ТОЙМ: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэт хөөсрүүлэх ХЭРЭГГҮЙ


-Ц.НЯМДОРЖ ГИШҮҮН НАМДАА ТУНИРХАХДАА “ЭРДЭНЭТ”-ИЙН 
АСУУДЛААР СЕНСААЦИ ХИЙВ ҮҮ?-


Улстөр, эдийн засгийн хүрээнд сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр халуун сэдэв болон яригдаж байна. Ерөнхийдөө Ц.Нямдорж гишүүний мэдэгдэл тус үйлдвэрийг өөрийнх нь мөнгөөр худалдан авсан гэх асуудалд чиглэсэн гэж болно. Цаашлаад засгийн газраа асуудалд  хэт удаан, бөөрөнхий хандлаа гэх зэмлэлийн өнгө аяс шидэлж, телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ  огцруулах асуудлыг ч хөндөж болно гэж дууграад амжлаа.

 

Ерөнхийлөгчийн тухайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдаж, улстөрийн шоу хийж байна. УИХ дээр нээлттэй сонсгол хийж, мэдээллийг ард түмэнд үнэн мөнөөр нь хүргэх хэрэгтэй гэж онцолсон юм.Ц.Нямдорж гишүүн ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа хариуг нь барихдаа “Эрдэнэт” үйлдвэрийг зарах үйл ажиллагааг Ц.Элбэгдорж санаачилсан гэх үг чулуудав. Ерөнхийлөгч үүнээс өмнө Худалдаа хөгжлийн банкинд ямар нэгэн хувь эзэмшдэггүй, “Эрдэнэт” үйлдвэрийг зарах ажиллагааг зохион байгуулаагүй гэж  мэдэгдээд амжсан.


Энэ хоёр мэдэгдлийн ижил төстэй чанар нь нэгнээ хардсан явдал. Мөн асуудлыг хэт улстөржүүлж, хөөсрүүлсэн өнцөг явж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. МАН-ын бүлгийн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүний “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийсэн явдлыг нухацтай ярилцаж, түүнд намынх нь нөхөд  шүүмжлэлтэй хандсан нь нэгэнт ил болсон. Шударгаар хэлэхэд, намаасаа сайдын суудал авч чадаагүй, ахмад гишүүний тунирхал “Эрдэнэт” үйлдвэрээр сенсааци хийхэд хүргэж буйг намын нөхөд нь ч хүлээн зөвшөөрч байгаа юм.

 

-ЗАСГИЙН ГАЗАР “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР ЯМАР 
ШИЙДВЭР ГАРГАСАН БЭ?- 


Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон. Үүнийг олон нийт 49 хувийн асуудлыг тэр чигт  нь түдгэлзүүлсэн мэтээр хүлээж авсан юм. Үйл явдлыг эргэн сануулахадОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол компаниуд худалдан авах процесс өрнөсний дараа хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ хүчингүй болсон. Тэгэхээр хоёр улсын төлөөлөл оролцсон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ эрхзүйн хувьд ажиллах боломжгүй болж. Тиймээс Сангийн сайд асан Б.Болор тушаал гаргаж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүрмийн өөрчлөлтийг хийх ажлыг удирдсан байдаг.

Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөдрийн хэвийн ажиллах горим хангагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг ийм байдлаар Сангийн яамнаас чиглүүлэхгүй бол удирдлагын түвшинд эзэнгүйдэх нөхцөл үүссэн гэсэн үг. Энэ талаараа Сангийн сайд асан Б.Болор “Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн хувь болох 49 хувь худалдагдлаа гэсний дараа ТУЗ-д өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага гарсан. ТУЗ-д өөрчлөлт орсон хэдий ч төрөөс томилогдсон гүйцэтгэх удирдлага болох Ц.Даваацэрэн захирал ажлаа хийж л байгаа. Шинэ засгийн газарт дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй байгаа. Үүнийг надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа” гэсэн тайлбар хийгээд байгаа юм.

Ингэж  “хуурамч тушаал” гэж нэрлэгдэхэд хүртлээ улстөржсөн Сангийн сайдын тушаал буцав. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр төр төлөөсөн ТУЗ-ийн гишүүнгүй үлдэж, удирдлагын түвшинд ямар ч шийдвэр гаргах, томоохон менежмент хийх боломжгүйд хүрээд байгаа юм. Цаашид засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авсан эх үүсвэрт Монголбанк хяналт хийж, тус үйлдвэрийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн өмнөх засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод болгох процессууд өрнөхөөр хүлээлтийн байдалд шилжив. Мэдээж, УИХ хүсэх юм бол ерөнхийлөгчийн хэлсэнчлэн нээлттэй сонсгол зохион байгуулах эрх нь бий.

-УРД ХӨРШИЙН ХОЁР КОМПАНИ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙГ 
СОНИРХОЖ БАЙЖЭЭ- 

 “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаааны зардал Оюутолгойнхоос гурван дахин их. Зардал  ингэж газар авдгийн гол шалтгаан нь улстөрчдийн оролцоотой шахааны бизнес цэцэглэснийх. “Эрдэнэт” үйлдвэрийг зах зээлээс 2-4 дахин өндөр үнээр бараа бүтээгдэхүүнээ авдаг, төлөвлөгөөгөө маш багаар тооцоолдог, богино хугацааны давтамжтай аклах үйл ажиллагаа явуулдаг тухай мэдээллийг онцлох болсоор удаж байна. Хоёр улсын хамтарсан компани гэдэг утгаараа шилэн дансны хууль ч үйлчлэхгүй. Ийм маягаар сүүлийн 10-аад жилд “Эрдэнэт” үйлдвэр Азийн хамгийн өндөр зардалтай үйлдвэрүүдийг тэргүүлж, үрэлгэнээрээ  дэлхийд 100 дотор жагсаж байна.

 

Саяхан "Эрдэнэт" үйлдвэр, Швейцарийн "MRI" метал арилжааны фирм хоорондын маргааныг Лондонгийн шүүхээс хянаж үзээд, манай талыг буруутгасан. Эхэндээ 7.1 сая ам.долларын нэхэмжлэлээр шүүхээр явсан  маргаан таван жилийн дараа нийт алдангийн тооцооллоо 51 сая ам.доллар төлөхөөр болж шийдэгдсэн байна. Дээрээс нь шүүхийн шатны үйл ажиллагааны зардлууд нийлсээр 230 орчим тэрбум төгрөг манай талаас төлөхөөр болж. "Эрдэнэт" үйлдвэрийн яг ийм төрлийн маргаан Лондонгийн шүүх дээр дахин тав байгаа гэх мэдээллийг эрх сурвалжууд өгч байгаа юм. За тэгээд, Жастын Ш.Батхүүгийн Стандарт банкинд тавьсан 109 сая ам.долларын тус үйлдвэр төлнө гээд “дампуу” жишээ өчнөөн олон байна.

 

Ерөнхийдөө удирдлагын системийн хэт улстөржсөн ийм дампуу байдал Оросуудыг залхаасан  гэх. Мөнхүү ОХУ-д явагдаж буй эдийн засгийн саармагжилтаас үүдэн тодорхой хөрөнгүүдээ зарах бодлого барьж эхэлсэн нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг манай улсад шилжүүлэх шалтгаан болсон бололтой. Оросын талаас 49 хувиа зарах асуудал хоёр жилийн өмнөөс тодорхой хүрээлэлд яригдаж, манай улсын бийлэг эрхмүүд нь хувь нийлүүлэх байдлаар хамтрах асуудал яригдаж байсан гэх мэдээллийг эрх сурвалжууд өгч байна. Тодотгоход "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Канад, урд хөршийн хоёр ч компани сонирхож байсан бөгөөд засгийн газрын гэрээнд заасны дагуу манай улсаас эхлээд санал тавих давуу эрхийн хүрээнд арилжаа явагджээ. Тэгэхээр зарах, зарагдах асуудал сонгуулийн өмнө гэнэт гараад ирсэн шинэ сэдэв биш аж.

 

Сенсаацийн гол эх үүсвэр нь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед ойлгомжгүй байдлаар мэдэгдэл хийж,  үүнийг нь одоогийн эрх баригч нам хэт улстөржүүлж харсанд гол учир яваа гэлтэй. Үүнээс үүдээд, “"Эрдэнэт" үйлдвэр дээр маш том мафийн шинжтэй луйвар явагдлаа. Ямар нэгэн байдлаар  Монголд ашиггүй үйл явдал болох гээд байна” битүү, тэгсэн хэрнээ учир нь тодорхой бус мессеж нийгэмд түгсэн.

 

Эцэст нь тэмдэглэхэд, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд авсан. Тэгэхээр бид дотооддоо л учраа ололцоно гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй”” гэж тодотгосон юм.

 

Мэдээж, асуудлыг магадлах нь зөв. Өмнөх засгийн газрын үед хийгдсэн гэдэг утгаараа  хянах бүрэн эрх нь ч энэ удаагийн засгийн газарт бий. Нэгэнт хувийн хэвшлүүд 400 сая ам.доллар босгоод худалдан авалтаа хийчихсэн. Одоо худалдан авалтыг буцааж, байдлыг хуучин хэвэнд нь оруулна гэсэн ойлголт нэгэнт байхгүй. Басхүү энэ асуудлыг хэт хөөсрүүлж, улстөржүүлэх нь буруу үзэгдэл юм. Төр эргүүлээд 100 хувь эзэмшилдээ авч гэмээнэ, өнөөх л шахааны бизнесийн талбар арилахгүй. Харин мөнгөө оруулсан хүмүүс ашгаа ч бас олно гээд зүтгэх нь  давхар хяналтын механизм үүсэх сайн талтай юм.

 

Эх сурвалж:Medee.MN