Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хан-Уул дүүрэгт байрлах “Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатртай танилцсаныхаа дараа тэрбээр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр:
Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа. Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна. Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог.
Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя. Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй. Яавал бага хохиролтой гарах вэ? Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдэж байвал бага хохиролтой гардаг. Жишээ нь, Япон Улсад газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа. Яг өнөөдрийнх шиг ийм хүйтэнд, өвлийн улиралд, Монголд, Улаанбаатарт газар хөдөлбөл яах вэ? Энэ бол жинхэнэ гамшиг болно. Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа. Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай.
Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар хөдлөлтийн аюул ойрхон зүйл.Зөвхөн бэлтгэл, сургуулилтаар энэ бүхэн дуусаасай гэж бид үргэлж залбирч байгаа. Гэхдээ үүнд манай нийт иргэд бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг хангахын тулд хийж байгаа хөрөнгө оруулалт, ажил бол нийслэлийн Гамшгаас хамгаалах газар дээр байрласан Сургалтын төв юм. Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье. Баярлалаа” гэжээ.
PAPARATSI.MN
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо