УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ЦӨЛМӨЖ, оффшор дансанд нуусан уу


Монгол Улсын баялаг хараа хяналтгүйгээр гадаад руу урсаж байгаа эмгэнэлтэй цаг үеийн тухай бид их ярьдаг. Тэгвэл Монголын баялгийг амин хувьдаа ашиглаж, завшаантайгаар баяжиж байгаа гэгдэх цөөн эрхмүүдийн нэг нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэж хэлж болно. Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Дэлгэрсайхан махны наймаагаар бизнесээ эхлүүлсэн боловч өдгөө түүнээсээ Монголын баялгаар наймаа панз үсэргэдэг их гарын бизнесмэн болж чаджээ.

 

Б.Дэлгэрсайхан хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулснаар түүний тэрбумтан болох замнал шуударсан. Өөрөөр хэлбэл, Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий орд газрыг хятадуудтай хамт хоосолсноор тэр хөрөнгөжих замаа засч чадсан байна. Хоёрхон жилийн дотор гэхэд л 3.5 сая тонныг урд хөрш рүү зөөсөн гэдэг. Ингэж зөөхийн тулд түүний компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хувийн хэвшлийнхнээс анх удаа өөрийн хөрөн­гөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж иржээ.

 

Ингээд вагон вагоноор нь  Монголын баялгийг Хятад руу зөөж, Б.Дэлгэрсайханы халаасанд үлэмж их ашиг сул асгарч байв.

 

Харин Монгол Улсад үүнээс хэр ашиг орлого орж ирсэн бол гэдэг эргэлзээ төрүүлдэг. Хөрөнгө чинээгээрээ толгой баячуудтай энэ зэрэгцэх болсон Б.Дэлгэрсайхан хэдхэн жилийн дотор Монголын төмрийн хүдрийн гол ордыг цөлмөхдөө улсад багахан хувийн татвар төлсөн гэдэг. Энэ их баялгийг боловсруулаагүй чигээр нь гаргаж, үр дүнд нь нэгхэн хүн хэмжээ хязгааргүй баяжсан нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийн илэрхийлэл юм.

 

Хэрвээ дотооддоо боловсруулж, эсвэл нэг хүний ашиг завшаан болгоогүй бол тэрхүү вагон вагоноор ачигдсан төмрийн хүдэр МОНГОЛД ХЭДИЙ ХЭРИЙН ҮНЭ ЦЭНЭ бий болох байсныг хэн ч тааварлах аргагүй.

 

Түүнийг татвараас зайлсхийж, гадаадын оффшор бүсэд мөнгөө хадгалдаг гэх мэдээлэл ч байнга гардаг. Үнэхээр ч Монголын оффшор данс эзэмшдэг гэж зарлагдсан 49 хүний дотор мань Б.Дэлгэрсайханы нэр тодоор дурайн гарч ирсэн нь дээрх хардлагыг батлах шиг үйл явдал болсон юм.

 

Тиймд түүний оффшор дахь хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох, татвараас нуун дарагдуулсан эсэхийг нотлох, гэмт үйлдэл, бохир улс төр, авлига хээл хахуультай холбоотой эсэхийг Монголын төр олж тогтоох учиртай. Ер нь мөнгөө нуух, гадаадад байршуулах улстөрчдийн сонирхлын ард маш том гэмт үйлдэл, бохир улс төр, авлига, хээл хахууль нуугдаж байдаг жамтай. Тиймээс улс орнууд өөрийн орны улстөрчдийн гадаадад байршуулсан, худалдаж авсан, бий болгосон хөрөнгийн араас мөрдөн шалгаж, илрүүлэхээр чармайх болсон. Харин Монголын төр Б.Дэлгэрсайханы хөрөнгийн хойноос нэхэн мөшгих эсэх нь тодорхойгүй байна. Өдгөө УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болж, эрх мэдэлтэй болсон учраас энэ нь бүр ч боломжгүй болсон байх талтай. Бизнесийнхэн хуулиар хориогүй бол гадаад орлогоо оффшорт байрлуулж болдог. Харин Б.Дэлгэрсайханы хувьд нэгэнт төрийн өндөр албан тушаалтан болсон тул гадаадад нууц данстай байх эрхгүйгээс гадна татвараас зугтсан, нуун дарагдуулсан, худал мэдүүлсэн байвал хариуцлага хүлээх ёстой.“МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХЭТЭРХИЙ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛСОН БАЙНА. Тиймд тансаг хэрэглээгээ танах хэрэгтэй.” гэж даапаалж суусан Б.Дэлгэрсайхан гадаадад данс нээж, тэндээ Монголын баялгаар бий болсон үлэмж их хөрөнгийг нууж байж мэднэ гэж олон нийтийн зүгээс дургүйцэн хардаж байна. 

 

Breakingnews.mn