Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан хатагтай хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох гэж үзээд бараагүй. Сонгуульд ялагдал хүлээсэн нь олон л шалтгаантай болов уу. Өдгөө Эрдэнэвангийн хошуу гэгдэж бичигдэх болсон Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд Л.Амгаланд уг нь давуу тал баймаар. За тэгээд энэ сонгуулиар МАН-ынх бол төлөг байсан ч гарахаар тийм цаг үед өрсөлдчихөөд гарч чадаагүй гэхээр Л.Амгалан гэж хүний улстөрийн карьер угаасаа урагшаа явж дийлэхгүй болжээ гэж харагдаад байгаа юм. Мэдээж явж явж асуудал өөртэй нь л хамаатай. Эргэн санахад, 2013 оны хоёрдугаар сард Баянголын засаг дарга Л.Амгалан Америк руу зугтжээ гэх мэдээллийг хэвлэлүүд бичиж байсан юм. Уг нь тэрбээр оргож зугтаагүй байж болох ч, нөгөө Ч.Сайханбилэгийн хэлснээр тренд болоод байгаа үг болох цаг хугацааны хайчин дунд гэдэг шиг, өөртөө нь холбоотой анхаарал татсан асуудал яригдаж байсан үед гадагшаа явсан нь хэвлэлээр тэгж бичигдэхэд хүрсэн байж болох. Гэхдээ тэгээд цэв цэвэр явахад хир буртаг ирж өөрөө наалддаггүй. Хир буртагтай ойр явахад аандаа л өөрөө хиртчихсэн байдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
2012 оны сонгуулийн үеэр мөнгө төгрөг шамшигдуулсан хэрэгт нэр холбогдож байсан түүнтэй холбогдсон асуудлуудыг Баянгол дүүргийн ИТХ-аар авч хэлэлцсэн нь Америк руу зугтахад хүргэсэн гэх мэдээлэл тухайн үед нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Zindaa.mn сайтад 2013 онд түүний талаар гарсан мэдээллээс иш татахад “Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Амгалан Америк руу зугатсан гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэлүүдийн нүүрийг “чимэв”. Тус дүүргийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш л элдэв янзын идсэн уусан хэрэгт нэр холбогдож байсан төдийгүй АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ /ХОМ/ зарим хөрөнгөө мэдүүлэлгүй нуун дарагдуулсан гэх мэтээр түүний талаар “но”-той асуудлууд хөвөрч байсан ч хүүхэд шиг гэнэн гэнэн зүйл ярьж байгаад “амь аврагдаж” байсныг уншигчид санаж буй биз ээ. Тэр жил, тодруулбал 2009 онд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлснээс гадна төсвийн мөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж албан тушаалаас нь огцруулах асуудал яригдаж байсан билээ. Тухайн үед “Дэлгэрэх” ХХК, байгууллагаас нь буцалтгүй тусламж болгож өгсөн 10 сая төгрөг, хадгаламжийн орлогоо нуусан нь илэрч суудал нь ганхаж эхэлсэн юм. Харин азаар хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн албан тушаалтнуудад УИХ-ын чуулганаар үг хэлэх боломж олгосон. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогоо яагаад нууснаа үнэнээр нь өчих даалгавар авсан хэрэг.
Гэтэл Л.Амгалан дарга “Баянгол дүүргийн долдугаар хороонд орон сууц бий. Түүнийг ХОМ-ийн “барилга байгууламж” гэсэн хэсэгт бичих ёстой байсныг мэдэлгүй үлдээсэн. Үүнд орон сууц биш үйлчилгээний том объектыг л бичнэ гэж ойлгосон. Төрийн албанд ормогцоо “Дэлгэрэх” ХХК-ийг дүүдээ шилжүүлсэн юм. Би өөрөөр үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Бас ногдол ашиг хүртдэггүй. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд миний нэрээр байдаг юм байна лээ. Үүнийг мэдээгүй. Буцалтгүй тусламжаар олгосон мөнгийг тухайн үед хэрэглээд дууссан болохоор бичээгүй. Хадгаламжийн тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газар байхдаа “Голомт” банкны хадгаламжийн дэвтрээр цалингаа авдаг байсан. Тэр үед карт гэж байгаагүй болохоор дэвтэрт хэдэн төгрөг үлдсэнийг шалгаагүй. Асуудал үүсэхээр үзтэл 40000 мянган төгрөг үлдсэн нь 147.000 төгрөг болж өссөн байсан. Санамсаргүй, хайхрамжгүйгээсээ болж ХОМ-т эдгээрийг бичээгүй болохоос нуух санаа байгаагүй” гэнэн царайлсныхаа хүчинд суудалдаа үлдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүд Л.Амгалангийн эл жүжигт итгэсэндээ авч үлдсэн бус намынхан нь олонхийн хүчээр л авч үлдсэн түүхтэй. Харин сая АНУ руу зугатаахад хүргэсэн асуудал нь Баянгол дүүрэгт сургууль болон цэцэрлэгийн харъяалалд байдаг 100 орчим га газрыг зарсан гэх бөгөөд дүүргийн Тамгын газрын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөх нэрээр халхавч хийн 5 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс олгож, түүнээс саяыг нь намдаа хандив болгон авч байгаа нэрийдлээр хувьдаа завшсан гэх асуудал.
Мөн Засаг даргаар ажиллаж байхдаа жилд 8-10 удаа төсвийн мөнгөөр гадаад руу явж байсан нь ч илэрчээ.Тиймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэж шалгуулахаар зэхэж байсан ч үүнийг нь гадарласан Л.Амгалан АНУ-руу зугатаж амжжээ. Гэхдээ түүний эрт эдүгээгийн гаргасан “алдааг” жагсаавал урт дараалал гарч ирнэ. Адгийн наад зах нь Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдоод удаагүй байхдаа Тамгын газрын 15 хүнийг хууль бусаар ажлаас нь халсан байдаг.” гэхчлэн Л.Амгалантай холбоотой гэх нэлээд олон асуудлыг бичсэн байдаг.
Ямартай ч тэгээд Л.Амгалан одоо Монголдоо эргэж ирсэн, саяны сонгуулиар хүч үзээд унасан. Ер нь бол ялагдал үзсэн шалтгаан нь дээр дурдагдсан асуудлуудад нэр холбогдож явсантай нь л холбоотой болов уу. Нэр хугарахаар яс хугар гэж үг байдаг шүү дээ.
Саяны орон нутгийн сонгуулиар штабууд дээр очиж ажиллаад нэлээд идэвхтэй байгаагаа сошиал хуудсаараа харуулсан л байна лээ. Ер нь бол түүнийг намаасаа гайгүй албан тушаал горилж байгаа гэх яриа ойр тойрны хүрээллээс нь гадагшлах болжээ. Яахав тэгээд зүтгэсэн хүн шагнал хүртдэг. Их бага нь л юу юм гэхээс. Уг нь Америк руу зугтаа энэ тэр гэсэн элдэв асуудалд нэр холбогдож байгаагүй бол өдийд Л.Амгалангийн карьер хаа ч хүрэх байсан юм билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна