МУГЖ, Монголын кино урлагийн алтан үеийн төлөөллийн нэг жүжигчин Т.Кармагийн талаар өмнөх долоо хоногт таагүйхэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Түүнийг хэл ярианы хөгжил муутай бяцхан шавь нартаа хичээл зааж байхдаа элдэв байж боломгүй үгс хэрэглэн, гутаан доромжилж, харааж загнаж байсныг бичлэг болгон үйлдээд хэвлэл мэдээллийн хэрэслээр ил болгож Монголын мянга мянган ард иргэдийн сонорт хүргэсэн нь тийм ч таатай зүйл биш байлаа. Харин энэ үйлдлийнхээ талаар МУГЖ Т.Карма дараах дэлгэрэнгүй мэдээллийг хийснийг уншигч танд бүрэн эхээр нь хүргэж байна.
Жүжигчин Т.Карма миний бие сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа өөртэйгээ холбоотой асуудлаар нэр бүхий сэтгүүлчдэд гомдол гаргахын өмнө болсон явдлын талаар олон нийтэд нээлттэй тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. 2016 оны 11-р сарын 2-ны өдрийн 12 цагийн орчим “Ийгл” телевизийн сэтгүүлч Болортуяа, зураглаачийнхаа хамт албан ажлын өрөөнд минь дайран орж ирээд, гэмт хэрэгтнийг илрүүлсэн мөрдөн байцаагч мэт ойлгомжгүй асуудал тулган шууд байцааж эхэлсэн. Гайхан балмагдсан би, асуудлыг тодруулж өгөхийг хүсэхэд “-Гомдлын дагуу явж байна. Та хүүхэд дарамталдаг хүн байна. Хичнээн хүүхэд дарамталсан бэ?” гэсэн сонин асуулт тавьсан. Би бүр ч их гайхаж: -Би олон хүүхдийг хэл ярианы бэрхшээлээс салгасан хүн. Өнгөрсөн хугацаанд нэг ч эцэг эхээс гомдол ирээгүй. Чухам хэн гэдэг хүүхдийн эцэг эхээс та бүхэнд ямар гомдол очсоныг тодруулж өгөөч? гэж хүсэхэд: -Үүнд хариулах шаардлагагүй.
Бид мэдээллийг нууцлах эрхтэй. Таны хүүхэд дарамталж байгаа бодит мэдээлэл, бичлэг бидний гарт байгаа гээд элдвийн асуултаар булж, загнах, сүрдүүлэх хандлага гаргасан. Би учрыг юу ч ойлгоогүй учир түүнд тайлбар өгөхөөс татгалзсан. “Хэн гэдэг хүний гомдлоор намайг буруутган загнаад байгааг ойлгохгүй байна, тиймээс ямар нэг ярилцлага өгөхгүй, зураг авахуулахгүй” гэсэн. Тэд надад зураг дүрс аваагүй, тайлбар ч аваагүй гэдгээ мэдэгдэж, зураглаач нь унтраасан камераа буруу харуулаад сууж байсан. Болортуяа гарахдаа “Чимэддондог гэдэг хүн гомдол гаргасан, өөр илүү мэдээлэл өгөхгүй” гэж хэлсэн. Гэтэл тэд миний итгэлийг эвдэж, нууцаар зураг авсан байсан. Тэрхүү зөвшөөрөлгүй авсан бичлэг, яриагаа сэтгүүлч Болортуяа 11-р сарын 7-ны өдөр “Ийгл” ТВ-ээр цацсан. “Ийглийн” мэдээг зарим вэб сайтууд хуулан тавьж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд олон хүн шэйрлэсэн. Одоо ч тавьсаар байгаа. Нэг ёсондоо Карма гэдэг хүнийг үзэн ядах давалгаа зохион байгуулалттайгаар өрнөж эхэлснээс хойш яг 7 хонож байна. 