Байршил: АНУ, Лос Анжелес
Одоо харьяалагдаж буй клуб: Мэргэжлийн боксийн "Ten Goose" клуб
Хэрэглэдэг гар утас: iPhone 6S
Хэрэглэдэг компьютер: -
Сошиал хуудсууд: Tugstsogt Nyambayar (фэйсбүүк хуудас)

Би өөртөө хэт их ачаалал өгөлгүйгээр, тайвнаар бэлтгэл хийх дуртай. Ямар ч чухал тоглолт, тэмцээн дөхөж байсан, өдөр тутмын ажлаа хийж байгаа юм шигээр дарамт өгөлгүйгээр бэлтгэлээ хийж чаддаг. Мэдээж жин хасаж тоглодог учир хүндрэлтэй тохиолдлууд гардаг ч тэр бүрт сэтгэл зүйгээ тайвшруулж, зугуухан, тайвнаар формондоо орж, дарж бэлддэг. Тоглолтын өмнөх өдөр бол дараагийн зүйлсээ бодолгүй, сайхан унтаж амарна. Харин тулааны өмнө 2-3 минутыг заавал гаргаж, өөрөө өөртэйгөө ярилцах дуртай. Өөрийгөө дарамтаас чөлөөлж, маш сайн төвлөрч чаддаг гэж боддог. Багш нар маань ч үүнийг сайн бэлддэг болохоор ганцааранг маань үлдээж, сайн төвлөрөх бололцоо олгодог. Чи ийм том тоглолт хийх гэж байна, зурагтаар гарна, олон хүн үзэж байгаа шүү гэх мэт элдэв бодлоо хаяж чаддаг. Тэгээд л бэлэн болно доо.
Миний энгийн нэг өдөр өглөө 5 цагт эхэлнэ. Эрт гүйлтийн бэлтгэл, хурд авалт, сунгалт, хүчний бэлтгэлээ хийдэг. Цаг гучин минутын ачаалалтай бэлтгэлийн дараа жаахан амарч байгаад өдөр нь үндсэн буюу техникийн, тоглолтын бэлтгэл эхэлдэг. Рингэн дээр зодолдох, мишоктой цохилтуудаа бэлдэх, техникийн дасгалуудаа давтах гэх мэт. Тэгээд л их л ядарсан хүн гэртээ ирж, амардаг даа. Тоглолт дөхсөн үед бол ачааллаа яг 2 дахин нэмнэ. Оройдоо бэлтгэл хийнэ гэсэн үг. Амьсгаа задрахгүй, эсвэл нэг л болохгүй байгаа мэт санагдвал өөрийгөө дайчилж бэлтгэлийнхээ цагийг уртасгадаг.
Мэргэжлийн боксод ороод бэлтгэлийн асар их шинэ арга барил, техник, хэрэгслүүдийн талаар мэдлэгтэй болж байна. Бүх зүйл энд огт өөр. Энд ирж байж л ийм олон төрлийн хэлбэр дүрстэй, үр ашигтай мишокууд байдгийг мэдэж байх жишээтэй. 2 жилийн дараа л дасаж, сурч эхэлж байна.

Сошиал медиагаас бол фэйсбүүк, инстаграмыг хамгийн их ашигладаг. Фэйсбүүкээс эх орондоо болж буй ихэнх мэдээллийг авчихдаг. Би спортод их дуртай, спорттой холбоотой нарийн ширийн зүйлс, түүх намтрыг судлах хоббитой. Тийм болохоор миний хамгийн их ордог сайт болwww.boxrec.com. Эндээс бүх цаг үед тулалдаж байсан, одоо өрсөлдөж байгаа бүхий л тамирчдын мэдээлэл, намтар, тоглолтын талаарх мэдээллийг авч болно. Манай Лхагва аваргын мэдээлэл хүртэл бий. Youtube-ээс тоглолтын бичлэг бас их үзнэ.
Надад компьютер ашиглах хэрэгцээ байдаггүй. Сатааруулна гэж үзээд хэрэглэхийг ч эрмэлздэггүй. Бэлтгэлийн үед бол том цүнхнээсээ салахгүй. Өдөр 2 ээлжийн бэлтгэлийн гутал, дотуур өмд, 2-3 футболк, гарны хамгаалалт, биеийн хамгаалалт, дээс, ороодог бинт, мишокийн жижиг бээлий, том бээлий, шүдний хамгаалалт, алчууруудаа аваад л гардаг даа.




Тамирчин хүний хувьд тэмцээний долоо хоног их удаан өнгөрч байгаа юм шиг санагддаг. Бараг л нэг сар юм шиг өнгөрнө. Жин хасдаг болоод ч тэр үү өлсөнө, тэсвэр алдчихмаар ч юм шиг санагдана. Энэ үед би элдэв илүү дутуу бодолд автагдчихгүйн тулд өөртэйгөө их тулж ажилладаг. Сэтгэл санаагаа л хүчгүй болгочихгүй юм сан гэж эрмэлздэг. Сайн төвлөрөхийг хичээнэ, дурсамжтай үеүдээ санана, судалгаагаа үргэлжлүүлнэ. Өөртэйгөө ажиллаж байж, цагаа үр бүтээлтэй өнгөрөөдөг.
Тэмдэглэл нэлээд хөтөлнө. Би судалгаа хийх дуртай. Аль ч спортын тамирчдыг төрсөн он сар өдрөөр нь, гаргасан амжилтаар нь, тулаан хийсэн өдрөөр нь гэх мэтээр нарийвчлан мэдэх, сонирхох дуртай. Боксын тамирчдын амжилт, тоглолтын үр дүн, үзүүлсэн тоглолт нь тархинд суучихсан байдаг. Аваргуудыг өөртэйгөө харьцуулж, тэднээс суралцахыг хичээдэг. Ер нь боксын тухай мэдээлэл нэг үзээд эхэлбэл хадуураад 2-3 цагийг өнгөрөөчихсөн байдаг. Өө, энэ тэрэнтэй тоглож байсан юм байна, тэр ингэсэн юм байна гээд л яваад байдаг. Энд долоо хоног бүр шахуу том тоглолтууд явагддаг, зурагтаар гарна. Мэдэхгүй хүн гарч ирвэл гүүгл-дээд л, бүр дэлгэрэнгүй зүйл хайгаад л, тоглолтыг үзээд явчихдаг. Бараг албан бус түүхч шиг л бокс тоглодог хүн бүрийн тухай мэдчих гээд байдаг шүү.
Эдгээрээ толгойдоо цээжилж тогтоохоос өмнө бүр зориулж гаргасан том дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж, бичиж авдаг. Тэр тамирчны намтар, тоглолтууд, арга барилын талаар өөртөө зориулж судалгаа хийдэг гэсэн үг. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ таарсан, таарах боломжтой, таарч магадгүй тамирчдынхаа талаар аль эрт биччихсэн байдаг болохоор их амар байдаг.

Тамирчны хувьд намайг их жигд тоглогч гэж үздэг юм. Хурдтай, жиндээ бол өндөр талдаа, цохилтын хүч ч дажгүй, хол, ойр зайн алинд нь ч тоглочихдог. Тэгэхээр олон талтай, хувирамтгай тоглолт гаргадаг байж магадгүй.
Биеэрээ илт илүүрхэх эсвэл дутах зүйл байхгүй болохоор бусдыг хожихын тулд илүү толгойгоо ажиллуулах хэрэг гардаг. Тийм ч учраас тоглолтын үеэр илүү сайн боддог, бодож тоглодгоороо давуу гэж хэлж болох байх. Тоглолтын өмнө ч, тоглолтын үеэр ч анхаарлаа төвлөрүүлж, тухайн нөхцөл байдлыг хурдан дүгнэж, бодож чаддаг. Хааяа хэтрүүлж, арай их бодчих гээд байдаг ч байж мэднэ (инээв). Заримдаа тоглолтын дундуур бодох гэж хүлээгээд буруудчих гээд байдаг талтай.
Би бокс сонирхож, тоглож эхэлсэн цагаасаа л мэргэжлийн боксчин болохыг хүсэж тэмүүлдэг байсан. Дотор минь хэзээ нэгэн цагт гэсэн бодол үргэлж байсаар л байлаа. Мэргэжлийн бокс ч надад нийцэж, би их хурдан зохицож байгаа гэж бодож байна. Тиймдээ ч үнэндээ ядарч унатлаа бэлтгэл хийж, дээд түвшиндээ хүрэх гэж хичээж байна.
Мэргэжлийн бокс олон үзэгчтэй, баг, спонсор, медиа гээд л олон оролцогч талтай. Энэ нь олон хүний анхаарал чам дээр байна гэсэн үг. Тэр хэрээрээ хариуцлага дагаж байдаг. Жинхэнэ эр хүний тэвчээрийг шалгасан тулаанууд хийдэг. Тамирчны хувьд оргил амжилтаа үзүүлэх бүх нөхцөл бүрдсэн гэдгээрээ эерэг талтай.
Мэргэжлийн боксын бээлий их нимгэхэн, нүцгэн гарнаас ялгаагүй, цохиход гарын яс мэдрэгддэг юм. Тэгэхээр гэмтэж болзошгүй. Олон раунд тоглодог учир их ядарна. "Боксыг сайн сурахгүй бол бокс чамаар тоглоно" гэж үг байдаг, тэр бол яг л энд биелдэг. Өөрийгөө харуулж, өөрөө л хичээхгүй бол хэн нэгэн ирээд чамайг цохиод л унагана, хэн ч биш болгож чадна. Гэхдээ иймэрхүү хүндрэлүүдээ сорил гэж хараад зүтгэж байна.

