"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүн дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ жингийн эхний хүрэл медалийн төлөө манай Г.Мандахнаран, Узбекстаны Ихтиёр Наврузов нар барилдсан. Барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Г.Мандахнаран 7-6-аар хожиж явсан юм. Гэтэл түүнийг цаг дуусах хүртэл илт зугтааж хамгаалсан гэдэг үүднээс торгуулийн 1 оноог өгсөн. Ингээд хүрэл медаль хүртчихлээ хэмээн баярласан Г.Мандахнаран медальгүй хоцорсон юм. Энэ үед Монголын хоёр дасгалжуулагч дэвжээн дээр гарч ялагдалд эвлэрэхийг хүсээгүйгээ илэрхийлж, хувцсаа тайлсан явдал нь Олон улсын олимпийн хороо болон Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд очсон юм. Улмаар багш нарын зохисгүй үйлдэл Монголын чөлөөт бөхийн холбоонд шийтгэл оногдуулах хэмжээнд хүрсэн.
МОНГОЛЫН БАГИЙГ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХАССАН НЬ
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хувцсаа тайлан эсэргүүцсэн юм. Дасгалжуулагч Б.Баяраа “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо асар их мөнгөнд идэгдчихэж. Бидний хөлс, хөдөлмөр, Монголын ард түмний итгэл байгаа шүү дээ. Бид нар хүрэл медаль авсан. Бид нар авч чадсан” хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин энэ асуудлаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттертээ өнгөрсөн долоо хоногт жиргэсэн. Гэтэл энэ шийтгэлийн дагуу чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д оролцох гэж байсан эрэгтэй, эмэгтэй багийнхан явж чадахааргүй боллоо. Тэд өнөөдөр Улаанбаатараас нисэж, маргааш ОХУ-ын Эрхүү хотоос Франц улсыг зорих байсан юм. Энэхүү тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 4-ний хооронд болох байсан. Баг тамирчид онгоцны зардал болох 32 сая төгрөгөө төлсөн байжээ.
Б.БАТБАЯР: ШИЙТГЭЛ ХҮЛЭЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
Г.Мандахнарангийн барилдааны талаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, МЧБХ-ны эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хэлэхдээ “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай холбоонд шийтгэл өгөх нь тодорхой болсон. Наймдугаар сарын 13-ны өдөр “Кариока 2” ордонд техникийн зөвлөгөөн болсон. Үүнд Ц.Цогтбаяр багш, бас нэг дасгалжуулагчаас гадна Э.Мөнхбилэг орчуулагчаар суусан. Тэнд дүрмийн талаар сайн ярилцаж, өмнө нь зугтааж алдаа гаргасан барилдааны бичлэгийг харуулсан юм билээ. Багш нар болон Г.Мандахнаранг ойлгож байгаа. Багш нар тамирчдад юу гэж зөвлөснийг сайн мэдэхгүй юм байна. Хүрэл медалын төлөө шийдвэрлэх барилдаанд Г.Мандахнарангийн хувьд үлдсэн хугацаанд хамгаалж байсан нь илт харагдсан. Шүүгч нар шүүлтийг дүрмийн дагуу явагдсан гэж байсан. Одоо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ёс зүйн хороогоор орж шийдэгдэх байх. ” гэсэн юм.
МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж Рио 2016-д эрэгтэй, эмэгтэй баг амжилт муутай оролцсоны дараа ажлаа өгнө гэж яригдаж байсан. Гэхдээ МЧБХ ийм хүнд цаг үе дээрээ ирсэн үед түүнийг холбоогоо орхиод явах уу гэдэг асуудал яригдаж эхэлжээ. МЧБХ-д өгөх шийтгэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ёс зүйн хороогоор орж шийдэгдэх юм байна. Тиймээс тус холбооны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт яаралтай хуралдааныг хийжээ. Одоо бид МЧБХ-оос хийх мэдэгдлийг хүлээх үлдлээ.


Эх сурвалж: News.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