Apдчилсан нам уг нь залуу нам. Нас сүүдэр 95 хүрсэн гэх МАН-ын дэргэд 26-хан настай гэж болно. Улс төрийн болоод биологийнхоо насны хувьд тэтгэвэртээ гарах арай л болоогүй байх учиртай. Гэтэл АН хэдийнэ тэтгэвэрт гарсан тухай, өвгөрч уймарсан тухай хүн бүхэн л ярих боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан нь л АН-ын хамгийн том алдаа болж таараад байна. Учир нь тэд засаглаж чаддаггүй гэх үгийг дахин нотолсон юм. Дахин гэдгийн учир нь 1996-2000 онд гаргасан алдаагаа яг тэр хэвээр нь 2012-2016 онд давтсан. Үүнийхээ ч горыг амсаж, УИХ-ын сонгууль болоод орон нутгийн сонгуульд дарааллан ялагдлаа.
Уг нь хийсэн гэж ярьвал хэлэх үгтэй нам. “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон”, “Гудамж төсөл” хэрэгжүүлсэн”, “Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон”, “Найман хувийн зээлээр 405 мянган иргэнийг орон сууцаар хангасан” гэх мэт гавьяатай үйлс бас бий.
Гэвч улс төрийн намууд дурсамжаараа амьдрах, өнгөрсөн түүх, гавьяаг өмчлөх, булаацалдах, гай алдааг өөрөөсөө түлхэх, бусдад нялзаах зэрэг үзэгдэл бол хүсүүштэй үр дүнд хүргэдэггүй. Учир нь улс төрийн нам төрийн эрхийг барьж, улс орны хөгжил дэвшил, ирээдүйн жолоон дээр суух зорилгыг хэрэгжүүлдэг субьект. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн рүүгээ бага өнгийж, ирээдүй рүү их өлийх ёстой.
Одоо Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу, эс чадах уу гэдэг зааг дээр ирээд байна. Шинэчлэгдэж чадахгүй бол 2020 оны сонгуульд мөн л далаараа цэвэр тавиулж мэднэ. Тиймээс АН-ын өнөөдрийн хийх шинэчлэл нь 2020 оны үр дүнг сонгох тун хариуцлагатай шийдэл болж таарч байна.
МАН-ыг улс орны аливаа ололт амжилтыг өөрийн намын гавьяа гэж өмчилдөгт АН-ын зүгээс байнга дургүйцлээ илэрхийлдэг. МАН өнгөрсөнд ургасан өвс бүрийг манай нам ургуулсан гэж өвчигнөдөг тал бий. Харин одоо тэгэх боломж нь хумигдсан. Учир нь тэдний өмнө чилийсэн дөрвөн жилийн сорилт хүлээж байгаа. АН-ыг дөрвөн жилд дүгнэж чадсан шигээ МАН-д ч дөрвөн жилийн дараа дүнгээ тавьчихаж дөнгөнө.
Харин АН-ын хувьд одоо өнгөрснийг ч, ирээдүйг ч ярихад ярвигтай цаг хугацааг туулж байна. “Муу ламын дүвчин их” гэдэг дээ. Хүн хөгшрөхөөр хүүхэд нохойн доог болно гэж. АН-ын хувьд ийм л дүр зурагтайгаар өдөр хоногуудыг өнгөрүүлэх болсон нь гашуун боловч үнэн. Хүн ирээдүйгээ биш, өнгөрснөө илүү их ярьдаг болоод эхлэхээрээ хөгширч байгаагийн шинж гэдэг. Улс төрийн намд ч ялгаагүй ийм л зарчим үйлчилдэг. Тиймд АН өнгөрснөө бага ярьж, бага дурсаж, харин ирээдүйгээ илүүхэн ярих учиртай. АН-ын хувьд ирээдүйд чиглэсэн бодлого шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэхээс унах, босох нь шалтгаална.
Ямар тохиолдолд гавьяаныхаа амралтад гардгийг хүн бүр мэднэ. Хийж бүтээсэн бүхэнд тань талархаж байна, одоо цаашид хийж бүтээх хүсэл эрмэлзэл байвч бие, нас тань түүнийгээ гүйцэхгүй болжээ гэж үзээд тэтгэвэрт гардаг тийм л ил шулуухан ёсон. АН-д ингэж хэлэх цаг болсон эсэхийг мэдэхгүй ч “Ардчилсан нам үүрд баяртай” гэж хэлэхийг бол хүсэхгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа