Гэнэт халагдсаны тэтгэмж, цалинг бууруулна


Сангийн сайд өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон цалин, тэтгэмжийг бууруулах багц хуулийн төслийг танилцуулсан билээ. Энэхүү төслүүдээр төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

 

Түүнчлэн төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжтэй холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчаас ЕБС-д ажиллах орон тооны зохистой харьцаа алдагдаж, төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулах байдал нэмэгдсэнтэй холбогдуулан орон тооны жишиг нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлдэг байх нь зүйтэй хэмээн хуулийн төслийг боловсруулжээ.

 

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж байсныг 50 хувь болгон бууруулах, мөн төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг хангах зорилгоор боловсролын салбарт хуваарилах зардлын хэмжээг тогтоож байдаг зарим норм, норматив, ялангуяа орон тоотой холбоотой нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж байхаар тусгажээ.

 

Хууль санаачлагчаас нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзэж зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх зорилгоор төрийн улс төрийн, төрийн өндөр, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг 40 хувиас хэтрэхгүй байхаар, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү төслийг хууль батлагчид дэмжиж, хэлэлцэхээр болсон юм.

 

Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цөөлөх бодлого барьж буй нь энэхүү төслөөс тодорхой болж байна.. Гэнэт халагдсаны тэтгэмжийг бууруулж, цомхотгол хийхээр төлөвлөсөн бололтой. Эхнээсээ энэ нь ч хэрэгжиж эхэлжээ. Зарим агентлагуудад шинээр очсон дарга нар нь бүх ажилчдаа түдгэлзүүлчихсэн байгаа бөгөөд хууль батлагдахыг хүлээж буй гэнэ.

Тиймээс төрийн албан хаагчдыг хоморголон халж, ажилд авсан хүмүүсээс 60 тэрбум төгрөгийг босгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн нь энэ гэж төрийн албан хаагчид ярилцах болжээ.

 

Эх сурвалж:News.MN