Даварсан 65-ыг яаж хазаарлах вэ?


УИХ-д зайдалж эрх мэдэлдээ эрдэж суугаа 65 нөхрийг хэн, яаж хазаарлах вэ? Өнөөдөр өглөө хуралдсан Хууль зүйн Байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавьсан асуудлыг авч хэлэлцээд, гишүүдийн олонхи нь “Дэмжихгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн байна. Ингэснээр үндсэндээ бүх ард түмнээс сонгогдсон Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригт Ардын намын гишүүд “салаавч” өгч байна. Өмнө нь Засгийн газар бүрдүүлэх асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүтцийн үндсэн чиг үүргийн яамны тоог нэмснийг, Аж үйлдвэрийн яамыг татан буулгасныг, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын нэрийг өөрчилснийг хүлээн зөвшөөрөөгүй, дахин саналаа оруулж ирэхийг Ерөнхий сайдад даалгасан ч эс тоосон билээ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэл дундуур байгаагаа жиргээгээр л илэрхийлж байв. “Шинэ Засгийн газрыг мэргэжлийн гэж хэлэхгүй. Дан дээл, хариуцлагын тухай ярилтгүй. Мөнгө, эрх хоёр нь амлалт, зарчим хоёрыг дийлжээ. Нүд чих нь ингэж хурдан бөглөрөх” гэж хэмээн аргаа баран жиргэсэн байдаг. Тэгвэл энэ удаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоол дээр тавьсан хоригийг нь Байнгын хороон дээр л шууд унагаж байна.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар ороход хоригийг 10 сөрөг хүчний /9 + О.Баасанхүү гишүүн/, бие даагч С.Жавхлантай нийлээд 11 гишүүн л хүлээж авах магадлалтай. МАН-ын бүлэг гишүүдээ хайрцаглан, хурааж тасхийтэл эсэргүүцэж, ярсхийтэл гар өргүүлэх нь ойлгомжтой. Хойшид ч ард олны итгэл, эрх ашгийг хөсөрдүүлсэн тогтоол, шийдвэрүүд дээр Ерөнхийлөгч мянгантаа хориг тавиад, сөрөг хүчнийхэн шүүмжлээд ч энэ янзаараа л байх нигууртай.

 

Дээрээ ийм 65 асаалттай танк байгаа гэж үзсэн МАН-ынхан хаа сайгүй төрийн албыг булаан авч, халаа сэлгээ явуулсаар байна. 2012 онд Ардчилсан нам олонхи болж төрийн эрх атгаж байхад бас л иймэрхүү үзэгдэл ажиглагдаж байв. Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага уг нь Монголд бий боловч сонгууль болгоны үр дүнгээр төрийн эрх ээлжлэн атгаж байгаа намуудад үйлчилж, ажлын байр бэлдэж өгөхөөс өөр хийх зүйлгүй газар болсон. Уг нь сөрөг хүчнийхэн, хэвлэлүүдээс урьтаад төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг өмгөөлж хаацайлж дуугарах газар нь энэ л байлтай. Гэсэн ч нөгөөх л 65-д долигоносон мэт, өөрсдөө л албан тушаалдаа үлдэж байвал бусад нь падгүй мэт таг чиг.

 

Дөнгөж саяхан АН-аас мэдэгдэл хийж ирэх сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн, есөн аймгийн 100 орчим нэр дэвшигчийг хассан тухай зарлалаа. Чингэхдээ нэр дэвшигчдийн гарын үсгийн хэв буруу зэрэг үл ялиг асуудлаар шалтаглах, хуульзүйн үндэслэлгүй, улс төрийн нэг талыг барих үйлдлүүд гаргаж, Архангай аймгийн Өлзийт суманд л гэхэд 21 нэр дэвшигчийг бүртгээгүй, хассан байна. Нийтдээ 100 орчим нэр дэвшигчийг хассан явдал нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж эхэлснийг гэрчилнэ. Тайлбар нь амархан. Бас л Сонгуулийн орон нутгийн хороод өнөөх 65-ыг дууриаж хөдөө, орон нутагт сөрөг хүчиндээ эр бяраа гаргаад долигоноод эхэлсний шинж. Шүүхэд ч хандаад нэмэргүй. Албан тушаал, цалин цуухтайгаа үлдэхийн төлөө хэн нэгэн заргалдлаа гэхэд ямар ч шударга шийдвэр ойрын хэдэн жилдээ гарахгүй болсон төрхтэй.

 

Ерөөс аль нэг нам, хүчинд төрийн эрхийг хэтэрхий лав атгуулбал ийм хортой гэдгийг манай ард түмэн мартсан бололтой. Байдал ингэж хүндэрч байхад сөрөг хүчин нэртэй Ардчилсан намын удирдлагууд зөвлөл нэртэй байгууллага үүсгэж өөрсөддөө янз бүрийн нэр хоч, “дарга, сайд” гэсэн тодотгол өгч хуучин эрх ямбаа үгүйлэн санагалзаж байгаагаа илэрхийлж сууна. За тэгээд ч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нарын, өнөөх зөвлөлийн хэдэн эрхмийн үгийг эрх баригчид сонсох нь байтугай Ерөнхийлөгчдөө ч “салаавч” үзүүлж суугаа. Тэгэхээр даварсан 65-ыг энэ улсад хэн, яаж хазаарлах вэ? Энэ асуулт монголын нийгмийн маш том анхаарлын тэмдэг болон үлдэж байна.

 

ЭХ СУРВӨЛЖ: POLITIK.MN