Эрдэнэтийн “эрдэнэс”-ийн хойно хэн нуугдана вэ?


Юу болоод өнгөрөвөө…?


Эрдэнэт үйлдвэрийн эргэн тойронд үүсээд байгаа асуудал олны анхаарлыг татаад байна. Ямартай ч өнгөрсөн сонгуулийн сүүлийн хоногуудад Ч.Сайханбилэгийн Засгийн газар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголчууд авлаа хэмээн сүр дуулиантай олон нийтэд зарласан нь тэдэнд “ сонгуулийн оноо” авч ирэхээсээ илүү алдаа дагуулсан. Дээр нь  Монголын саалийн үнээ болсон энэ том үйлдвэрийн 49 хувийн асуудлыг  шийдвэрлэхдээ ҮАБЗ, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлээгүй нь хууль зөрчсөн хуудуудтай хэрэг болсон гэдэг нь одоо нэгэнт ил болоод байна. /УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн 25-р телевизд өгсөн ярилцлагаас/


Компанийн тухай хуулиар 49 хувийг эзэмшигч тал өөрийн хувийг зарж борлуулах, бусдад худалдах болвол юуны өмнө эхлээд 51 хувийг эзэмшигчид санал хүргүүлэх ёстой. Энэ  дагуу  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын тал Монголын төрд  хандсан байж таараа. Гэвч  ОХУ-ын  талаас өөрийн мэдлийн  49 хувиа 400 сая ам далларын өртөгөөр Засгийн газарт биш хувийн компанид өгөх хүсэлтэй гэх “тулган шаардалт” маягын санал ирүүлсэн гэдэг. Үүнийг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүлээн зөвшөөрч яаран сандран Засгийн газрын хуралдааныг хийсэн байдаг.  2016 оны 6 сарын 13-ны өдөр хуралдаж, дээрх бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан нь ямар учиртай юм бол.  /УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгнээс ишлэв/


Магадгүй энд асуудлын зангилаа байх шиг. Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигч “Ростех”-ийн тал яагаад Монголын засгийн газарт  49 хувийн хувьцаагаа зарахгүй,  “Монголиан коппер корпорац”  гэх хувийн компанийг санал болгов,  энэ нь магадгүй “Ростех”-ийн талд ОХУ-ын засгийн газраас ийм чиглэл өгсөн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

Уг нь үндэсний хэмжээний үйлдвэрийн хувьчлалын асуудал яригдаж байхад энэ асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх ёстой атал чуулганаар орж хэлэлцэгдээгүй байдаг. /УИХ-ын дарга асан З.Энхболдын жиргээ/

zi-darga


Магадгүй үүний цаана Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын  “Ростех” компанийн эзэмшлийн 49 хувийг ерөөс   49 хувийг  ерөөс  Монголын төрд  “өгөх” сонирхолгүй  эрх мэдэл, нам дамжсан улс төр, бизнесийн  бүлэглэл асуудлыг эртнээс зохион байгуулсан уу гэдэг асуулт урган гарч байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувийн компанид шилжих үед Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАХН-ын зүгээс  энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой, байгуулагдаад 3 жил болж байгаа улсад нэг ч удаа татвар төлж үзээгүй тоглоомын компанийн нэр дээр шилжиж байгаа нь байж болохгүй асуудал, энэ шийдвэрээ эргэж хараач гэж байр сууриа илэрхийлэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Та нар мэддэггүй юм, асуудал нэгэнт шийдвэрлэгдсэн” гэж үл тоосон, доог тохуу хийсэн байдлаар бидэнд хандсан./МАХН-ын Дэд дарга Э.Эрдэнжамьяан телевизд өгсөн ярилцлагаас/


Хардалт, бас дахин хардалт


6 сарын 28-нд Эрдэнэтийн асуудал сөхөгдсөний дараа Худалдаа Хөгжлийн Банкны О.Орхон гэж хүн Монгол ТВ-ээр ярихдаа хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл эхэлсэн гэж үг алдсан байдаг. Тэгэхлээр Шинэчлэлийн засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед энэ асуудал яригдаж эхлэсэн болтой юм. Магадгүй Н.Алтанхуяг Эрдэнэтийн хувьчлалын асуудлыг эсэргүүцсэн болохоор нь түүнийг Ерөнхий сайдаас нь огцоруулсан юм биш биз гэсэн хардлага энд төрж байна. Албан бус мэдээгээр одоогоос 2 жилийн өмнө Хөгжлийн банкнаас  850 орчим тэрбум төгрөг Худалдаа хөгжлийн банк руу шилжин орсон гэх маш нууц мэдээлэл байдаг гэх. Хэрэв энэ үнэн бол ийм хэмжээний их мөнгө юунд зарцуулагдав гэдгийг нийтэд мэдээлэх зорилгоор Хөгжлийн банкны санхүүгийн тайланг ил болгох шаардлагатай. ХХБ  энэ мөнгөөр  Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпораци”-ийг “санхүүжүүлсэн” юм биш биз гэсэн хардлага байна. Ингэх хардахын учир нь  өмнөх УИХ дах МҮДН-ний төлөөлөл бол Эдийн засаг хөгжлийн сайд асан Фортуун Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар  юм. Мөн  ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ  АН дах МҮДН-ий фракцийн гишүүн юм. Эдгээр хүмүүсээс өдгөө УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж ажиллаж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн “будлиан”-д оролцсон МҮДН-ий  журмын нөхөдөө хамгаалах, тэдэнд хариуцлага үүрүүлэхгүйы байх  зорилготой юм биш биз гэх бодоход хүргэж байна.