2016 оны 11-р сарын 7-ноос хойш надад олон нийтийн зүгээс маш их дарамт ирсэн, сэтгэлзүйн хувьд хүнд цохилтод ороод байна. Би гэртээ харьж ч чадахгүй, гудамжаар тайван алхаж ч зүрхлэхгүй, даралт ихдээд олон хонож байна. Болсон явдлын учрыг мэдэхгүй байж, зүсийг нь ч харж байгаагүй олон хүн намайг эчнээгээр доромжилж, занаж байгааг би харж л байна. Болортуяа сэтгүүлчийг явсны дараа би бүртгэлийн дэвтрээ шүүж, овгоор нь хүүхдийг хайсан. Тэгээд болсон бүх үйл явдлыг сэргээн санасан. Яагаад тийм бичлэг хийгдсэн талаар хэлэх үг ч надад байгаа. Хэрвээ сэтгүүлч Болортуяа надтай мэргэжлийнхээ ёс зүйн дагуу харьцаж, авсан мэдээллийнхээ үнэн мөнийг тодруулахыг хичээсэн бол, бэлтгэж байгаа мэдээллээ тэнцвэртэй, үнэн байлгахыг хүссэн бол өнөөдрийн энэ гомдол бичигдэхгүй байсан юм. Одоогоос 2 сар гаруйн өмнө, 2016 оны 8-р сарын 16-нд над дээр хоёр залуу хүүгээ дагуулж ирсэн юм. Хүүгийн эрх ашгийг хүндэтгэж, нэр, сургууль, хаягийг нь дурдмааргүй байна. Би сургалт явуулсан хүүхэд бүртээ тэмдэглэл хөтөлдөг бөгөөд тэрхүү тэмдэглэлийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдэд үзүүлэхэд ч бэлэн байна. Хүүгийн анх ирсэн байдлын талаар тэмдэглэлд “эрүү зуулттай, ж, ч, ш, з, ц, с, л, р, м гийгүүлэгч авиаг дуудаж чаддаггүй. 29-р сургуулийн хэл заслын багш дээр 2 жил хичээллэсэн ч үр дүн гараагүй, өөртөө итгэлгүй” гэсэн эцэг эхийн хэлсэн тодорхойлолт бичигдсэн байгаа. Хүүг шалгахад “М” үсгээс бусад нь засагдаагүй хүнд хэлбэрийн буруу зуршилтай хүүхэд байлаа. Би юу ч гэсэн адил төстэй Л, Р үсэг дээр нь ажиллая гэдгээ аав ээжид нь хэлсэн. Нэгэнт эцэг эх нь надад найдаад авчирсан учраас “энэ хүүг заавал засъя, чадлынхаа хэрээр хичээгээд үзье” л гэж бодсон. Халширч бэрхшээгээгүй, бусад хүүхдээс хэд дахин илүү хүч гаргаж, шургуу ажилласан. Би хүүхдэд ойлгуулан ухааруулах, харьцуулах, магтах зэмлэх, аргадах, урамшуулах, гуйж гувших, уурлаж загнах гээд олон л аргыг хэрэглэдэг. Хүүгийн хэл хэллэгийг засахын тулд янз бүрээр оролдсон, мэддэг чаддаг бүхнээ л шавхсан. Гэвч ямар ч үр дүн гараагүй. Би цөхөрч эхэлсэн, гэхдээ шантраагүй, ямар сайндаа ганц удаа “Р” үсэг үл ялиг чичирч хэлэхэд нь магнайгаа хагартал баярласнаа бичиж үлдээсэн байх вэ дээ. Тэр хүүтэй ганцаарчлан хичээллэж байсан болохоор бусад хүүхдийн дэргэд ичээж зовоосон, бусадтай харьцуулан дарамталсан ямар ч зүйл байхгүй ээ. 2016 оны 9-р сарын 5-нд хүүгийн эцэг ирээд “Бид хүүгээ сургалтад явуулахаа болилоо” гэж хэлсэн. Өөр нэг ч гомдлын үг унагаагүй, юу ч болоогүй юм шиг хүүхдээ авч явсан. Гэтэл тэр эцэг хоёр сарын дараа миний эсрэг гомдлоо “Ийгл” телевизийн сэтгүүлч Болортуяад гаргасан юм байна. Хамгийн сүүлийн хичээл дээр хүүгээрээ нууцаар бичлэг хийлгэснийг би мэдсэн.
