АН-ын нөмөрт явсан урлагийнхан тайз руугаа буцаж, МАН-ынхны үе нэгэнт иржээ


Урлаг соёлынхон улстөр лүү хошуурах, албан   тушаалд очих мода дэлгэрчээ. Өнгөрөгч сонгуулиар бүрдсэн  УИХ дуучин, яруу найрагч гээд урлаг соёлын зүтгэлтнүүдээр бүл  нэмсэн бол  араас нь даргын суудалд тухлагсадын цуваа үргэлжилж байна. Энэ цувааг "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо эхлүүлсэн. Түүнийг энэ албан тушаалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн /"Болор цом"-ын эзэн, яруу найрагч/ Ж.Мөнхбат  зүтгүүлсэн гэдэг.

 

Урлаг соёлынхны энэхүү томилгоо нийслэл хотоор үргэлжилж "Номин талст" хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар, тус хамтлагийн гишүүн А.Хаянхярваа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд дарга болов. Урлагт зүтгэхийн хажуугаар намд элсэж, үнэнч явсны шагналаа ийнхүү хүртэж байгаа бололтой.

 

Харин нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү загвар өмсөгч Ж.Дамдинсүрэнг томилсон. АН эрх барьсан дөрвөн жилд  дээрх албан тушаалд дуучин Quiza буюу  Б.Батцэнгэл томилогдож нэлээд шүүмжлэлд өртөж байсан билээ.  Урлагийнхан  албан тушаал хаших мода-ыг МУГЖ дуучин Б.Сарантуяа үргэлжлүүлж Монголын соёлын төв өргөөг удирдах болсон нь олны анхаарал татаад байгаа юм. Тэрбээр 2010 онд МАН-ын гишүүнээр албан ёсоор элсэж байжээ.

 

Олонд мисс гэдгээр танигдсан Ё.Нямжав МАН-д эртнээс  зүтгэж, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрбээр энэ удаа Гадаад хэргийн яамны Дипломат байгууллага, үйлчилгээ, аж ахуйн газрын дарга болов.

 

Хоёрдугаар ээлжнийхэн  хоолондоо гэдэг шиг АН-ын нөмөрт  явсан урлагийнхан  тайз руугаа буцаж, МАН-ынхны үе нэгэнт иржээ.

 

Эх сурвалж:Zuvsongolt.MN