М.Энхболд улс төрийн ЗЭЭЛ Хятадаас хүсч, Ж.Эрдэнэбат Японоос ..,


Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад, УИХ-ын дарга М.Энхболд урд  хөршид намынхаа шугамаар ажиллаж, айлчиллаа. Ерөнхийдөө эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан зээл тусламж авах найдлага тавьж, албан ба албан бус яриа хөөрөө өрнүүлэхээр явсныг эрх баригч намынхан онцолж байсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Япон Улсын ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд цаашид баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирох, Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай санал солилцох чиглэлд голчлон анхаарсан гэж болно.

 

-МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД УРД ХӨРШӨӨС ЗЭЭЛ АВАХ АСУУДЛЫГ ХӨНДСӨН ҮҮ- 


Намрын чуулганыг түр завсарлуулахад хүргэсэн М.Энхболдын урд хөрш дэх томилолтын хүрээнд улстөрийн зээл авах асуудал албан бус байдлаар яригдаж байгаа гэх мэдээлэл буй. Өмнө нь манай улсад БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшан айлчилж, ерөнхий сайд, УИХ-ын даргатай  уулзалт хийгээд буцсан. Энэ үеэр урд хөршөөс ипотекийн зээлийн санхүүжилт болон бусад төрлийн зээлийн асуудлаар санал солилцсон хэдий ч мэдээллийг нууцалсан байдлаар зориуд дурдалгүй өнгөрүүлсэн талаар эх сурвалжууд онцолж байгаа юм.

 

УИХ-ын дарга М.Энхболд олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцохоор явахдаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнээс гадна Б.Дэлгэрсайхан тэргүүтэй урд хөрштэй харилцаа бүхий бизнес эрхэлдэг гишүүдээ дагуулж явсан нь анхаарал татав. Уулзалтын үеэр 2.2 хувийн хүү бүхий 20 жилийн хугацаатай улс төрийн зээл Хятадаас авах асуудал хөндөнө гэх мэдээлэл бий. Зээлийн хэмжээ 4.2 тэрбум ам.доллар,барьцаанд нь Тавантолгой тэргүүтэй томоохон ордууд тавигдана гэсэн мэдээлэл сошиалаар түгэж байна. Өмнө нь Тажигастан урд хөршөөс улстөрийн зээл аваад,  төлж чадаагүйн улмаас барьцаалсан газар нутгаа алдсан. Энэ жишээ давтагдах вий гэх мэдээлэл ч бий. 


Энэ талаар МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “УИХ-ын дарга очоод зээлийн асуудал ярих боломжгүй. Өр, зээлтэй холбоотой асуудлыг Засгийн газраас ярих ёстой. Монгол Улс эдийн засгийн хямралаа даван туулахын тулд урт хугацааны хөгжлийн зээл авах асуудал тодорхой байна. Энэ зээлийг заавал БНХАУ-аас авна гэхгүй” хэмээн үгүйсгэсэн.

 

Гэсэн хэдий ч УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд улстөрийн зээл авах асуудлыг хөндөж,  чуулганаар хэлэлцүүлэх боломжтой. Нөгөө талаас төрийн гурав дахь өндөр албан тушаалтан, эрх баригч намын даргын үүднээс уг асуудлыг урд хөрштэй ярилцаж, тохироонд хүрэх үндсэн эрх, боломж нь ч бий юм. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, Төв банк болон Засгийн газрын хамтын оролцоотойгоор урд хөршийн хоёр ч банкнаас тодорхой асуудлуудаар зээл авах хүсэлт өгөөд байгаа аж. Урд хөршөөс “Судалж байна” гэсэн ерөнхий хариулт өгч байгаа бөгөөд М.Энхболдын албан томилолтын үеэр асуудлыг сөхөж ярилцах хүлээлт үүсч буйг өмнө нь онцолж байсан билээ


 

Өмнөх Засгийн газрын үед Япон улстай гуравдагч хөршийн харилцаа тогтоох зорилтын хүрээнд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд хоёр улс хоорондын гаалийн  татвар тэглэгдэж, дадлагажигч ажилтан илгээх асуудал эхнээсээ ажил хэрэг болоод байсан юм. Тиймээс ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажлууд дээр үндэслэж, урт хугацаатай хөгжлийн зээл, тусламж авах асуудалд мөн анхаарсан талаар эх сурвалжууд мэдээллэж байна. Айлчлалын хүрээнд гарсан томоохон шийдвэрүүдийг доорхи байдлаар тоймлов.

 

МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРС ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭНЭ


Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсын “Энержи ресурс” компани Японы “Сумитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Мөн “Цагаан чулуут” консорциум “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллахаар болсон бол “Драй милк” компани Японы “Присай” компанийн хуурай сүүний технологийг Монголд нэвтрүүлэх санамж бичигт гарын үзэг зурав.

 

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Сумитомо” группын төлөөлөгч ноён Фуживара “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолсон байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ санамж бичиг зурагдсанаар Монголын Тавантолгойн нүүрс Япон, Солонгос гэх мэт далайн чанадын гуравдагч зах зээлд хүрэх боломжууд нээгдэж байна гэж албаныхан тодотгов.

 

ЯПОН УЛС РУУ 30 ХОНОГИЙН ДОТОР ВИЗГҮЙ ЗОРЧИНО


Айлчлалын үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцжээ. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор болсон байна.

Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж буй бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” олгож байгаа юм.


“ROAD MAP” БУЮУ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛАА ТҮРГЭТГЭНЭ


Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа “Монгол Улс ардчилал, эрх чөлөө, хүний эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлдэг учраас Япон Улс стратегийн түншээ гэж чухалчлан үздэг. Миний бие Монгол Улсад гурван удаа айлчилсны үндсэн санаа ч энэ юм. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай маш үр дүнтэй, ач холбогдол өндөртэй яриа хэлэлцээ өрнүүлж чадлаа.

 

Өнгөрсөн оны долдугаар сард уулзахдаа хоёр орны харилцааны шинэ хөтөлбөрийг боловсруулах талаар санал нэгдсэн юм. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг заасан “Road map” буюу “Замын зураглал”-ын үүрэг гүйцэтгэх юм. Өнөөдрийн уулзалтаар энэ хөтөлбөрийг боловсруулах ажлаа түргэтгэх талаар санал нэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын харилцаа улам өргөн хүрээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Medee.MN