Тухайн өдөр тэр хүүхэд аавынхаа даалгавараар диктофон зүүчихээд орж ирсэн учир, огт ингэдэггүй байсан атлаа уур, цухлыг минь хүргэх гэж зориудаар хэлээ хөдөлгөхгүйгээр зангируулаад хөдөлгөхгүй байсан юм билээ. Хичээлийн дараа нь миний бие муудаж, зүрх салгалаад, уул нь ийм хүүхэд биш л юмсан, ямар сонин юм бэ гэж гайхаад өнгөрсөн. Тэр бичлэгээс миний цөхрөнгөө барж, тэсэрч байсан хэсгийг зориуд таслан авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацуулсан юм байна. Намайг гутаан доромжлохын тулд удаан хугацаанд бэлтгэж, бүх талаар судалж, олон баримт цуглуулжээ гэдгийг би тэгэхэд л ойлгосон. Би Монголын урлагт насаараа зүтгэж, гадаад, дотоодын 1000 гаруй кинонд дуу оруулсан, олон түмэндээ танигдсан уран бүтээлч хүн. Зүгээр гудамжинд гүйж яваад ашиг хөөж сургалтын төв нээсэн ч юм биш, Улсын Багшийн Дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн, сурган, сэтгэл зүй үзсэн хүний хувьд, хойч үеийнхнийхээ ярих чадварыг хөгжүүлэх юм сан гэж бодож явсан эх хүний хувьд 2016 оны 6-р сарын 1-нээс сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд намайг зорьж ирсэн цөөнгүй хүүхэдтэй ажилласан. Хэрвээ би үргэлж хүүхэд загнаад, дарамтлаад байдаг бол энэ олон эцэг эх, ийм олон хүүхэд над дээр ирэхгүй шүү дээ. Миний талаар таагүй мэдээлэл цацагдаад энэ олон хонож байхад ахиж ямар ч эцэг эхээс хүүхдийг нь загнасан, дарамталсан гэсэн гомдол гарахгүй байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа байх. Дахин хэлэхэд сургалтанд минь нэг ч гомдсон хүн байхгүй. Баярласан талархсанаа хэлж нүүр дүүрэн мишээгээд гардаг эцэг эхчүүдийг хараад би ч бас баярладаг. Ажлын ачаалал, ядаргаандаа цухалдан тамирдахдаа хэлсэн үгнийхээ төлөө би түмний өмнө уучлалт гуйж чадна. Харгис хэрцгий, хар сэтгэл надад байхгүй. Би хүүхдийн төлөө 12 удаагийн оролтоо сунгаж, олон хоногоор хэтрүүлж үргэлжлүүлэн ажилладаг. Хүнд амьдралтай хүүхдүүдийг төлбөргүй авдаг, заримд нь хөнгөлөлт үзүүлдэг, цаг хоног сунгах ч тохиолдол гардаг. Миний ажил хүнд бөгөөд амаргүй ажил, зарим үед би өөрийн эрхгүй сөхрөх үед, үеийн настай найз нөхөд минь намайг хараад биеэ бодоорой найз минь гэж үргэлж хэлдэг.
Би ядраагүй юм шиг байхыг хичээдэг..Ядарч ядарч сайхан болсон хүүхдээ хараад бүх ядаргаа арилсан байдаг. Би сэтгэлээрээ хүн,ясны хөдөлмөрч учраас маш их тэвчээр зааж ажилладаг гэдгээ бас хэлмээр санагдлаа. Ажлын явцад миний цөхрөнг барсан ганцхан хүүхэд бол Чимэддондогийн хүү. Энэ дүгнэлтийг ч би дэвтэр дээрээ тэмдэглэсэн байгаа. Түүнээс өөр хүнд хэлбэрийн хүүхдүүд хааяа ирдэг л дээ. Гэхдээ тэд надад “нар” үзүүлж, намайг баярлуулж байсан... Инээдтэй нулимстай, баяртай хөөртэй, гомдсон, баярласан гээд л би тэдэнтэй хүүхдийн сэтгэлээр ханддаг. Зарим үед өөрөө ч уйлж байсан тохиолдол бий. Тэгж нухаж байж, овоо болгосон хүүхдээ хараад, сэтгэлд нар гийх шиг л болдог. Би тийм л “нар”-ыг Чимэддондогийн хүүгээс харахыг хүссэн. Тэр хүүхэд бол 5 настай балчир биш, 5-р ангийн сурагч, багшийн үгийг ойлгохтойгоо болсон өсвөр насны хүү. Хэл ярианы хөгжил муутай л болохоос оюуны хомсдолтой, эмзэг хүүхэд ч биш. Дунд сургуулийн 5-р ангийн сурагч ямар түвшний мэдлэг, чадвартай байдгийг эцэг эхчүүд мэднэ. Мэдээж болсон явдалд би өөрийгөө огт буруугүй гэж хэлэхгүй. Хэрвээ нууцаар бичсэн бичлэгийг бүгдийг нь сонсвол аргадаж эхлээд аргаа барж цөхөрсөндөө аашилсан багш хүний дүр л харагдах байх. Гэтэл уурлаж, аашилсан хэсгийг нь тавьж, олон нийтэд миний нэр төрийг нь гутаах сэтгүүлч хүний ажил гэж үү. Ер нь бид хүний үгийг сонсохоо больж дээ. Хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд аргаа барсан эцэг эхчүүд зорьж ирээд, “манай хүүхэд бүүр үг сонсохоо байчихаад байна, хүүхдийг минь сайн загнаад өгөөрэй, загнуур дутаад байгаа нөхөр” гэж гуйдаг тохиолдол ч байдаг. Ер нь багш хүүхдээ өөрчлөгдөөсэй, өөрийгөө дайчлаасай гэсэндээ загнаж зэмлэдэг шүү дээ. Гэхдээ би дандаа уурлаагүй. Би ээж аавд нь хэлний байрлал зааж өгч, хүүхэдтэй яаж хичээллэх тухайгаа үргэлж хэлдэг байсан төдийгүй,хүүхэддээ дуу хураагч зүүж өгч явуулсаны дараа ч уулзахдаа биеэрээ,өөрийнх нь хэлэн дээр нь учир шалтгааныг нь хэлж өгч цаашдаа яаж ажиллах бас над дээр ирж зөвлөгөө аваарай гэж хэлсэн. Би одоо ч тэр хүүхдэд санаа зовж байна. Хэлэнд нь. бас хүмүүжилд нь... Одоо би “ Лалар” гэдэг үгийг сургалтандаа ашигласан талаар тайлбар хэлье. Л, Р үсэг байрлалын хувьд хамааралтай учир лрлээ- илэрлээ, лрлаа- лаларлаа, болор- болорлоо, лалар, баярлалаа гэх зэрэг үгийг ашигладаг. Лалар гэдэг үг бол самгард гаралтай, цохон дээрээ ганц нүдтэй бурхны нэр бөгөөд Монголын нууц товчоонд Духан дээрээ ганц нүдтэй Дува сохор гэж гардаг шүү дээ. Орчин үед энэ үгийг доромж утгаар нь хэрэглэдэг болжээ. Миний хувьд энэ үгийг сургалтандаа ашигласан болохоос доромж утгаар ашиглаагүй. Мөн хэлний байрлалыг засахын тулд халбага мод хэрэглэдэг. Халбага модоор хэлийг засаж өгдөг. Эмнэлэг дээр хүүхдийн хоолой үзэхэд модон халбага ашигладаг шүү дээ. Үг хүлээж авахгүй болохоор нь бухимдсандаа барьж байсан сургалтын хэрэгсэл буюу модон халбагаа “гударчихмаар” гэж хэлдэг нь санаандгүй үг. Сургалтанд ашигладагийг нь мэддэггүй хүмүүст буруу утгаар ойлгогдох нь аргагүй ээ. Сургалт авсан эцэг эхүүд энийг сайн ойлгож байгаа. Өөрснөө надад халбага модоо авчирж өгдөг. Нэр төр, эрхэлж буй ажилд минь халдсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхлүүт би хүүгийн эцэг эхтэй холбоо барих гэж оролдож, хөөцөлдөж явсаар аав Ц.Чимэддондог нь МҮОНРадиогийн улс төрийн редакцид редактор байсан, одоо Хэвлэлийн хүрээлэнгийн менежментийн албаны дарга, сэтгүүл зүйн багш. Ээж Т.Гүнжидмаа нь мөн Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албаны дарга байгаад одоо тус хүрээлэнгийнхээ гүйцэтгэх захирлын орлогч, “Сэтгүүлч” коллежийн удирдах зөвлөлийн гишүүн хийдгийг мэдсэн. Ц.Чимэддондог, Т.