Энхболдын Хулан сонгогчдод мөнгө тараасан уу


-ТҮҮНИЙ УХУУЛАГЧ ГЭХ ЗАЛУУС САНАЛ ӨГӨХӨӨР ЗӨВШӨӨРСӨН 
ИРГЭДЭД МӨНГӨ ӨГЧ БАЙСАН ГЭВ-

Энэ сарын 19-нд болсон Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгогчдод мөнгө тараасан, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөс зөрүүтэй сурталчилгаа хийсэн гэх мэт гомдол мэдээлэл цөөнгүй гарчээ. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 200 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, тэдгээрийг албан ёсоор шалгаж эхэлсэн байна. Дээрх мэдээллийн дийлэнхи нь нийслэл хотод бүртгэгдсэн бөгөөд иргэдийн саналыг худалдаж авахыг санаархсан дүрс бичлэг, баримтууд нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ.

Сонгогчдод мөнгө тараасан гэх энэхүү асуудалд УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулангийн нэр холбогджээ. Тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу 6-р тойрогт нэр дэвшсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны мэдээлэлд нэр дэвшигч Э.Хулан нь 2444 хүний саналаар тойрогтоо ялалт байгуулсан талаар дурджээ. Гэвч түүнийг энэхүү ялалтаа хууль бусаар олж авсан хэмээн зарим эх сурвалж мэдээллэж байна.

 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 6-р тойрогт нэр дэвшигч Э.Хулангийн ухуулагч нар сонгуулийн өдөр буюу аравдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд иргэдэд 10-20 мянган төгрөг тараасан гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар Э.Хулангийн ухуулагч гэх хэдэн залуу иргэдийг МАН-аас нэр дэвшигч Э.Хуланд саналаа өгөхийг урьж, санал өгөхөөр зөвшөөрсөн иргэдэд мөнгө өгч байсан аж.


Тэдгээр залуус санал өгөх байрны орчимд саналаа өгөхөөр ирсэн иргэдээс сонгууль өгсөн баримт болох цагаан хуудсыг нь харж мөнгөө тараасан бололтой. Түүний иргэд сонгогчдод мөнгө тараах үйл явц оройн 20:00 цагаас хойш эрчимжиж, хамгийн багадаа 200 гаруй иргэнд 20 болон 10 мянгатын дэвсгэрт өгснийг баттай эх сурвалж хэлж байна.

Энэхүү мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны иргэдээс тодрууллаа. Иргэн Г хэлэхдээ “Сонгуулийн хуулинд мөнгө тараасан бол хариуцлага тооцдог гэсэн шүү дээ. Сонгуулийн өдөр гэр лүүгээ орж явахад хоёр хүүхэд зогсчихсон МАН-д саналаа өгөөрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ухуулах байранд очно уу гэж байсан. Хүмүүсийн хэлээд байснаар мөнгөө өгөх гэж байсан байх. Ирэхдээ сонгууль өгсөн цагаан хуудастайгаа ирвэл сайн гэж байсан” гэсэн юм.

 

Иргэн Б “Ядруухан хувцастай хүмүүсийг сонгож мөнгө тарааж байсан нь ажиглагдсан. Өмнө нь санал худалдаж авах айлуудаа судалсан байдаг шиг байна билээ. Бүртгэлтэй хүмүүсийнхээ нэрийг тулгасан гэсэн. Тэдгээр хүмүүс нь сонгууль өгсөн хуудсаа арын гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд өгөөд, оронд нь 10-20 мянган төгрөгийн нэгж мөнгө зэрэг авч байсан. Хэсэг хүмүүс цагдаад хандсан боловч тоохгүй байна гэж байсан” гэлээ.

 

Энэ талаар нэр дэвшигч Э.Хулангаас өөрөөс нь тодруулбал “Сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх гомдол байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Бид хууль бус үйлдэл хийгээгүй. Өөр тайлбар байхгүй” хэмээсэн юм.

 

Энэ удаагийн сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хэл ам үүгээр дуусаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн 14-р хороонд МАН-аас нэр дэвшсэн Л.Ариунболд, Г.Туяа нарын шадар туслах С.Батцэцэг гэх эмэгтэй иргэдээс санал худалдаж авахаар тохиролцож буй дуу бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан байна. Уг бичлэгт Баянзүрх дүүргийн иргэн Э рүү дээрх эмэгтэй утасдаж 10 хүний саналыг өгүүлсний дараа урамшуулалд 100 мянган төгрөг өгнө хэмээн амалжээ.

 

Энэ мэтээр иргэд сонгогчдын саналыг хэдэн төгрөгөөр худалдаж арилжиж байгаа нь манай улсад ёс зүйгүй улс төр хэдийнэ бий болсныг харуулж байна. Нөгөөтэйгүүр мөнгө тараана гэдэг нь төрөө худалдаж байгаатай агаар нэг бөгөөд сонгуулиар мөнгө тарааж, иргэдээс мөнгөөр санал худалдаж авдаг энэхүү хууль бус ажиллагаа гаарвал гадны улс орны санхүүжилттэй аль нэг нам гарч ирээд иргэдийн саналыг худалдан авах боломж нээлттэй харагдаж байх шиг. Тиймээс цааш цаашдаа жишиг болсон энэхүү асуудалд эрх баригчид болон холбогдох хууль хяналтын байгууллагынхан онцгой анхаарч ажиллахгүй бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрч болзошгүй байдал бий болсныг энэ удаагийн сонгууль харууллаа.

 

Эх сурвалж: Medee.MN