Ардчилсан намын дотоод хагарал ил цагаандаа гарч, улмаар энэ нь улс төрийн асар том ялагдал хүлээхэд хүргэсэн. Ялагдсан даруйдаа анхаарлын төвөөс гарч одсон тус намын хагарал өдгөө хэвээр бугшин оршиж байгаа юу, эсвэл чимээ дарсан шигээ дотоод хагарлын амбиц нь ч хамт нүд аньсан уу гэдэг асуулт сонирхол татаж байна.
Фракцуудын зөрчилтэй гэгддэг байсан нь даамжирсаар лидерүүдийнх нь зөрчил болж, тэр нь ил цагаандаа гарснаар АН-ЫН АГУУ ИХ ЗОВЛОН эхэлсэн гэж болно. АН-ын лидерүүд болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар үндсэндээ бие биенийхээ эсрэг сөрөн зогссоноор олон толгойтой луу ямар хурдан годройтон унадгийн үлгэр жишээг харуулсан гэхэд болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттерчидтэй уулзалт хийх үеэрээ намын нөхрөө далд утгаар дайрсан үгийг хэлсэн юм. Тэрээр “Хараад байхад хуулиас зугтдаг даварсан хоёр этгээд л Монголд байна. Улс төрийн хүрээнд шүү. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа зугтаалгадаг, тархи угаасан захиалгат нэвтрүүлгээр бусдыг гүтгэдэг, хүмүүсийг хагаралдуулдаг, хөлсний бичээстэй цөөхөн хүн байна” гэж мэдэгдэв. Нэгэн цагт анд нөхөр байсан “Женко” хэмээх Х.Баттулгыгаа хэлсэн нь олон нийтэд тодорхой байсан.
Гэтэл тун удалгүй УИХ-ын дарга З.Энхболд бас нэг шуугиулсан мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шууд хатгаад авах нь тэр. Шүүгч, прокурорын байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг хүн нь тэднийг томилдог хүн шүү дээ гэдгийг УИХ-ын дарга асан З.Энхболд бараг шууд хэлж орхисон. З.Энхболд “Би энэ үл бүтэх хуулийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Шүүгчийг хэн томилдог вэ. Прокурорыг хэн томилдог вэ. Ерөнхийлөгч томилдог. Харин би хэнийг томилдог вэ. Хэнийг ч биш” гэж мэдэгдсэн юм. Гэвч энэ хүртэл АН-ын зөрчилдөгчид нэгнийгээ нэрийг цохон нэрлэхээс зайлсхийж байлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын лидерүүдийн дунд зөрчил тэмцэл байгаа нь илэрхий болсон ч харьцангуй далд, нуугдмал өрнөж байв. Тэгтэл УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийн тухайд өөрийн зөвлөх Л.Гансүхийн хэргээс үүдсэн бухимдлаа илэрхийлэх биз гэсэн төсөөлөл, хүлээлт байсан юм. Гэтэл тэр жинхэнэ бөмбөг тэсэллээ. Н.Алтанхуягийн мэдэгдэл зүгээр нэг гомдол, шүүмжлэл өдүүлэх төдий зорилготой байсангүй. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг ил шулуун тэмцэл зарласан хэрэг боллоо.
“Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон” гэдгийг хэлээд, хамгийн гол нь энэ бүхний гол эзэн бол ноён Ц.Элбэгдорж гэж шууд мэдэгдэв.
Өмнө нь ийнхүү шууд нэр цохсон шүүмжлэл улс төрд ховор байсан. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэх зэргээр нэр усыг нь нууцалсан, илчилж буй мэт боловч үнэн хэрэгтээ илчлэхээс эмээж болгоомжилсон шинжтэй мэдэгдлийг манай улстөрчид хийж ирсэн. Түүний мэдэгдэл үнэндээ АН-д төдийгүй Монголын улс төрд асар их доргилт өгч, чамгүй дуулиан дагуулсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний мэдэгдлийг тайван хүлээж авсан мэт дүр эсгэхийг хичээсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэр хэмжээнд хийгдэж буй энгийн л нэгэн улстөрчийн байр суурь гэж харагдуулахыг хүссэн гэхэд болно. Ерөнхийлөгч өөрийн твиттерт “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж бичсэнээр түүний хариу реакц төгссөн билээ. Үүнийг зарим хүн “Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг аргадав” гэх тайлалтайгаар хүлээн авсан.
Тэгвэл тэрхүү хагарлын үр хөврөл одоо ил гарахаар дуншиж байна. Тодорхой хэлбэл, АН-ын Үндэсний зөвлөлдөх хурал буюу намын даргын төлөө марафон нь үнэндээ тэдний тэмцлийн гол цэг болж байгаа ажээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялагдлынх нь гашуун нурман дээр дэвхцэж, АН-ыг бүрэн өөрийн хяналтад оруулахаар зүтгэж байгаа сурагтай. Тэрээр АН-ын даргын суудалд өөрийн хүн болох П.Цагааныг ил цагаан зүтгүүлж байгаа бол эсрэг талд Н.Алтанхуяг нам дахь өөрийн нөлөөллөө амар тавьж өгөхгүйн төлөө эсэргүүцэл үзүүлж буй гэнэ. Намын даргад олон хүний нэр яригдаж буй хэдий ч хэний хүн ялахаас хамаарч хүчний харьцаа өөрчлөгдөх учиртай. З.Энхболд, Х.Баттулга нарын хувьд хүчээ аль хэдийнэ шавхсан тул энэ өрсөлдөөнд төдийлөн нэр яригдахаар хэмжээнд биш байгаа нь тодорхой. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хувьд ч улс төрийн тоглоомноос хэсэгтээ хөндийрөхөөс өөр сонголт үлдээгүйг нь ойлгож болно. Г.Батхүү, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын хувьд халуун цэг дээр байгаа хэдий ч дан дангаараа лидер болох цагийн зүү хараахан болоогүй гэгдэж байгаа бололтой. Р.Амаржаргал, Лу.Болд, Э.Бат-Үүл тэргүүтэн хэзээ ч сэлэм эргүүлж, зөрчилд ил оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Ингээд могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэхчлэнгээр “Алтангадас” фракциас үлдсэн жаахан нөөцөндөө найдаж суугаа Н.Алтанхуяг, ялсан МАН-тай улс төрийн том тохиролцоонд орсон гэж хардагдаад буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хооронд ёстой л цусгүй тулаан өрнөх төлөвтэй байна.
Д.Дамдинжав
Эх сурвалж: www.breakingnews.mn
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо