Хотын дарга 20 сая төгрөгөөр миссийн тэмцээн ивээн тэтгэжээ


“Face of beauty international-2016” олон улсын миссийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад болж, өндөрлөсөн. Тэмцээний зохион байгуулагчаар “Мисс Монголиа Консалтинг” ТББ ажилласан юм.

 

Тэгвэл энэ тэмцээнд зориулж Нийслэлийн засаг дарга С.Батболд өөрийн нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гаргаж өгчээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын есдүгээр сарын 29-ний өдрийн “А 687” захирамжаар Улаанбаатар хотноо зохион байгуулах “Face of beauty international” тэмцээнд зориулж 20 сая төгрөгийг засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн байна.

 

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Хотын даргын миссийн тэмцээн ивээн тэтгэж, төсвийн мөнгийг зарлагадсан нь зохистой шийдвэр байсан эсэх нь олны анхаарал татаж эхэллээ.

Ийнхүү нэгэн төрийн бус байгууллагын зохион байгуулсан тэмцээнд “хандивласан” Засаг даргын нөөц хөрөнгө гэж юу вэ. Үүнийг юунд зарцуулах ёстой вэ...


Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг 2012 онд батлагджээ. Түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох журмыг ч баталсан байна.

 

Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалтыг улс орныг хамарсан болон нийслэл дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг, нийтийг хамарсан аюулын үед зориулна 

 

Эдгээр журамд Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалтыг улс орныг хамарсан болон нийслэл дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг, нийтийг хамарсан аюулын үед зориулна гэжээ.

 

Үүнээс гадна Засаг дарга цаг үеийн шинжтэй, тулгамдсан зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд нөөц хөрөнгийг зарцуулах эрхтэй аж. Эндээс үзвэл миссийн тэмцээн байгалийн гамшиг эс бөгөөс аюул осолт үзэгдэл биш гэдэг нь тодорхой.

Харин хотын дарга эл тэмцээнийг цаг үеийн тулгамдсан асуудал гэж үзсэн бололтой. Тэрээр дээрх захирамжаа НИТХ-ын тэргүүлэгчдийн 134 дүгээр дээр тогтоолыг үндэслэсэн байна. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дэх хэсэгт заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах эрхээ эдэлжээ.

 

Гэвч Хотын дарга С.Батболдын нөөц хөрөнгөнөөсөө гаргасан 20 сая төгрөг миссийн тэмцээнээс илүү юунд хэрэгтэй байсан бэ гэдгийг олон нийт дэнсэлсээр...

 

Эх сурвалж: Eagle.MN