Хүдэр голыг улаанаар нь эргүүлсэн эрхмүүд нутгийн иргэдийг дарамтладаг гэв


Сэлэнгэ аймгийн Хүдэр сум гэж уул ус, ургамал цэцэг, жимс ногоогоороо хэзээнээсээ алдартай нэгэн сум бий. Энэ сумын нэрээр нэрлэгдсэн Хүдэр гол өнөөдөр ийм байдалтай урсаж байна. Өчнөөн олон жил ингэж бохирдоогүй Хүдэр гол энэ жилээс л улаанаараа эргэж, хүн мал ундаалдаг ундарга нь устжээ. Хүдэр сумын 3000 гаруй иргэдийн амьдрал ахуйдаа хэрэглэж, тариа ногоо, жимс будаагаа усалдаг Хүдэр гол алтны уурхай компаниудын буруутай үйлдлээс ийн ширгэх аюулд ороод байна. Бид Хүдэр суманд амьдарч байгаа иргэдтэй холбогдон ямар, ямар компаниуд голын урсгал дээр алт угааж байгаа талаар тодруулах гэсэн боловч хэлэхээс татгалзаж, томоохон албан тушаалтан болон нэр нөлөө бүхий хүмүүс айлган сүрдүүлдэг тухай хэлж байсан юм.

 

Хүдэр голын эхэнд хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулна. Томоохон компаниудаас гадна техникжсэн “нинжа”-нууд бохир усаа урсаж байгаа гол руу шууд цутгадаг гэх. Харин хэдэн арван жил нутаг ус, уул хайрханаасаа сүслэн гуйж, тэнцвэрт байдлыг нь бодолцон байж жил бүр бага багаар алт угааж, угаасан газартаа нөхөн сэргээлт хийдэг нутгийн уугуул иргэд л хохирох болж. Учир нь дээрх компаниуд Монгол улсдаа ихээхэн нэр хүндтэй эрхмүүдээр хүрээлүүлдэг тул шалгалт ирэхийг урьдчилж мэдээд үйл ажиллагаагаа зогсоодог гэх. Мэдэхгүйгээрээ нутгийн уугуул иргэд торгуулна, хураалгана, дарамтлуулна, хөөгдөнө. Ийнхүү албаны шалгалт ирээд буцахад уул усны ундрагыг бохирдуулж байгаа жинхэнэ эзэд түр зогсоосон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, алтаа угааж гол усаа бохирдуулсаар байдаг аж. Тухайлбал, манай сайтад 2016.08.23-ний өдөр нийтлэгдсэн “Хүдэр гол ийм байдалтай урсаж байна” гэсэн нийтлэлийн дараахан буюу өчигдөр албаны хүмүүс “алт угаагчдыг” очиж шалгасан гэх боловч дээрх жишгээр мэдээлэл сайтай, “том ар”-тай компаниуд аль хэдийн үйл ажиллагаагаа зогсоож, шалгалтанд бүдрэхгүй өнгөрсөн гэлээ. 

 

-ДАРААХ ГАЗРУУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСААГҮЙ БАЙНА-


Нэгэнт нутгийн иргэдийг дарамтладаг, сүрдүүлдэг гэсэн тул тэд голын эхэнд алт угааж байгаа компанийн нэрсийг хэлээгүй. Гэхдээ бид Ашигт малтмалын ерөнхий газрын мэдээллээс яг одоо Сэлэнгэ аймгийн Хүдэн суманд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөлтэй газруудын нэрсийг 2014 оны материалаас шүүж авлаа. Гэвч эдгээр компаниуд нь Хүдэр голыг улаанаар нь эргүүлсэн гэх баттай мэдээлэл байхгүй тул бид мэдээллийн мөрөөр холбогдсон иргэдээс тодруулга авч дахин хүргэх болно.

 

ТЗ дугаар 

Талбайн нэр

Талбайн хэмжээ

Эзэмшигч

Хуулийн этгээдийн ангилал

Ашигт малтмал

Дуусах огноо

1408

Халнитийн-Ам

104,08

Дунар-Од

Гадаадын х/о хамтарсан

Алт

2028.12.07

203

Хүдэр

44,68

ДБТХ

дотоодын а.а.н

Алт

2025.07.19

191

Бүдүүн гол

34,38

Монполимет

дотоодын а.а.н

Алт

2026.05.23

6066

Шоргоолж-1

74,6

Вэнчөн

гадаадын 100 % х/о

Алт

2033.07.22

6854

Хэрсийн гол

83,53

Бүүргэнт

дотоодын а.а.н

Алт

2034.01.28

12512

Шийр ам

90,74

Эм Ар Си Эм Жи Эл

гадаадын 100 % х/о

Алт

2037.06.26

14548

Бүдүүний гол

636,68

Алтайконстракшн

дотоодын а.а.н

Алт

2038.12.08

15025

Цагаан зүр

95,64

Зүбгол

дотоодын а.а.н

Алт

2039.07.24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Эх сурвалж: Medee.MN

 

 

Энэ жил эдгээр лицензтэй компаниудаас гурван компани илүү идэвхитэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2016 онд мөн гурван компани шинээр лиценз авсан хэмээн нутгийн иргэд хэлж байна. “Хүдэр гол”-ын бохирдсон тухай мэдээллийг анх өөрийн цахим хуудаснаа байршуулан олон нийтэд зарлаж, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оруулсан нутгийн иргэнтэй холбогдож зарим зүйлсийг тодруулах гэсэн  боловч дээрх мэдээллийг устгаж, цахим хуудсаа хаасан байсан юм. Энэ мэт үйлдлээс үзэхэд үнэхээр “алт”-ны асуудалтай холбогдсон иргэдийг дарамтлаж сүрдүүлдэг нь үнэн бололтой. Чухам ямар хүмүүс энэ компаниудын ард байж, удирддаг болохыг хөөж үзэхэд яг одоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нэгэн компанийн эзэн нь тун удахгүй төрийн байгууллагын томоохон албан тушаалд томилогдох гэж байгаа гэсэн мэдээлэл байна.

 

Н.БАЯР