Шашин шүтэх эс шүтэх нь таны эрх, гэхдээ


Шашин шүтэх, эс шүтэх нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний бүрэн эрх. Гэвч энэ эрхийг тунхагласнаас хойшхи сүүлийн хорь орчим жилд шашинтай холбоотой элдэв харилцаа Монголд бараг зохицуулалтгүй, зоргоороо явж ирэв.

Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний асуудал ч гэлээ сүүлийн үед гадны янз бүрийн шашны урсгал манай улсад нэвтэрч өөрсдийн сургаал номлолоо хүчээр тулгах, хоол хүнс, эд зүйлээр “урхидан” татах оролдлогууд гарах нь түгээмэл боллоо. Нүдэн дээр өрнөж буй шашны хүчирхийлэл гэж болохоор үйлдлүүд өдрөөс өдөрт газар авах хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд “200 хүн усан баталгаа хийлгэв” гэх пост цахим ертөнцөөр тархаж олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэв. Тодруулбал, Туул гол Маршалын гүүр орчимд Христийн шашныхан 200 хүнд усан баталгаа хийж, аман дээр нь цагаан даавуугаар бүтээгээд хувцастай нь усанд хэвтүүлж гэм нүглийг нь угааж шинэ хүн болгодог гэх шашны ёслол үйлджээ.

Улаанбаатарыг ундаалан тэтгэгч Туул голд минь Харийнхан хувцастайгаа ороод зогсчихсон Монголчуудын гэм нүглийг ариусгаж, угаах зан үйл үйлдэж байгаа нь яах аргагүй өнөөгийн нийгмийн эмгэнэл. Мөн тэдгээрийн дийлэнх нь Монгол Улсын маань ирээдүй болсон залуучууд байгаа нь хамгийн том харуусал юм.

Хэдэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол одоо оройдоо загалмай хадсан сүм хийд хаа сайгүй таарах болсон. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм байгааг та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш. Нийслэлд бол харийн шашныхан голдуу гэр хорооллыг онилж, тарчиг амьдралтай иргэдийг бараадан өөрсдөдөө татаж итгүүлэхдээ гаршаад буй.

Хөдөө орон нутагт ч ийм байдлаар үйл ажиллагаа явуулж, монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ, төр засагтаа болоод өнөөгийн амьдралдаа сэтгэл дундуур явдагт нь дөрөөлж гурил будаа юухан хээхнээр уруу татсаар. Аливаа үндэстний өөрийнх нь дархлаа сайн үед хэчнээн ч шашин байсан нөлөө үзүүлж чадахгүй. Гэвч одоо монголчууд өөр хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү нь ядуу, оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй шаардагдаж байна. 

 

Эх сурвалж: Zaluu.com