Гүнжидмаа нар хоёулаа монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг сахиулах үүрэгтэй, түүнд хяналт тавьдаг Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд гэдгийг сонсоод миний бие үнэхээр харамсаж байна. Яагаад ийм мэргэжлийн хүмүүс байж мэдээллийг бодитой баримттай өгч болоогүй юм бэ? Яагаад залуу сэтгүүлч Болортуяад болсон явдлыг бүгдийг үнэнээр нь хэлэлгүй, зөвхөн намайг буруутгах зорилготойгоор явуулсан юм бэ? Хэрвээ үнэхээр надад гомдсон, сургалтад минь сэтгэл дундуур байсан бол яагаад иргэнийхээ хувьд шүүхэд хандаж, гомдлоо гаргасангүй вэ? Үгүй ядаж, хүнийхээ хувьд санал гомдлоо хэлж болоогүй юм уу? Энэ мэт олон асуулт бодогдож байна. Намайг Чимэддондогтой уулзаж, буруу зөвөө шулуухан ярилцахад надад ерөнхийдөө ойлголцолд хүрлээ гэдэг сэтгэгдлийг төрүүлээд:” Та ажлаа тайван хий. Би Ийглийнхэнтэй утсаар ярья” гэхээр нь би орхисон. Нэвтрүүлэг гарах сураг сонсоод Чимэддондогтой дахин холбогдоход “Би Ийглийнхнийг гуйлаа. Миний үгийг хүлээж авсангүй” гэхээр нь “Ийгл” телевизийнхэнтэй очиж уулзсан. Мэдээний албаны ерөнхий редактор Хулан намайг уурлаж загнасан, сэтгүүлч Болортуяа уулзахгүй зугтаасан. Ийгл ТВ-ийн захирал Бадамдорж нь “Та нэгэнт хар мэдээгээр тэнцвэргүй мэдээлэлтэй гарчихсан юм чинь одоо цагаан мэдээгээр гарчихвал тэнцвэржчихнэ” гэж тайвшруулж хэлж байсан. Би ямар хараар будаж нэг гараад, цагаанаар будаж нэг гардаг Ийгл ТВ-ийн мэдээний цаг бөглөдөг хүүхэлдэй юм уу. Би дахиж хэзээ ч цагаан мэдээгээр нь орохгүй, ТВ-ээр нь гарахгүй гэдгээ мэдэгдэж байна. Ийглээр тэнцвэргүй хар мэдээлэл цацагдах нь нэгэнт тодорхой болсон учир шуугианыг хүлээцтэй давахаар шийдсэн юм. Чимэддондог надад хэлэхдээ: “5- 6 удаа явуулаад хүүхэд дургүйцэж эхлэхээр нь би диктофон зүүлгэж оруулсан” гэхэд нь би “Та яагаад надад эхэлж хэлээгүй юм бэ? Яагаад нууцаар хийсэн бичлэгээ дарж, дарж 2 сарын дараа гаргаж ирэхдээ өөрөө ард нь нуугдчихаад залуу сэтгүүлчдийг ажил мэргэжил, албан тушаалаа ашиглан нэр төрд минь халдсан мэдээлэл цацуулах гэж байгаа юм бэ? Гэхэд “Би ажил мэргэжлээ урвуулан ашиглаагүй. Эцгийн хувьд, хувийн журмаар хандсан” гэж хэлсэн. Хэрвээ энэ хүн иргэний хувьд эцэг хүний байр сууриар хандсан бол надад мэдэгдэлгүй телевизэд хандахын оронд иргэний гомдол барагдуулдаг шүүхэд хандах ёстой байсан юм. Эхнэр Гүнжидмаа нь: Манай нөхөр их гомдсон. Удаан бодож ийм шийдвэр гаргасан гэж утсаар хэлсэн...
Тэд Хэвлэл Мэдээллийн Ёс зарчмыг доорхи байдлаар зөрчжээ.
Үүнд:
1. 1.5 дахь заалтад байгаа “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэсэн зарчмыг зөрчсөн.
2. 1.8 дахь заалтад байгаа “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэсэн зарчмаа баримтлаагүй. Эх сурвалжтай хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэлгүй харьцсан. Бодит байдлыг хэлэхээр очиход уулзахгүй зугтаасан.
3. “2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй” гэсэн ёс зүйн үндсэн зарчмаа зөрчиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах мэдээллээ шударга бус аргаар бэлтгэсэн.
4. 2.2 Ийгл телевизийн сэтгүүлч Болортуяа мэдээлэл олж авахдаа “дарамтлах, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийхгүй байх” зарчмыг зөрчиж, “зураг дүрс аваагүй” гэж хэлсэн мөртлөө нууцаар бичлэг хийж, түүнийгээ цацсан.
5. Сэтгүүлч Ц.Чимэддондог, Т.Гүнжидмаа нар эцэг эх хүний хувьд хүүгийнхээ сургалтад хяналт тавьж, хичээлийн явцын бичлэгийг хийж болох эрхтэйг хүлээн зөвшөөрч байгаа ч, мэргэжлийн сэтгүүлч, сэтгүүлзүйн багш хүний хувьд шударга бус аргаар олсон мэдээлэл буюу хүүгээрээ нууцаар хийлгэсэн бичлэгийг санаатайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулсан үйлдлийг мэргэжлийн ёс зүйн алдаа гэж үзэж байна.
6. “3. Хэнийг ч ялгаварлахгүй” гэсэн ёс зүйн үндсэн зарчмаа зөрчиж, Ц.Чимэддондогийн өгсөн мэдээллийг зөв гэж үзээд, нөгөө эх сурвалж болох миний үгийг сонсохыг ч хүсээгүй.
7. “4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэсэн зарчмыг зөрчсөн.
4.2-т заасан “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн зарчмыг умартаж, надтай гэмт хэрэгтэн мэт харьцсан.
8. “5.Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэсэн ёс зүйн зарчмаа зөрчиж, хүүд хичээл заасан 1 цаг 30 минутын бичлэгээс тастан авч, мэдээллийг мушгин гуйвуулсанд харамсаж байна. Энэ бол эхийг бүрэн уншихгүйгээр ганцхан үг, ганцхан өгүүлбэрийг таслан авч, эсрэг утгатай нийтлэл бичсэнтэй адил үйлдэл. Хэрвээ тэрхүү бичлэгийг бүрэн эхээр нь сонсвол багш миний хичээлээ заахын тулд яаж мэрийж, бас хэрхэн цөхөрч байгаа нь мэдрэгдэх байх аа.
9. “6.3 Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг ”Олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй” гэсэн ёс зүйн зарчмыг зөрчиж, зориуд шуугиан тарьж, хэвлэл мэдээллийн олон сувгаар миний нэр төр, амьдрал, ажилд шууд болон шууд бусаар халдан доромжилсонд гомдолтой байна. Энэхүү зохион байгуулалттай тараасан мэдээллийг зөвхөн хувь уран бүтээлч надад хандсан гомдол гэж уучлаад өнгөрөхийг оролдсон боловч сүүлийн үед надад олон хүний зүгээс ирж байгаа дарамт, доромжлол хэрээс хэтэрч, улмаар аюулгүй байдалд минь ч заналхийлэх хэмжээнд хүрээд байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 110, 111-р зүйлийн дагуу шүүхэд хандах үндэслэлийг ч бүрдүүлээд байна.
Иймд сэтгүүлч Ц.Чимэддондог, Т.Гүнжидмаа, Болортуяа, мөн мэдээллээ нягталж, тэнцвэртэй мэдээлэл цацахаас татгалзсан “Ийгл” ТВ-ийн Мэдээний алба, эх сурвалжаас баталгаажуулаагүй мэдээллийг олон нийтэд тараасан Dorgio.mn,factnews.mn, unuudur.mn, jirgee.mn, cityinfo.mn сайтыг Монголын Хэвлэлийн мэдээллийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл мэргэжлийн ёс зүйн зарчмаа барьж, гомдлыг шударгаар, нээлттэй хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргана, гаргасан алдааг засч, залруулна гэдэгт итгэж байна. Мэргэжлийн сэтгүүл зүйн олон жилийн туршлагатай багш нар ийм алдаа, зөрчил гаргаж байгаад дүгнэлт хийж, Монголын сэтгүүлчдийг мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримталдаг болгохын тулд дорвитой ажил хийхийг та бүхнээс хүсч байна. Миний бие ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж, шударга, үнэний төлөө ажиллаж байгаа, мэргэжлийн ёс зүйгээ баримталдаг сэтгүүлчдийг буруутгаагүй гэдгээ энд зориуд цохон тэмдэглэе.
МУГЖ. хэл ярианы урлагийн багш Т.Карма 2016 оны 11-р сарын 14
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...