 

Ямартай ч эдгээр асуудлын учир зангилааг олон нийтэд ойлгомжтой болгох үүднээс  схем загварт оруулж хүргэе

 

erdenet1212

 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал УИХ-ын  болон Үндэсний ауюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар оролгүйгээр шийдэгдсэн гэдгийг өмнө дурьдсан.  Монголын саалийн үнээ хэлж хэлж болох Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэж байхад төр засгийн хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Сөрөг хүчний удирдлагууд мэдээгүй байна гэдэгт итгэхэд бэрх. Эндээс л Эрдэнэтийн 49 хувийн хойно МАНАН-ын нэр бүхий эрх мэдэлтнүүд байх магадлалтай гэсэн хардлага зүй ёсоор төрж байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпораци” гэх компанид  Худалдаа хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар гаргаж өгсөн байдаг. Тэгвэл энэ шийдвэрийг ХХБ-аас гаргахад гол үүрэгтэй оролцсон гэх ХХБ-ны ТУЗ-ийн дарга  Д.Эрдэнэбилэг гэдэг хүний тухай энд ярихаас өөр аргагүй  нөхцөл байдал үүсэж байна.

 

Д.Эрдэнэбилэг нь ХХБ-ны ТУЗ-ийн даргаас гадна Улаанбаатар банкны 99 хувийг эзэмшигч юм байна.  Албан бус мэдээгээр Улаанбаатар банкны  цаад эздийг МАН-ын дарга М.Энхболд болон МАН-ын  гишүүн Т.Бадамжунай нар гэдэг. Мөн Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид шилжүүлэхэд Засгийн газар 500 сая ам долларын баталгаа гаргаж өгсөн гэдэг өнцгөөс авч үзвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Б.Болор нар энэхүү “хуйвалдаан”-д  эрх ашгийн зүгээс холбоотой байх магадлал өндөр.  Тэдний хувьд  Эрдэнэтийн 49 хувь дотор хувь эзэмшдэггүй юмаа гэхэд ийм шийдвэрүүд гаргасныхаа төлөө хувь эзэмшигчидтэй  эрх ашгийн хувьд холбоотой  байж болзошгүй гэдгийг олон нийт онцлон хэлж байна.

 

Монгол улсын Засгийн газар дурын компанид  500 саяын баталгаа гаргаж өгдөг юм бол улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  бүх   компаниудад  Засгийн газрын баталгаа гаргаж өгөх хэрэгтэй.

 

Монголчууд сүүтэй саалийн үнээгээ алдчихаж байгаа нь энэ үү?


Улсад жилдээ 250 гаруй сая ам доллар төлдөг байсан Эрдэнэт үйлдвэр энэ жилийн 9 сарын байдлаар 50 гаруй сая  ам доллар төлжээ. Улсын төсвийн орлогоор  төр санхүүжиж, цэрэг, цагдаа,  эмч багш нарын цалинг тавьж, сургууль цэцэрлэгийн санхүүжилтийг олгоно, товчхондоо бол ард түмэнд зарцуулна.  Тэгвэл ард түмэнд “оногдох” ёстой 200 сая ам доллар хаачив. 

 

14463119_1787098718236097_1375255861246341966_n

 

Эрдэнэт үйлдвэрийн  49 хувь ийнхүү олигархиудын гарт  хууль бусаар  орсон бол холбогдох байгууллагаас үүнийг нь нэн даруй шалгаж тогтоон, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 6.1-д заасанчлан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэний дагуу төр, ард түмний мэдэлд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах ёстой.

Засгийн газар 51 хувь эзэмшдэгийн хувьд давуу эрхтэй байх ёстой атал одоо 49 хувь эзэмшигчдийн талд бүх эрх мэдэл шилжсэн байна. Засгийн  газрын 51 хувийг төлөөлж ажилладаг Б.Шинэбаатар гэдэг хүн өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд тэрээр  49 хувийг нь эзэмшигчдийн бүх тулган шаардлагыг хүлээж авчихаад дараа нь үйлдвэрийн ТУЗ-ийн даргын тушаалаар Ерөнхий  захирлын орлогч гэсэн албан тушаалд эрхлэх болжээ. Товчхондоо Эрдэнэт  үйлдвэр ТУЗ-ийн дарга гэх нэг хүний хязгааргүй эрх мэдэл тэнд үйлчилж байна. Саяхан Засгийн газрын ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт очиж шаардлага тавихад тэд ер тоож байгаа алга гэнэ билээ. /УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Шударга яръя” ток шоу нэвтрүүлэгт оролцох үедээ хэлсэн үгнээс…/


Эндээс нэг таамаглал урган гарч байна. Эрдэнэт үйлдвэрээс Монголын төр 51 хувийг эзэмшиж байгаа бол “Монголын зэс корпораци” 49 хувийг эзэмшиж байгаа. Магадгүй 49 хувийг эзэмшигч  “Монголын зэс корпораци” ямарч үнээр хамаагүй  төрийн эзэмшлийн 51 хувийг задлан 2 хувийг нэмж аваад өөрсдөө 51 дээш буюу  давуу эрхтэй болохыг санаархаж байгаа биз. Энэ тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт “оролцох”  төрийн эрх мэдэл буурна. Ийм нүүдлийг хийж чадах хүн гэж тооцон Эрдэнэтийн ТУЗ-ийн даргаар Да.Ганболдыг томилсон байж болох юм.

 

Монголчууд  бид “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж хэлдэгчлэн төр засгийн зүгээс  Эрдэнэтийн  “эрдэнэс”-ийн будлианы учрыг олж,  100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гэдгийг  эрх баригч МАН-аас ард түмэн шаардаж байна.

 

Ц.Мөнх

 

ugluu-logo-7-1-4