Улс шиг хөгжих, хүн шиг амьдрах тухай яриа нь нэг намын мөрийн хөтөлбөр, уриа лоозон төдийхөн бус дэлхий дээр оршин тогтнож, сэтгэн боддог бүхний бүхий л цаг үед хүсч байсан үнэт тэмүүлэл юм. Гэхдээ хүсэхэд хясна гэгчээр цаг үе, нөхцөл байдал тэр бүрий бүгдэд тэгш үйлчилдэггүй. Нэгэн цагт Афин хүчирхэг байсан нь мартагдаж Ромын хөлд сөхөрсөн. Аугаа Ромыг хэн ч буулган авч чадахгүй мэт он цагууд өнөө аль хэдийн мартагдаж тэдний гэх бүхэн түүхийн хичээл төдийхөн болон ард хоцорсон. Хүчирхэг өвөг дээдэстэй хэмээн бахархах бидний хувьд ч найман зууны тэртээх аз хийморь маань шороотой хутгалдаа юу даа хэмээн бодоход хүрч, тусгаар тогтнолоо алдах аймшигт цагийг хүлээж буй мэт түгшүүртэй он жилүүдийн босгон дээр тулж иржээ. Монголчууд эртнээс хүчирхэг байсан ч эвтэй байсан нь үгүй.
Бидэнд эвсэн нэгдэх ухаан, тэвчээр тэр бүрий заяасангүй. Байлдан эзэлж, мандан бадарч явсан түүхээ Монголчууд маш сайн мэднэ. Харин алалдан хядалцаж, нэгнээ хорлон явсан түүхийг тэр бүр санахгүй, дурдахгүйг хичээн байх шиг анзаарагдах юм.
Бүр саяхны түүхэндээ ч бид эв нэгдэлгүйн гашуун сургамжийг их л сайн амссан баймаар... Гэвч эвсэн нэгдэж, нэгэн үндэстэн болж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Өнөөдөр ололт юу байгаагаа дурдвал түүнийгээ өөртөө наах гэж, алдаа юу байгааг тоочвол түүнээ бусдад тохох гэсэн ядмагхан оролдлоготой Монголчууд амьд гэхэд арай л арчаагүй, үхсэн гэхэд үнэндээ үнэмшилгүй хүн сүрэг болон нэг аравны таван сая км квадрат дотроо бүгж байна. Цагийн жамаар өнөөгийн бид үхэж үр хойчос минь амьдралын тойргийг үргэлжлүүлэх тэр үед амрагийн явдалдаа бөгс нь өтдөөд, шуналдаа шаналж, арчаагүйдээ архинд толгойгоо мэдүүлж мөхсөн Монгол гэх тусгаар орны сүүлчийн иргэдийн тухай яриа гарвал тэр нь гарцаагүй бид байх болно. Улсыг минь бүрэн бүтэн, нэртэй төртэй үр хойчид минь үлдээгээч гэж улс төрчдөөс, найз нөхдөөсөө, гаднынхнаас тэр бүү хэл өөрөөсөө гуйх цаг ирдэг юм байж. Хорин нэгдүгээр зуунд боловсорч чадаагүй харанхуй иргэн байсандаа бид эх орныхоо өмнө өртэй.
Бүх зүйл арай ч төгсгөлдөө хүрээгүй байгаа дээр нь энэ бүхнийг засаж бас болох байх хэмээн итгэж байна. Монгол эрчүүд бид их арчаагүй болсон. Уух идэх нь дийлдэхгүй мөртөө хов базаж, хор хутгаж явах нь элбэг.
Маргааш сайхан амьдрахын тулд өнөөдөр зүтгэх гэхийн оронд өнөөдөр хоромхон жаргахын тулд маргаашийн ирээдүйгээ цаг хугацааны ломбардад тавьж орхидог.
Хийсэн ажлынхаа эзэн болж хүн шиг буруугаа үүрч, хариуцлагаа дааж чадахгүй бидний цаг үеийн эрчүүд хөвгүүдээ хэрхэн эр хүн болгон өсгөх билээ. Энэ мэтээр дурдаад байвал Монгол иргэний алдаа тоолж барахгүй их. Бие хүний сул дорой, алдаа бүхнийхээ тоогоор бид тусгаар тогтнолдоо салаавч гаргаж буй юм.
Монголчууд өлсөж үзээгүй ард түмэн гэдгээрээ нэлээд гайхуулах дуртай. Дэлхий дахин дайны хөлд нэрвэгдэн өлсгөлөн гуйланчлалд өртөн байх тэр цагт цай, даавуу төдий өргөн хэрэглээний бараа гэхээс хоол ундаар дутагдан гачигдаж яваагүй нь гарцаагүй үнэн. Гэдэс өлсөөгүй ч өөр өлсдөг эд эрхтэн бас хүнд байдаг юм байна. Монголчуудын тархи өлсгөлөнд автжээ. Хорин жилийн өмнө интернет гэдэг зүйл мэдээллийг хурдан түгээх боломжоороо мэдлэгийн уурхай хэмээгдэн байсан боловч өнөөдөр тэр хэмжээний нэр төрөө алдан ухаалаг хүний өдөр тутмын хэрэгцээ, ухаан муутай, сул дорой хүний өвчин эмгэг, сэтгэцийн дон болон хувирчээ. Интернет монголчуудад юүтүбийн бичлэг үзэх, сошл хуудсуудаа шалгах, гүүглээс элдэв зүйл хайх төдийхөн боловсрол олгосон. Ном унших нь хүний эрх гэхээсээ илүү зайлшгүй хэрэгцээ шаардлага юм байна гэдэг нь өнөө цагт маш сайн харагдаж байна. Ном уншдаггүй Монголчууд мэдлэггүй мэдлэгтэн, цэцэрхэх дуртай үзэн ядагчид болж хувирч буйг цахим мэдээллийн хэрэгслүүдийн доор буй сэтгэгдлүүдээс хангалттай харж болно. Монгол ямар байх ёстой, яаж хөгжих, зөв Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх тухай нийтлэг ойлголт байхгүй. Гэхдээ байж болохгүй зүйлийн тухай бол нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг ойлголт хүн төрөлхтөнд бий. Бид л ном уншдаггүйн хар гайгаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээнээсээ алхам алхмаар холдоод байгаа болохоос биш бидний анзаарахгүй байгаа олон дутагдал соёлт хүн төрөлхтөнд байж боломгүй зүйлийн ангилалд багтдаг юм.
Монголоос өөр оронд үндсэрхэг үзэл хэт ханхлуулсан неонацист, дуулахуйн боловсролоос өөр мэдлэггүй хүнийг хууль батал хэмээн сонгодоггүй юм.
Монгол, Украйн мэтийн ядуус, ядуу сэтгэлгээтэн олонтой газар л бөхчүүд, боксчдоороо хууль батлуулах гэж сонгодог бололтой. УИХ-ын танхимд гишүүн болсон хүн гэр орных нь уранхай обойг нь засаад, цалинг нь нэмээд, уурхайгаас олсон мөнгөө сар бүр хармаанд нь хийх ёстой гэж үздэг өлсгөлөн сэтгэхүйтэй ард түмэнтэй улс хэзээ ч хөгжихгүй гэдгийг магадгүй мөхсөн Монголын жишээн дээр хожим аль нэг улсад түүхийн хичээл дээр нь заах биз. Энэ бүхний буруутанг хэн гэж бодож байна. Бичиж буй би, уншиж буй та буруутай. Ямар нэгэн улс төрчид бурууг өгөөд яахав дээ. Тэнэгүүдээр тэнэгүүд л удирдуулна гэж нэг үг байдаг.
Эх сурвалж: Breakingnews.mn
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна