Омран хүүгийн зураг дэлхий нийтийг эмзэглүүлж байна


ОХУ Алеппогийн босогчдын эсрэг Ирак улсын нутаг дэвсгэрээс агаарын цохилт хийхээр болсноо хоёр хоногийн өмнө зарлаад байсан. Тэгвэл тэд өчигдөр Алеппод цэргийн үйл ажиллагаа явуулсан байна. Тэрхүү агаарын дайралтын улмаас байшин барилга нурж, дотор нь байсан хүмүүс хүндээр гэмтжээ. Тэдний нэг таван настай Омран Дагнийш хүүгийн зураг дэлхий нийтийг цочирдуулаад байна. Тэрбээр өчигдөр явуулсан цэргийн ажиллагааны үеэр шархадсан таван хүүхдийн нэг бөгөөд Сирийн иргэний дайны дүр төрх боллоо.  

Учир нь Түргэн тусламжийн машины сандал дээр сууж байгаа хөлнөөсөө толгой хүртэл тоос боссон, толгойдоо шархтай, шоконд орсон хүүгийн бичлэгийг Алеппогийн хэвлэлийн төв "Youtube" хуудсан байрлуулжээ. 

 

 

 

Бичлэгэнд үзүүлж байгаагаар яаралтай тусламжийн эмч нар халдлагын улмаас нурсан барилгын доороос хүүг гаргаж, эмнэлгийн машинд суулгаж байна. 

Тэрхүү нурсан барилгын доороос Омранаас гадна дөрвөн хүүхэд, гурван том хүнийг аварч, Алеппогийн "М10" эмнэлэгт хүргэжээ.Тус эмнэлэг нь энэ долоо хоногийн эхээр мөн бөмбөгдөлтөнд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

 

 

Энэхүү зураг олон нийтийн сүлжээгээр маш их хүмүүсийн анхаарлыг татсан байна. Зургийг Твиттерт тавьсан "Телеграф" сонингийн сэтгүүлч Раф Санчезийн хаягаас л гэхэд 10,000 хүн retweet хийжээ. 

Түүнчлэн хүний эрхийн төлөө тэмцэгчид төдийгүй энгийн хүмүүс ч тусламжийн гараа сунгахыг хүсч байгаагаа Твиттерээр дамжуулан илэрхийлсэн байна. 

 

 

Сирийн иргэний дайн Ерөнхийлөгч Башар ал-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн босогчид болон Засгийн газрын хооронд болж байгаа. Түүнээс гадна Ассадын дэглэмийг дэмжсэн ОХУ өдөрт гурван цаг Алеппо хотод агаарын дайралт хийдэг аж.

Гэхдээ АНУ, ОХУ-ын тал Ассадыг нэг алхам ухарч, иргэний дайныг дуусгах улс төрийн арга зам олоосой гэж хүсч байгаагаа илэрхийлж, удаа дараа уулзалт хийгээд байгаа. 

 

Эх сурвалж: The Guardian