Н.Төгсцогт өнгөрсөн 7-р сард өрсөлдөгч Р.Вазкуэзийг 84 секундэд 3 удаа хүнд цохилтонд оруулан ялснаар 6 дахь ялалтаа байгуулсан билээ.
Саяхан анх удаа тоглолт маань телевизээр, ESPN-ээр цацагдлаа. 8-р сарын 27-нд тулаанд орж магадгүй, гэхдээ одоогоор шийдэгдээгүй л байна. Миний хувьд энэ жил, ирэх жилийг карьерыг маань тодорхойлох их чухал үе гэж харж байгаа. Ахиад ганц, хоёр ялалт авчихад дэлхийн аваргын бүсийн төлөөх тоглолт удахгүй байх аа гэж бодож байна. Энэ бодлоор өөрийгөө хурцалж, бэлтгэлээ хийж байна. Улам өөрийгөө сайжруулах гэж хичээж байна.
Миний ард бүхэл бүтэн баг ажиллаж байгааг бас энд онцолъё. Дасгалжуулагчид, менежер, туслахууд гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг миний жилийн төлөвлөгөөг гаргачихсан, тэрэндээ хүрэх гээд дор бүрнээ ажиллаж байна. Бидэнд өөрсдийн хийсэн, хэнтэй тоглох боломжтой, ямар тоглолт хийх вэ зэргийг агуулсан тооцоолол ч бий.
Би урдаа зорилгоо тавиад, түүндээ хүрчихсэн байна гэж төсөөлөх дуртай. Анх хичээллэж эхлэхдээ л тэмцээнд орж байна гэж, дараа нь түрүүлж байна гэж, арай гайгүй болоод гадаад руу тэмцээнд явж байна гэж төсөөлдөг болсон. Тэгээд дэлхийн аварга болж байгаагаар, олимпийн аварга болчихоод гэртээ ирж байгаагаар төсөөлж, өөрийгөө хурцалдаг байлаа. Одоо бол дэлхийн аварга болчихоод, Монгол аварга гэж дэлхийд зарлуулна гэж төсөөлж байна.

Хөгжим их сонсоно. Би өөрөө зөөлөн, уян хүн. Тийм учраас намуухан, зөөлөн хөгжим сонсох дуртай. Гэгээлэг, эерэг мэдрэмж өгч чадах хөгжим сонсож, кино үзэх дуртай. Төрөл жанр нэг их ялгаж сонсоод байдаггүй юм аа.
Бэлтгэл дээр бол багш маань бүх эрхийг гартаа авчихдаг. Багш өөрөө рок хөгжимд дуртай учраас рок дуунуудаа, эсвэл 60, 70-аад оны хуучны эрчтэй дуу тавьж, бэлтгэл хийлгэдэг. Сонсохоос өөр аргагүй учир тиймэрхүү хэмнэл дээр бэлтгэлээ хийнэ дээ (инээв).
Ном нэлээд уншина аа. Сая Монголоос ирэхдээ хэдэн ном авчирсан. Хамгийн сүүлд "Ану хатан"-г уншиж дуусгасан юм байна. Одоо бол "Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан" гэсэн номыг уншиж байна. Би ер нь түүхийн ном унших, түүхэн материал судлах дуртай. Сонирхуулахад, би өөрөөсөө дээш 10, 11 үеийн өвөг дээдсийн түүхээ мэддэг. Төгсцогт гэдэг нэр бол миний 6 дахь үеийн өвөөгийн нэр юм билээ. Энэ түүхийг ихэд бэлгэшээж, түүхээ сайн мэдэх гэж хичээдэг. Монголчууд маань удам судраа мэдэж, түүнийгээ нандигнаж байгаасай гэж хүсдэг.

