МАН-ын шоу дууслаа


Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-гийнхантай уулзахаар АНУ-ын Вашингтон хотыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. Түүний гол зорилго нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлтээ тавьж, тавигдах нөхцөлүүдийн талаар харилцан зөвшилцөх гэнэ.

Ийнхүү бүтэн гурван сар эдийн засгийн хямралаас гаргах арга зам эрэлхийлсэн МАН-ын Засгийн газар эцэстээ арга мухардаж, “Стэнд бай”-гаас өөр сонголтгүй болжээ.


Төсвийн алдагдал нь жилийн 33 хувиар өсч, 4.4 их наяд хүрсэн, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт үргэлжилж, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгаа тохиолдолд ОУВС-гийн дэмжлэгийг авах нь хамгийн зөв ч байж мэднэ.

 

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлсэнчлэн бондын өрийг бондоор төллөө гэхэд Засгийн газрын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 90 хувь давахаар байгаа бөгөөд дахин өр тавих нь эдийн засагт бүр ч эрсдэлтэй гэсэн үг. Энэ талаар эдийн засагч, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Бонд босгож санхүүгийн хүндрэлээс гарна гэвэл улам л лаг шаварт унана. Хүү нь урд өмнө авснаасаа ихээхэн өссөн бөгөөд төв банкуудын бодлого чангарч байгаагаас санхүүгийн зах зээл дээр “easy money”-ний үе дууссан” гэж зөвлөсөн байна лээ.

 

Үнэндээ эдийн засгийн хямралаас гаргах сайн төлөвлөгөө байхгүй нөхцөлд бусдын зөвлөгөөг ч бас сонсоход гэмгүй болов уу?


Төсвийн хатуу сахилга бат Монголд аль засгийн үед хэрэгжиж байгаагүй. Харин энэ удаад “Стэнд бай”-д хамрагдаж чадвал сайн тал нь Монголын Засгийн газрын үрэлгэн байдал хумигдана. Зөвхөн шаардлагатай гэсэн төсөлд л хөрөнгө оруулах болно. Гэхдээ муу нь мөнгөний хатуу бодлого хэрэгжинэ. Банкны зээл хумигдана. Үүний үр дүнд хувийн хэвшлээс 50-70 мянган хүн ажилгүй болж магадгүй. Хэдийгээр ОУВС-гаас бага орлоготой, ядуу буурай иргэдийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг зөвлөж буй ч эсрэгээрээ ажилгүйдэл нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсч, амьжиргааны төвшин буурах эрсдэл бас бий.

 

Тэгээд ч Монголын зээлжих зэрэглэл буурсан, МАН-ын засагт 13 хувиас доош хүүтэй зээл олдохгүй байгаа, өнгөрсөн дөрвөн жил өөрсдөө өр нэмэхийн эсрэг байсан хүмүүс шүү дээ. Ийм үед валютын ханшийг богино хугацаанд тогтворжуулж, эдийн засагт дутагдаж байгаа цусны эргэлтийг сайжруулах гарц нь ганцхан үнэндээ “Стэнд бай”. Үүнийг МАН-ынхан ухаантайдаа ч олж харсан юм биш, “Бодоод бодоод Бодын шийр дөрөв” гэгч л болсон хэрэг.


Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эрдэс баялгаа эргэлтэд оруулна гэдгээ Сангийн сайд өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ хэлсэн. Гэхдээ Тавантолгой, Гацуурт төслийг хөдөлгөнө гэж үе, үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгадаг ч үнэндээ ажил хэрэг болсон нь үгүй. Дээр нь МАН-ын бүлэглэлүүд эрх ашиг нэгдэж чадсан тохиолдолд л дээрх төслүүд хөдөлнө гэж лавтайяа ойлгох хэрэгтэй.

 

2008 оноос хойш Монгол Улсын төсөв хэт тэлж, уул уурхайгаас олсон мөнгөөрөө дээр дооргүй тансагласан. Энэхүү тансаглалын үр дагавар нь өнөөдрийн хямрал. С.Батболдын Засгийн үед 800 тэрбум төгрөгөөр хэт тансагласныхаа үйл лайг л нэг ёсондоо МАН өнөөдөр өөрсдөө үүрч байна гэсэн үг.

 

Төсвийн хатуу сахилга бат Монголд аль ч засгийн үед хэрэгжиж байгаагүй. Харин энэ удаад “Стэнд бай”-д хамрагдаж чадвал сайн тал нь Монголын Засгийн газрын үрэлгэн байдал хумигдана. Зөвхөн шаардлагатай гэсэн төсөлд л хөрөнгө оруулах болно. Гэхдээ муу нь мөнгөний хатуу бодлого хэрэгжинэ. Банкны зээл хумигдана. Үүний үр дүнд хувийн хэвшлээс 50-70 мянган хүн ажилгүй болж магадгүй. Хэдийгээр ОУВС-гаас бага орлоготой, ядуу буурай иргэдийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг зөвлөж буй ч эсрэгээрээ ажилгүйдэл нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсч, амьжиргааны төвшин буурах эрсдэл бас бий.

 

Уг нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы бичсэнээр эрсдлээс хамгаалах сан байгуулж, байгалийн баялгаас олсон ашгаа хийгээд явсан бол өнөөдөр монголчууд түүнийгээ “идээд” сууж болох л байлаа.

Чухамдаа бол гурван сарын турш улстөржсөн МАН-ын шоу дуусч, одоо л жинхэнэ утгаараа хөрсөн дээрээ бууж байгаа нь харин сайшаалтай шүү.

 

Эх сурвалж: NEWS.MN