Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ” гардуулж өгсөн байна. Гэрэгэ нь жуух бичиг, баталгаа, гэрчлэх тэмдэг гэсэн утгатай үг. Түүх шастирт олонтаа тааралдах тэрхүү гэрэгэг монголчууд аль Хүннү, Киданы үеэс л харь оронд илгээх элчдээ өгч хааны зарлигийг дамжуулдаг, гэрэгэ бүхий элч одвоос зам тохиолдох эзэнт гүрний газар бүр түүнд унаа, хүнс залгуулж нийлүүлдэг байсан ажээ. Нэг ёсондоо өнөө цагийн дипломат буюу цэнхэр паспорт л гэсэн үг.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга нарт гардуулдаг “Гэрэгэ”-г жинхэнэ утгаар нь ухаж ойлгох уу, эсхүл одон, медаль маягаар хэрэглээд байна уу гэдэг нь сонин юм. Ямар ч утгаар хэрэглэсэн байлаа энэ удаагийнх нь арай л дэндүү яарчээ. Хэдхэн хоногийн дараа болох гэж буй Эзэн Чингисийн төрсөн өдөртэй давхцуулж, эсхүл тэрхүү өдрөөр олгодог Чингисийн одонтой барьцаж, яаруу сандруу өнөөдөр гардуулаагүй л байлтай.
Тэгээд ч НИТХ-ын 2004 оны 12-р сарын 01-ний өдрийн 14-р тогтоолын дагуу “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г анх бий болгохдоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдон ажиллаж байсан хотын дарга нарт 001 дугаартайгаас эхлэн гардуулж, дурсгал болгодог уламжлал тогтсон байх юм. Гэтэл Су.Батболдын хувьд ажлаа аваад 100 хоноод л Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанаар бүх төлөөлөгчдөө номхон зогсоож байгаад энэхүү Гэрэгэг гардан авч байгаа нь эгээ л Ю.Цэдэнбал, Л.Брежневийн үе эргэн ирсэн гэлтэй. Уншигчид мартаагүй бол саяхан мэндэлснийх нь 100 жилийнх нь ойг сүртэй тэмдэглэсэн Ю.Цэдэнбал гуай ЗХУ-ын удирдагч Л.И.Брежневт БНМАУ-ын хүндэт иргэн гэж иймэрхүү том тэмдэг гардуулж байсан юм.

Ялгааг ол хэмээх энэ зураг сошиалд ихээхэн тархацтай байна
Тэр цаг үе бол өөр хэрэг, бүх юмны үнэлэмж өөр байсан. Харин одоо бол XXI зуун. Сандуй, Сундуйн хүү хоёр бие биедээ долигонох яах вэ, гэхдээ энэ хоёр тохиолдлын залуу XXI зууны Улаанбаатар хотын удирдлагууд гэдгээ санамаар.
Засаг дарга Гэрэгэг гардан авахдаа “Дэлхийн томоохон хотууд Захирагчдаа ёслол хүндэтгэлийн Гэрэгэ хадгалуудаг уламжлалыг манай нийслэл 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Энэ уламжлалын дагуу хотын даргын хувиар ёслол хүндэтгэлийн Гэрэгэг хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ бол НИТХ-аас болон нийслэлийн иргэдээс надад оноож байгаа томоохон хариуцлага гэж ойлгож байна.
Тиймээс би нийслэлийн Засаг даргын албан үүргээ нэр төртэйгээр биелүүлэх болно” хэмээжээ. Манай Монголоос өөр Гэрэгэ хэрэглэж байсан, нийслэлийн даргадаа олгодог улс орон, хот байдаггүй гэдгийг эрхэм дарга мэддэггүй бололтой.
Нийслэлийн иргэдээс хүлээлгэсэн хариуцлагаа бол Су.Батболд хэдийнэ хүлээгээд авчихсан, одоо үүргээ биелүүлэхээ мартсан юмуу, НИТХ-аас Гэрэгэ гардуулахад нь л хариуцлага үүрч эхэлснээ санаж байгаа юмуу гэмээр. “Аз жаргалтай хот” байгуулна гэж амлаад, төсөл төлөвлөгөө зохиож батлуулчихаад дорвитой хийж бүтээж байгаа нь харамсалтай нь үгүй. Харин оюутнуудын дунд “Аз жаргалтай хот”-ын сэдвээр эссе бичлэгийн уралдаан л зарласан байх юм. Оюутнуудын аз жаргалтай мөрөөдөл ч яахав, аман дээрээ гарч ирээд байгаа иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх л хэрэгтэй байгаа юм даа, эрхэм Нийслэлийн Засаг дарга аа!
Өнөөдөртөө лав манай улсын хамгийн аз жаргалтай хүнийг тодруулбал Нийслэлийн Засаг дарга маань торойх биз ээ.
POLITIK.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна