СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр танилцсан 5-р ангийн охиныг хулгайлахыг завджээ


Өсвөр насны охид, залуусын хамгийн ихээр ашигладаг интернэт орчин эргээд залуусын айдас болж байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад интернэт орчинд хүнтэй танилцаж хуурамч бараа авсан, нэр хүндэд нь халдаж доромжилсон, хүчиндүүлсэн, мөн их хэмжээний мөнгө залилуулсан гэх гомдол ирэх нь нэмэгдсээр байгаа аж.

Олон нийтийн сүлжээ фэйсбүүкийг хэт хошууран хэрэглэж байгааг ашиглан, дотносож байгаад хувийн мэдээлэл рүү нь халдан, улмаар овжноор ашиглан гэмт хэргийн золиос болгох тохиолдолд ч цөөнгүй гарах болжээ.

Саяхан нэгэн этгээд хуурамч фэйсбүүк хаяг нээж, нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн тавдугаар ангийн нэгэн охинтой танилцсан байна. Тэрээр тухайн охинтой сайн найзууд байх санал тавьж, бэлэг солилцох нэрийдлээр худал хэлж, улмаар сургуулийн хаяг, тарах цаг болон нэр утасны дугаарыг нь мэдэж авчээ. Ингээдохиныг хичээлээ тараад гарч ирэхэд нь үл таних эрэгтэй машиндаа суулгаад авч явсан байна. Гэр бүлийн хүмүүс багагүй хугацаан эрж хайжээ. Багагүй хугацааны дараа охин ТҮЦ-ийн утсаар ээж рүүгээ залгаж, хаана байгаагаа хэлж, охины ах очиж авсан байна.


Энэ хэргийн талаар бид охины сурдаг сургуулийн захиргаатай холбогдож тодруулахад “Бидэнд энэ талаар мэдээлэл алга байна” гэсэн товчхон хариу өгсөн юм. Охины ар гэрийнхэн тус хэргийг одоогийн байдлаар нууцлаж байгаа ажЭх сурвалжийн мэдээллэснээр, олон нийтийн сүлжээ фэйсбүүкт хуурамч хаяг нээсэн этгээдийг өсвөр насны охин хулгайлахыг завдсан хэргээр шалгаж эхэлсэн байна. 


Фэйсбүүкийн хяналтгүй хэрэглээ хүүхдүүдийг элдэв гэмт хэргийн золиос болгох өндөр эрсдэлд оруулах хамгийн том шалтгаан болсоор байна. Тиймээс, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн хуваарьт цаг, хамрагддаг дугуйлан секцийн орох тарах цаг, ангидаа болон сургуульдаа, сургуулиас гадуур үерхэж найзалж байгаа найз нөхөд, фэйсбүүк хэрэглээ интернэт орчноос хэрхэн мэдээлэл авч байгаад анхаарал хандуулж, маш сайн хянах шаардлагатайг холбогдох албаныхан сануулж байна.

 

ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС 
БОЛОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

 

Хувийн төхөөрөмжөө ашиглахдаа:


1. Гар утас, таблет, компьютер гээд хувийн төхөөрөмжиндөө нууц үгний хамгаалалт байнга хийж байх.

2. Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх. Энэ нь таныг  WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална.

3. Та өөрийн хувийн төхөөрөмжиндөө /гар утас, таблет, iPad гэх мэт/ хэт хувийн шинж чанартай мэдээллээ /өөрийн болон бусдын зураг, дансны нууц код гэх мэт/ хадгалахгүй байх.

4. Хувийн мэдээлэлтэй төхөөрөмжөө бусдад гар дамжуулан ашиглуулахгүй байх.

5. Өөрийн төхөөрөмжинд нууцлал аюулгүй байдлыг хангасан наад захын тохиргоонуудыг хийсэн байх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт,АНТИВИРУС програм хангамж, хатуу диск инкрифт, галт хана гэх мэт.

 

Олон нийтийн сүлжээнд холбогдохдоо:


1. Та өөр хүний эсвэл, нийтийн компьютер /Интернет кафе, цахим тоглоомын төв, сургууль гэх мэт/ -т холбогдсоныхоо дараа цахим хуудаснаас заавал  Log out/Sign out үйлдлийг хийн өөрийнхөө хуудаснаас гарч байх.

2. Олон нийтийн сүлжээнд танилцаж, холбоо тогтоосон үл таних этгээдэд хэт итгэн хувийн мэдээллээ задруулахгүй байх.

3. Хувийн мэдээллийг хадгалах зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх.

4. Өөрийн аккаунтад аюулгүй байдлыг хангах наад захын тохиргоог хийх. Жишээ нь: Өөрийн хувийн мэдээллийг зөвхөн найз нөхдөөс өөр хэн ч үзэх боломжгүйгээр тохируулах.

5. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон програм хангамж болон бусад материалыг шууд татан авахгүй байх.

6. Бусдын гар утас, таблет, компьютерийг ашиглахдаа хувийн мэдээллээ аль болох ашиглахгүй байх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос татгалзах.

 

Эх сурвалж: Medee.MN