногийг үдлээ.
Халтиргаанаас болж бэртэж гэмтэх иргэдийн тоо “гамшиг”-ийн хэмжээнд хүрлээ гэхэд хилсдэхгүй. Уг нь хотын дарга Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, өвлийн улиралд хотын хэмжээнд бэлэн байдалд байх ёстой бас үүрэгтэй. Одоогийн байдлаар дараалан гурав хоног цас ороход, явган хүний зам болон авто зам мөстсөнөөс гадна хотын хөдөлгөөн тэр чигтээ саарч, зогсохдоо хүрээд байгаа юм. Үнэндээ хотын дарга шүүр хүрз барьж шоу хийхийн оронд бодлогын хүрээнд дорвитойхон арга хэмжээ авах шаардлага тулгараад байгаа юм.

-ӨВЛИЙН УЛИРАЛД ХАЛТИРГААНААС БОЛЖ ОСОЛ ГАРВАЛ
БАЙГУУЛЛАГА ХАРИУЦНА-
Өвлийн цагт замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнээс болж осол гарвал тухайн замыг цэвэрлэж, цас мөсийг арилгах ёстой байгууллага хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна гэсэн заалт Замын хөдөлгөөний журамд тусгагдсан байдаг.
Энэ сард Нийслэлийн засаг дарга С.Батболд халтиргаа гулгаа үүссэн ч дорвитой арга хэмжээ авсангүй ийнхүү нөхцөл байдлыг хүндрүүлсэнд иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байна.
Тэрээр “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Мөн оюутан залуусыг цас цэвэрлэхэд уриалсан гэх зэргээр анхан шатны арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа ярьсан билээ.
Гэтэл үнэн хэрэгтээ явуулсан ажил төдийлөн нүдээ олсонгүй бололтой. Нийслэлийн иргэд өглөө бүрийг багагүй бухимдалтайгаар эхлүүлсээр байна. Урьд жилүүдэд нөхцөл байдал хүндэрсэн ч өнөөдрийнх шиг ийм гамшгийн хэмжээнд хүртэл даамжирдаггүй байсан талаар иргэд сануулж байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд халтиргаанаас болж үүссэн нөхцөл байдлыг тоон баримтаар хүргэвэл:


БАРИМТ 1
Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 250-300 хүн халтиргаа гулгаанаас болж бэртэн хандаж байгаа ажээ. Энэ жилийн хувьд Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсч, өдрийн нэг ээлжид таван эмч, оройн ээлжид мөн тооны эмч ажиллаж байна. Нэг эмчид өдөрт дунджаар 30-50 хүн үзүүлж байгаа аж. Нэг өдрийн ээлжинд гарч буй нийт 10 эмч нийтдээ 300-500 гэмтсэн хүн үзэж байгаа гэсэн үг. Үүний 250-300 хүн халтиргаа гулгаанаас болж бэртжээ.
ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албанаас гаргасан мэдээгээр өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн байна. Мөн энэ он гарсаар ГССҮТ-ийнхөн 67 мянга гаруй хүнд яаралтай тусламж үзүүлснээс 2000 гаруй нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртэл авчээ.
Эмнэлэг ачаалалтай байгаагаас бэртсэн хүмүүсийг тэр бүр тасагт хэвтүүлэн эмчлэх боломжгүй байгаа аж. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүнд өвчтөнүүдээ тасаг руу хуваарилаад, хөнгөн бэртсэн хүмүүсийг зөвлөгөө өгч, эмчилгээ бичээд, дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж буй юм байна.
БАРИМТ 2
Замын цагдаагийн газарт өдөрт дунджаар зам тээврийн ослын 350 дуудлага ирдэг байсан бол халтиргаа гулгаа ихэссэнээс хойш энэ тоо эрс нэмэгдэж, өдөрт 550 гаруй осол гэмтлийн дуудлага бүртгэгдэж байгаа аж. Тус газраас халтиргаа гулгаанаас болж ослын дуудлага 60-70 хувь өссөн гэх тоон судалгаа гаргажээ. Мөн өдөрт дунджаар 70-80 дуудлага бүртгэгдэж байгаа юм байна. Мөстсөн замын нөхцөл байдлаас болж автомашинууд хий эргэх, ойролцоох машинаа шүргэх, мөстсөн зам дээр цас орсны улмаас явган зорчигчийг мөргөж гэмтээх зэрэг хүндхэн нөхцөл байдал үүсээд буй юм. Өмнөх цасаа бүрэн цэвэрлэж гадагшлуулаагүйн улмаас үүдэн зам мөстөж, эргэлт болон өгсүүр уруу чиглэлийн замуудад осол гарах, олон цагаар түгжрээ үүсэх нөхцөл байдалтай байна.
БАРИМТ 3
Бэртэж гэмтсэн иргэдийн дийлэнх хувь нь бага насны хүүхэд болон ахмад настай иргэд байна. Эмчид хандаж буй иргэдийн дунд тархи толгой болон гавлын ясны бэртэл давамгайлж байгаа аж. Халтиргаанаас үүдэлтэй яс, үе мөчний гэмтэл түгээмэл байна. Мөн цээж хэвлийн битүү гэмтэл, яс хугарах, явганаас унасан тохиолдолд хөлийн шагайны яс болон гадуур хавчуур яс гэмтдэг байна. Гараараа тулж унасан тохиолдолд гарын бугуйнаас доогуурхи яс хугарч гэмтдэг байна.
БАРИМТ 4
Халтиргаанаас болж гэмтсэн иргэдийн дуудлага өгсөн байдал болон эмчид хандсан цагаас харвал хичээл орох тарах үеэр ихэвчлэн гэмтсэн байна. Мөн ажлын цаг эхлэх, тарах үеэр хотын ихэнх чиглэл тэр чигтээ түгжирч, 30 минут яваад хүрдэг газар гурван цаг явж байж очиж байгаа талаар иргэд бухимдаж байгаа юм. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хөдөлгөөний хурдыг сааруулж байгаа аж. Түүнчлэн иргэд автобусны буудал дээр нийтийн тээвэр хүлээж өглөө оройдоо доод тал нь 30 гаруй минут хүйтэнд зогсож байгаа дүр зураг хаа сайгүй ажиглагдаж байгаа билээ.
У.УРАНЦЭЦЭГ
Medee.MN
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо