Марк Цукербергийг Германд мөрдөн шалгаж эхэлжээ


Facebook-ийг үндэслэн байгуулагч Марк Цукербергийг германы Мюнхений прокурорын газар мөрдөн шалгаж эхэллээ гэж Spiegel хэвлэл мэдээллээ. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар бол америкийн компанийн гүйцэтгэх захирал Шерил Сэндберг, европын холбоон дахь хоёр ч лобистыг шалгаж байгаа юм байна. 


Нийгмийн энэ сүлжээний эсрэг германы Вюрцбург хотод амьдардаг хятад гаралтай нэгэн гомдол гаргасан юм байна. Тэрээр Facebook нь нийгэмд аюултай мэдээлэл, ялангуяа аймаглан устгах гэмт хэргийн тухай, аллага хүчирхийлэл сурталчилж байна гэж гомдолложээ. Энэ талаар олон тооны гомдол гарсаар байгаа ч Facebook ийм мэдээлэл огт тоомсорлохгүй няцаалт хийхгүй байгаа гэж гомдол гаргагч үзжээ.

 
Энэ талаар үндэслэн байгуулагч Цукерберг хоёрдугаар сард “Энэ маш чухал асуудал. Хейтерүүд бол аймшигтай, тэдэнд Facebook-т орон зай байх ёсгүй. Германд ийм асуудал байхад бид тун бага анхаарч ирсэн. Гэхдээ үүнийг шийднэ гэж би амлаж байна” гэж мэдэгдэж байсан юм. 

 

Эх сурвалж: www.assa.mn