-Өнөөдөр Монгол бахархлын өдөр-
Монгол Улсын Ерөнхийлегч Цахиагийн Элбэгдорж бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг гаргаснаас хойш таван жил өнгөрч байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг ард нийтээрээ “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ.
Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэх болсон юм. Түүнээс хойш энэ жил 5 дахь удаагаа өнөөдөр бид “Монгол бахархлын өдөр”-ийг монголчууд тэмдэглэж байна.
Монгол хүний бахархал чухам юу вэ гэвэл мөн ч олныг жагсааж болох биз ээ. Дэлхийн талыг эзэлсэн өвөг дээдсийн аугаа түүх хамгийн эхэнд бичигдэх нь тодорхой. Тэртээ XIII зуунд тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Чингис хаан Их Монгол улсыг байгуулснаар бүх монгол туургатан нэгэн төрийн жолоонд нэгдэж, дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж, олон улсад Монголын нэр хүнд өссөн байдаг. Түүнчлэн Чингис хаан Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Ингэснээр хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан гэж судлаачид дүгнэжээ. АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ.
Баллуурдах аргагүй баатарлаг түүхийн үргэлжлэл болсон шинэ цагийн Монгол Улсын иргэдийн бахархал өнөөдөр юү байна вэ. Хүн бүр өөр өөрөөр хариулах биз. Төв Азийн элгэн дэх өргөн уудам газар нутаг, уул ус, говь, хангай хосолсон Монгол орон, онгон дагшин байгаль, монгол хэл, соёл, босоо монгол бичиг, үндэсний дээл хувцас, наадам, цагаан сар, хүлэг морьд, хоёр бөхт тэмээ, тал дүүргэсэн хонь, ямаа гээд тоочоод байвал дэлхийн хаана ч ижилсэхээргүй олон сайхан бахархал бидэнд бий. Салбар салбарт бахархам амжилт гаргагсад, олимпийн дэвжээнээ нэрээ дуурсгасан тамирчид, уран бүтээлчид гээд “МОНГОЛ” гэх нэрийг дуурсгаж, бусдаас ондоошуулж байгаа бүхэн бидний бахархал билээ.

Монгол бахархлаар овоглосон энэ өдөр бүгдээрээ МОНГОЛ-оороо бахархацгаая. Монгол хүн болж төрснөөрөө бахархацгаая. Монгол хүн Монголын баялаг учраас та өөрөөрөө, төрүүлж өсгөсөн ижий аав, хань бүл, үр хүүхэд, ахан дүүс, цаашлаад элэг нэгтнүүдээрээ бахархан бахдаж, нэгэн өдрийг ч бол гурван саяулаа эвтэй найртай, сэтгэл дүүрэн өнгөрүүлцгээе. Монголд, монголчуудын саар мууг хангалттай шүүмжилдэг. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ, сошиал ерөтөнцөд төдийгүй орон гэртээ, ажлын орчиндоо хатуу ширүүн үгийг харамгүй хэлдэг болохоор ганц өдөр хар барааны сүүдрээс хагацаж, зүгээр л нэг сэтгэл дүүрэн өнгөрүүлцгээе. Монголчууд бидний сайныг харах билгийн мэлмий саарчихаагүй гэдэгт итгэнэм. Нэг өдөр ч бол эерэг энергээр өөрийгөө цэнэглэн, хажуу ойрын хэн бүхэнд эерүү зөөлөн хандаж суръя л даа.
Тэртээх 854 жилийн Их Монголын талд ирт, эрдэмт нэгэн хөвгүүн мэндлээгүй бол, тэрхүү эгэлгүй улсын үргэлжлэл болон та бид Монголдоо онож төрөөгүйсэн бол хэрхэх байсныг хэн мэдлээ. Өлсгөлөн нүүрлэсэн Африк, өшөө хорсолт дайны гал дунд төрчихсөн бол Монгол хэмээх амьдын диваажингаа алсаас ч харах хувь тохиохгүй байсан биз ээ.
Энгүй их амар амгалангийн орон Монголын энэ цагийн ороо бусгаа нь богинохон байг, эглээс эгэл иргэд биднийхээ төлөө эцэсгүй цохилох зүрхтэн олон байг.
News.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна