Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан юм. Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлж, албан ёсны баримт бичигтэй болсон билээ.
Уг хөтөлбөрийг энэ сарын 2-ны өдрийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх санал оруулсан ч дэмжигдээгүй юм.
Дээрх саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн ес нь буюу Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нар дэмжээгүй байна. Харин Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Н.Учрал, Л.Энхболд нарын таван гишүүн авлигын хэргээр ял шийтгэгдсэн хүнийг төрийн өндөр албанд томилохгүй байх саналыг дэмжжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Авлигын хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүсийг төрийн өндөр албанд ажиллуулахгүй гэсэн санал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Эсэргүүцэж байгаа гишүүд юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр нэг хүнийг дахин дахин шийтгэж болохгүй, нэгэнт ял шийтгэлээ авчихсан байхад төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж байсан. Би хувьдаа энэ асуудлыг Авлигатай тэмцэх хөтөлбөртөө тунхагийн зарчмаар заавал оруулах ёстой гэж үзэж байгаа юм.
Хөтөлбөр гэдэг бол шударга ёсыг тогтоож байгаа явдал. Тиймээс өмнө нь авлигын хэрэгт холбогдож байсан хүн төрийн өндөр албан тушаалд очих ёсгүй. Энэ бол ёс зүйн асуудал” гэв.
Харин Ж.Ганбаатар гишүүний гаргасан саналыг дэмжиж байгаа зарим гишүүд “ёс зүйн хувьд бэлтгэгдсэн, хувь хүний хувьд хариуцлагатай болж байж төрийн өндөр албан тушаал хаших ёстой. Тийм учраас авлигын хэрэгт холбогдсон хүн төрийн өндөр албан тушаал хашна гэдэг ёс зүйн хувьд зохимжгүй юм. Энд зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудыг гэсэн. Төрийн жирийн албан хаагчид, төрийн өмчит компанийн ажилчдыг хамааруулаагүй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