МАН-ын ураг төрлийн ТОМИЛГООНУУД


Шинэ засаг солигдох бүрт дарга, сайд нар шинээр томилогдохдоо тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог  гаж тогтолцоо манайд хэдийнээ угшжээ. Энэ байдал 2012 оноос илүүтэй нэмэгдсэн гэж үздэг. Учир нь үүнээс өмнө  сонгуулийн дараа халаа сэлгээнд ордог төрийн албан хаагчийн тоо дунджаар 5,000 орчимд яригддаг байсан бол 2012 оноос хойш жилдээ 10,000 хүн халаа, сэлгээнд орсон байна. Тодруулбал, 2012 оноос хойш 15,000 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 30,000 хүн эргүүлэн ажилд авсан гэх мэдээлэл хүртэл бий. 

Үүний цаана төрийн алба чадвартай, чанартай болж төлөвшихгүйгээс гадна мэргэшсэн төрийн албан хаагч гэж үгүй болж байгаа юм.

Төрийн албан хаагч ердөө дөрөвхөн л  жилийн настай. Учир нь сонгууль бүрийн дараа төрийн албаараа тоглож бялуу хуваарилалт хэдэн сар дамнан явагддаг.

 

Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуульд  үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан бялуу  хуваарилалтаа өгч дуусах шатандаа орж байна.  Хамгийн сүүлийн том бялууны тухайд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилгоо байлаа. Энэ бүх томилгоонуудаас харахад манай улстөр  хэдийнээ  худ ургуудын улс төр болон хувирчээ. 

Угтаа өөр салбарт худ ургуудийн хэлхээ холбоо байх нь тийм ч аюултай биш. Харин улс төрд бол байж болохгүй зүйл гэдгийг хэн хүнгүй л мэднэ.   Уул усны ойр нь, ураг төрлийн хол нь дээр гэдэг атал  МАН-ынханы ураг төрлүүд улс төрд  их л ойр байгаа нь олон нийтийн ундууцлыг ихээхэн төрүүлж байна. Тэд гэр бүлээрээ, хамаатан саднаараа улс төрд  аалзны тор шиг сүлжээнд орсон болох нь доорх  мэдээллээс харагдах биз ээ.

 

Худууд улс төрд мөр зэрэгцэв


 

Эрүүл мэндийн сайдын томилгооны тухайд Ж.Цолмон яригдаж байсан ч АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үндэслэлээр үүднээс нь буцсан. Харин түүний оронд А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайд болгов. Ийн А.Цогцэцэг саад барцадгүй ийн орж ирсэн шалтгаан нь  МАН дахь тулхтай улс төрч худ Н.Энхболдтой туйлын холбоотой.  

 

Ц.Нямдорж гишүүн хүүгээ Гадаад харилцааны яаманд шургуулав


 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  хүү Н.Анхбаяраа Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын даргын албанд томилуулсан байна. Түүний хүү өмнө нь АНУ дахь Санфранцискод суух консулаар ажиллаж байжээ.

 

М.Энхболд хүү Э.Анарыгаа Монголбанкинд газрын захирлаар томилуулав


 

УИХ-ын дарга М.Энхболдын  хүү Э.Анараа Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захиралд томилуулсан.  Э.Анар нь  төв банкинд мэргэжилтэн хийж байсан туршлагатай хэмээн  үнэлэх нэгэн ч  байгаа юм.

 

Cү.Батболдын ХҮҮ Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн болов

Ерөнхий сайд асан Сү.Батболд Монголоос анх удаа харвардад магистр хамгаалсан гэгдэх Б.Баттүшиг хүүгээ Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн болгов.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав сайн хадам ээж болохоо харуулав



 

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг өнгөрөгч Пүрэв гаригт томилсон. Үүн дундаас  ТУЗ-ийн гишүүнээр  томилогдсон Ч.Алтаннар олны анхаарлыг татаж байгаа юм. Учир нь Ч.Алтаннарын тухайд Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Жирийн нэгэн сургуулийн захирал нэгэн. Тэгвэл сайн хадам ээж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын буянаар  “Оюутолгой” компанийн ТУЗ-д ногоон гэрлээр ороод ирэв.
 
 

Б.Саранчимэг гишүүн нөхрөө “Чингис хаан” нисэх буудлын даргын зөөлөн суудалд залруулав


 

 

Мэргэжлийн засгийн газарт дүүтэйгээ мөр зэрэгцэн сууж байгаа гишүүн болох “эко” тодотголтой Б.Саранчимэг гишүүн нөхрөө том албан тушаалд шургуулж чаджээ.

Энэ мэт ураг барилдсан улстөрийн томилгоонууд үргэлжилсээр байна.

 

 

Эх сурвалж: Breakingnews.mn