Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Эрдэнэт”-ээс сайхан бултав уу


Хууль зүйн байнгын хорооны хурал дээр экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож энэ намар олон нийтийн анхаарлыг татаад буй "Эрдэнэт"-ийн асуудлаар байнгын хорооны гишүүдэд тайлбар өглөө. Тэрбээр олон нийтийн өмнө бараг 100 гаруй хоног гарч ирээгүй байсан юм. Харин "Эрдэнэт"-ийн асуудлаар тайлбар хийхээр өчигдөр Хуульзүйн байнгйн хорооны хуралдаанд оролцлоо. Түүний тэргүүлж байсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө нэгэн сонирхол татсан шийдвэр гаргасан нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын тал авлаа гэх шийдвэр байх.

 

Одоог хүртэл гишүүд болон олон нийтийн зүгээс "зөв, буруу" гэсэн хэрүүлийн алим дагуулаад буй уг шийдвэрээ тэрбээр ийнхүү тайлбарлав. Ч.Сайханбилэг "...Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хуульчид хоёр зүйл дээр маргалдсан. Нэг хэсэг нь энэ асуудлыг УИХ дээр зайлшгүй оруулж хэлэлцүүлэх ёстой гэж байсан. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт байхгүй. Энэ худалдан авалт хийгдэх юм бол олон улсын гэрээ өөрөө шууд хүчин төгөлдөр бус болно гэсэн байр сууриуд гарсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд явах нь зөв гэсэн байр суурь гаргасан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Цэцээр ярина биз. Төрийн залгамж халаа гэж байдаг бол "Эрдэнэт"-ийн асуудлыг УИХ-аар хэлэлцээд шийдвэр гаргах хэрэгтэй..." гэв.

 

Экс Ерөнхий сайд маань байнгын хорооны хурал дээр ийм байдлаар тайлбар хэлж орхив. Энэ нь урдаа хэрүүлтэй байгаа "гал" дээр "тос" нэмсэн хариулт болчихлоо. Сошиал сүлжээгээр тухайн үед эцсийн шийдвэрийг гаргаж байсан хүн хариуцлагагүй тайлбар өглөө. Цаг хугацаа нь тийм их тулчихсан байсан юм бол түр хойшлуулаад сонгуулийн дараа ярихгүй яасан юм бэ гэх зэргээр асуудал хөндөж эхлэв.

 

Яг үнэндээ асуудал тийм л их тулчихсан яах учраа олохгүй цаг хугацааны "хайчинд" орчихсон байсан юм бол дараагийн парламентыг гарч ирэхийг хүлээх ёстой байсан бус уу. Энэ асуудлыг эцслэн шийдвэрлэх ёстой байгууллага бол УИХ. Яагаад УИХ-ын өмнөөс шийдвэр гаргав. Түүнийгээ одоо зөв бол дэмж, буруу бол буцаа гээд  сууж байдаг билээ. Хэдхэн сарын өмнө л телевиз болгоноор гарч ирээд "Эрдэнэт 100 хувь Монголынх боллоо" гээд ам бардам яриад зогсож байсан хүн өнөөдөр яагаад байр сууриасаа буцах болов. Ямар шалтгаанаар хоёр өнцөгтэй зүйл ярьж орхив гэдэг хачирхалтай.

 

Өнгөрсөн хавар экс Ерөнхий сайдын гаргасан хоёр ч шийдвэр араасаа олон төрлийн хэл ам дагуулаад байна. Түүний нэг бол яалтчгүй "Эрдэнэт"-ийн асуудал. Нөгөөх нь орон нутагт буух боломжгүй "Боинг" онгоцыг нисгэж эвдсэн тохиолдол юм.

Ямартаа ч маш их хэл ам, хардлага дагуулаад буй "Эрдэнэт"-ийн асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн байр сууриа илэрхийллээ. Харин асуудлаас бултсан, асуудлыг өөрөөсөө түлхсэн, асуудлыг буцаасан тийм л хариулт байлаа даа.

 

Эх сурвалж:Zaluu.COM