Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл юуны учир С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татагдав? Энэ нь удахгүй болох гэж байгаа орон нутгийн сонгууль болоод Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу. Эсвэл үнэхээр С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа илэрч, түүнд Э.Бат-Үүл албан ёсоор холбоотой байж таарав уу.
Юун түрүүнд, Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлаж, яллагдагчаар татагдсан тухайгаа өөрөө түрүүлж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Түүнд ингэж яаравчлах ямар шалтгаан байв? “Унаж буй хүн гарт тааралдсан хамгийн эхний өвснөөс зуурдаг” гэдгийн үлгэрээр айн сандарсан хүний үйлдэл байв уу, улс төрийн зорилготой гүжир гүтгэлэг гэдгийг зарлах гэсэн сэтгэлийн үнэн байв уу.
Э.Бат-Үүлийн нэр С.Зоригийн хэрэгтэй байнга холбогддог. Гайтай малгайн балгаар. Бидний багад малгайгаа хаа нэгтээ газар мартчихаар “Нэртэйгээр нь толгойгоо мартаад ирэхгүй яагаа вэ” гэж аашилдаг байсан нь эрхгүй санагдаж байна. Э.Бат-Үүлийн хувьд хэргийн газар малгайгаа мартсан нь толгойгоо мартсанаас дутахгүй балаг тарьсан гэхэд болно. Өөрийнх нь хэлснээр бүр хадам ээжийнхээ малгайг мартаад явж байдаг. Мартаж санахыг нь ойлгож болох юм гэхэд хадам ээжийнхээ малгайг юугаа хийж авч явсан юм бол оо ч гэж гайхаж эргэлзмээр.
Э.Бат-Үүл ирж, хэргийн газар дээр тухайн үеийн УИХ-ын гишүүдийг албаар дуудан авч ирж талийгаачийн цогцсон дээгүүр тодорхой зорилготой алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан гэж хардах хүмүүс ч байдаг. Энэ нь хэрэв үнэн бол Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үйлдэл. Гэвч ийм үйлдлийг санаатайгаар хийсэн нь нотлогдсон байлаа ч яллагдагчаар татагдсан шалтгаан нь энэ биш болов уу. Тэгж таамаглах үндэслэл бий. Учир нь Э.Бат-Үүлээс нэмэлт шинжилгээ авсан тухай мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийн газар малгайнаас өөр Э.Бат-Үүлийнх байж болзошгүй эд зүйл, баримт материал байсан байж болзошгүй гэсэн үг. Гэвч хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны тайлбар хийгээгүй байгаа нөхцөлд ямар ч таамаглал хүчингүй.
Харин түүнийг яллагдагчаар татсан явдал нь олон таамаг, хардлагыг дахин сэргээж, өмнө гарч байсан сэжүүр, сэжгийг баталсан мэт олон нийтийн дунд онц сонирхолтой нөхцөл байдлыг үүсгээд байна. Тухайлбал, ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга агсан Д.Нинжийн өмнө нь ярьж байсан бүхэн үнэний ортой юм биш биз гэх эргэлзээг төрүүлэх болов. Тэрээр 2011 онд Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргийн шууд сэжигтнээр нэрлэж байсан билээ. “С.Зоригийг хөнөөх тухай балмад санааг түүнийг алагдахаас нэг жил хагасын өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Билэгтээс сонсч байсан. Гэсэн ч тэр үгэнд нь итгээгүй, ач холбогдол өгөөгүй. Тэрбээр манайд хоёр удаа архи уухаар ирэхдээ «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С. Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» хэмээн ярьж байсан. Үнэхээр С.Зоригийг амьд байсан цагт Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүйг хүн бүр мэднэ” гэж Д.Нинж ярьж байжээ. Энэ бол хэдийгээр баримт биш гэлээ ч ийм зүйлийг огт оргүйгээс санаанаасаа зохион ярина гэж бас баймгүй мэт.
Мөн ардчиллын үйл хэрэгт анхнаас нь оролцож явсан жүжигчин Д.Сосорбарамын үг ч олныг сэрдийлгэсэн удаатай. Тэрээр “Америкаас Малыш Б.Энхтүвшин над руу гурав утасдсан. Тэр миний хардлагыг одоо ч тавиулдаггүй. Юу гэхээр “За Со минь. Би чамд нууцгүй үнэнийг хэлье. Ардчиллын 13-аас 10 нь үлдэнэ. Нэг нь үхсэн, хоёр нь шоронд явна. Тэгэхгүй яадын. Элбэгдорж, Бат-Үүл хоёр алсан” гэж ярьсан. Энэ аймшиг уу” гэх мэтээр ярьж байсан нь хальсанд бичигдэн үлджээ.
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Да.Ганболд нар С.Зоригийг бүрэлгэсэн” гэж бас шууд хэлж байв. Өөрөөр хэлбэл, түүний хамтран зүтгэгч асан гурвын гурван хүн С.Зоригийн алсан хүн бол Э.Бат-Үүл гэж нотлон өгүүлжээ. Энэ мэтээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэх олон хандлага Э.Бат-Үүлийг чиглэж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ бүх таамаг батлагдаж байсан удаагүй.
1998 онд Э.Бат-Үүлийг баривчилж шоронд хорьсныг ихэнх хүн С.Зоригийн хэрэгт холбогдуулан хорьсон гэж эндүүрдэг. Үнэндээ бол түүнийг хүн зодсон гэх үндэслэлээр шоронд хорьсон байдаг. Тиймд Э.Бат-Үүл хэргийн хууль ёсны яллагдагч болж, албан ёсоор сэжигтэн болж байгаа нь анхны ноцтой тохиолдол нь энэ юм.
Тэгвэл үүнийг эрх баригч намын зүгээс явуулж буй сонгуультай холбоотой арга хэмжээ гэж зарим нь дүгнэж буй. Тэд МАН-ын дарга М.Энхболд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж мэдэх Э.Бат-Үүлийг замаасаа зайлуулах гэсэн оролдлого гэж үзэж буй.
Гэвч энэ хувилбар төдийлөн үнэмшилтэй биш байж мэдэх талтай. Учир нь өнөөдрийн амжилтад хүрээд буй С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах үйл явц АН-ыг эрх барьж байх үед эхэлсэн. Талийгаачийн эхнэр Д.Булганыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчлан хорьж, улмаар хэргийн шинэ шинэ сэжүүрийг олж илрүүлсэн гэж үздэг. Түүгээр ч зогсохгүй, хавтаст хэрэг Э.Бат-Үүлийг чиглэж, түүнтэй холбогдож байгаа тухай мэдээлэл аль эртнээс тархсан байсан. Ямар сайндаа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би ямар хүнд улсын баатар өгчихөв өө” гэж дороо дэвхцсэн тухай нийтлэл гарч, тэрхүү нийтлэлд Э.Бат-Үүлийг хэрэг гарах үед хамт байсан мэтээр дүрсэлсэн байдаг. Үүнийг мэдээж Э.Бат-Үүл үгүйсгэсэн ч доторх бүх баримтыг няцааж чадаагүй. Харин ч эсрэгээрээ тус нийтлэлийг нийтэлсэн “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх “С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг холбогдуулан шалгаж байгаа. Худал гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Д.Булгантай очиж уулз. 1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн худал ярьсныг тогтоо л доо” гэж зоригтой мэдэгдсэн юм.
Хэрэг явдал ийм. Цаашид хэрхэн өрнөхийг хэн ч таашгүй. Э.Бат-Үүлийн талаарх сэжиг таамаг нэг бол нотлогдоно, нөгөө бол няцаагдаж, нэр төр нь цагаадах биз ээ. Харин одоогийн нөхцөлд нэг л зүйл тодорхой байна. Тэр нь Э.Бат-Үүлийн рейтинг, нэр хүнд. АН-ын даргын сунгаанд оролцож магадгүй гэж яригдаж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж ялах хамгийн магадлалтай хүн гэгдэж байсан зэрэг нь салхинд хийслээ. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар шилдэг улстөрчдийн эхний гуравт бичигдэж байсан тэрээр нэр хүндийн их хохирол хүлээгээд байна.
Уг нь түүнд улс төрийн замналаа дахин шинээр эхлүүлэх хэрэгцээ байсан. Магадгүй түүний хотын даргаар улиран ажиллах хүсэл нь талаар болсноор түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-ын дарга болох дайралтаа эхлүүлэх боломжийг олдоод байв. Харин одоо энэ боломжийг эдлэхийн тулд нэрээ цэвэрлэх хүнд даваатай туллаа. Э.Бат-Үүлд нэр төрийг нь балласан дахиад өөр бартаа саад ч бий. Тэр нь түүний хүү Б.Чулуудайтай холбогдох оффшор данс хийгээд өөрийнх нь яаран хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Хүүгийнх нь нэр дээр оффшор данс илэрсэн даруйд Э.Бат-Үүл “Хэрвээ миний хүүгийн тэр дансаар ямар нэг гүйлгээ хийгдсэн байх юм бол би албан тушаалаасаа огцорно. Тэр байтугай аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” гэсэн ам тангараг өргөсөн.
Харамсалтай нь, Э.Бат-Үүл хэлсэндээ хүрч чадаагүй. Тиймд нэр төрийг нь сүйдэлж, өөрийг нь хэлсэндээ хүрдэггүй улстөрч болгон харагдуулах үндсийг тавьсан хүүгийнхээ балгийг цэвэрлэхээс улс төрийн шинэ санаархлаа эхлүүлэх нь Э.Бат-Үүлийн хувьд хамгийн зөв нүүдэл болов уу. Магадгүй тухайн үед хэлсэн үгэндээ эзэн сууж, Б.Чулуудайн дансаар гүйлгээ хийсэн нь тодорхой болсон даруйд албан тушаалаасаа огцорчихсон бол өдийд түүний нэр хүнд маш өндөр байгаад зогсохгүй ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас түүнээс өөр хүний нэр яригдахгүй байх хэмжээнд хүрэх байлаа. Одоо дээр нь С.Зоригийн хэргийн яллагдагчаар нэрлэгдлээ. Энэ бүхэн түүний Ерөнхийлөгч болох санаархлыг хязгаарлаад зогсохгүй улстөрчийн амьдралыг нь төгсгөж ч мэдэхээр байна.
Эх сурвалж: www.breakingnews.mn
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой