ХЭРГИЙН МӨРӨӨР: Ээжийг нь дэлгүүр явсан хойгуур долоон настай хүүг гэрт нь хөнөөжээ


Зураг: Хэрэг гарсан "Цэнхэр байшин"-гийн хотхон


Энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд, есдүгээр сарын 7-нд шилжих шөнө амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан.

Энэхүү хэргийг Хэрлэн сумын Цагдаагийн газраас шалгаж, Шүүх шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар талийгаач хүүгийн үхэл гадны нөлөөтэй гэсэн дүгнэлт гаргажээ.


Бяцхан хүүгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх энэхүү хэрэгт талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат Ц болон тус аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарыг холбогдуулдан шалгаж байгаа юм.

 

Цагдаагийн байгууллагаас мэдээллэж буйгаар, хүүгийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан. Сэжигтэн С, дотно харилцаатай Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амалж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.


Сэжигтэн Б, Ц нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар бүлэглэж, урьдчилан тохиролцсоны үндсэн дээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн зүйл ангиар саатуулан шалгаж байгаа аж.

Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэх Б нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.


 

Зураг: Хэрэг гарсан "Цэнхэр байшин"-гийн хотхон

 

 

-ХҮҮГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭХ ҮЕД ХООЛОЙГ НЬ БООСОН УЛ МӨР БАЙЖЭЭ-


Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэж байгаагаар, талийгаач хүүгийн эцэг Ц нь Дорнод аймгийн уугуул, 1992 онд төрсөн С гэх эмэгтэйтэй дотно харилцаатай болсоор нэг жил орчмын хугацаа өнгөрчээ. Хэрэг гарахаас долоо хоногийн өмнө Ц-гийн эхнэр нөхрийнхөө нууц амрагтай уулзаж, үр хүүхэдтэй бүтэн амьдрал салгах гэлээ хэмээн хэрэлдэж муудалцсан байна.


Талийгаач хүүгийн эцэг Ц хүүхдээ бодож байгаа учир гэр бүлээ салгах бодолгүйгээ С-д хэлсэн нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон бололтой. Нууц амрагтаа уурлаж гоморхсон С тэнсэн харгалзах ял эдэлж байгаа Б-д 200 мянган төгрөг өгч, эд хөрөнгө амлан хүүгийн амь насыг хөнөөх захиалга өгчээ.

Есдүгээр сарын 6-ны өдөр талийгаач хүү хичээлдээ явж ирээд, ээжтэйгээ хамт гэртээ байжээ. Хүүгийн ээж өдрийн 15:30 цагийн орчимд хоёр байшингийн цаана байрлах хүнсний дэлгүүр орохоор гараад, 30 орчим минутын хугацаанд хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээсэн аж.


Ээжийг нь эзгүй хойгуур хүүг хөнөөх захиалга авсан Б байшингийн цонхоор дамжин гэрт нэвтэрч, хүүг хөнөөхийг завджээ. Талийгаач хүүгийн ээж гэртээ эргэж ирэхэд хүү нь ухаан алдсан байсныг мэдэн, эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Талийгаач хүүг эмнэлэгт хүргэж ирэхэд хоолойн тус газар нь боосон байж болзошгүй улайлтын ор мөр үлдсэн байсан хэмээн албаны эх сурвалж мэдээллэж буй юм.


 

Зураг: Хэрэг гарсан "Цэнхэр байшин"-гийн хотхон


-ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЦЭГ ЭХНЭРЭЭ ЗОДОЖ ХАРААГҮЙ БОЛГОЖЭЭ-


Талийгаач хүү 2009 онд төрсөн, долоон настай, Дорнод аймгийн 5-р арван жилийн сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, айлын хоёр дахь хүү. Аав, ээжийн хамт Дорнод аймгийн төвөөс зайдуу орших хуучин “Оросын хороолол” гэгдэх “Цэнхэр байшин”-гийн хотхонд амьдардаг байжээ.


Хүүгийн эцэг Ц нь орон нутгаас мал худалдан авч нядлаад, махны худалдаачдад дамлан зардаг /ченж/ аж. Эхнэр нь мөн хувийн бизнес эрхэлдэг гэх ба орон нутагтаа амьдрал ахуй сайтай айлуудын нэг гэх.

Долоон настай Т хүүгийн амь насыг хөнөөлгөхөөр захиалсан гэх С гэгч эмэгтэй нь 1992 онд төрсөн, Дорнод аймгийн уугуул нэгэн аж. Тэрээр зураач мэргэжилтэй ч тодорхой ажил эрхэлдэггүй, гэртээ хүүхдээ хардаг байжээ. Мөн тогтсон нөхөргүй боловч ой гаруй насны нэг хүүхэдтэйгээ амьдардаг аж.

Түүний нууц амраг болох Ц нь нутагтаа сайн нэргүй нэгэн гэх ба эхнэрээ зодож дарамталдаг байсныг эх сурвалж хэлж байна. Хэдэн жилийн өмнө Ц-д зодуулсны улмаас талийгаач хүүгийн ээж З-ийн нэг нүд бүрмөсөн хараагүй болж, хиймэл нүд суулгуулжээ.

 

Эх сурвалж: Medee.MN