Ер нь бол 23 цагт, оройтлоо гэхэд 1 цагт унтана. Хүнд бэлтгэлийн үед бол өглөө босоход хүндрэлтэй л байдаг юм. Өглөө 5, 6-аас бэлтгэлтэй байдаг учир эрт босох шаардлага гарна. Тулааны өмнө зарим үед бэлтгэлээ дийлэхээ байгаад өглөөний гүйлтээ орой руу шилжүүлэх үе ч гарна. Манай баг бүх хуваарийг гаргаад, бэлтгэлийн ачааллыг тааруулаад, бүр идэж уух зүйлсийг маань хүртэл бэлдээд өгчихдөг учир амар байдаг юм.
Тамирчин хүн чинь ажиллаагүй үедээ ч бэлтгэл хийх хэрэгтэй байдаг. Амарч байх үедээ спорт үзэх дуртай. Бүх төрлийн спортыг бол сайн үзнэ шүү. Сүүлийн үед UFC-г нэлээд гүнзгий сонирхож байгаа шүү, тулаануудыг нь алдалгүй үзэж байгаа.

Өөртөө итгэ л гэж захимаар байна. Рингэн дээр хэн ч чиний өмнөөс гараад тулалдахгүй. Хэн ч чиний өмнөөс өрсөлдөгчийг чинь ялж өгөхгүй гэдгийг эрт ойлго. Хэн ч юу ч гэж хэлж байсан эцсийн эцэст чи өөрөө л бүх зүйлийг шийдэх болно. Өөртөө итгэлтэй байхад боломжгүй, болохгүй зүйл гэж байдаггүй юм. Үүнийг би өөрөө биеэрээ ойлгосон. 20, 21-тэй тамирчдыг залуу, өсөх ирээдүйтэй гэж хүмүүс хэлдэг байхад би 17 настайдаа дэлхийн аваргын финалд үлдэж, гавьяат тамирчин болж байлаа. Олимпийн дэвжээнээ өрсөлдөх мөрөөдлөө, медаль авах хүсэлдээ ч гэсэн хүрч чадсан. Тийм учраас хэцүү зүйл их бий, тамирчны замнал гэдэг бүр ч хатуу, гэхдээ өөртөө итгэж, өөрийгөө хурцалж чадвал боломжгүй зүйл гэж байхгүй шүү гэж хэлье.
Даган дууриаж, шүтэж явдаг агуу аваргуудын замнал түүх намайг тэдний зэрэгт хүрэх гэж хөдөлмөрлөх, хичээх тэмүүллийг өгдөг. Би бүр бага байхаасаа л олимпийн аварга Бадар-Ууган ахыгаа шүтсээр ирсэн. Гадныхнаас Мэнни Пакьяогийн тоглолтыг үзэж, дагаж, шүтдэг.
Гэхдээ нэгэнт л рингэн дээр би өөрөө гарч тулалдах учир өөртөө итгэж, өөрийгөө ирлэж урам зориг авдаг. Тоглолтын өмнө өөртэйгөө ярилцаж хурцална. Бүх зүйлсийг өөртөө л даатгаж, ачааны хүндийг өөртөө л үүрүүлж, өөртөө итгэж байхыг эрмэлздэг. Заримдаа миний дотор өөр нэг хүн байгаа юм шиг санагддаг. Намайг хурцалдаг, эрчилдэг хүн байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
Мэдээж сошиал хуудсуудаар маань намайг дэмждэг, итгэдэг фенүүдээ дурдахгүй байхын аргагүй. Тэдний итгэл, дэмжлэг намайг үргэлж урагш нэг алхам ахихад нэмэр болж байдаг.

Надад олон сайн багш, зөвлөгч байж, үргэлж үнэтэй зөвлөгөө, дэмжлэгээрээ тусалж байсанд би үргэлж талархдаг. Эдэн дундаас хамгийн гэж онцлох их л хэцүү байна. Гэхдээ эмээгийн минь надад үлдээсэн нэгэн дурсамжийг хуваалцъя. Эмээ минь намайг жаахан байхад орой бүр л унтахын өмнө "Төрийн минь сүлд өршөө, төрийн минь сүлд өршөө" гээд залбирдаг байлаа. Тиймдээ ч туг далбаа, төрийн сүлдээ хүндэтгэх ухаан надад бүр багаас минь суусан юм. Төрийн далбаагаа өндрөөс өндөрт мандуулахыг, нэрийг нь цуурайтуулахыг би хүсдэг. Заримдаа хүнд хэцүү үедээ төрийн сүлдэндээ залбирдаг шүү.
Мэдээж ямар ч тамирчин хүний хувьд олимпод оролцоно гэдэг хамгийн том зорилго нь байдаг. Миний хувьд Лондоны олимпод том зорилготой, өндөр амжилт үзүүлнэ гэж очсон. Анх удаа олимпийн наадам үзсэн минь, бүр оролцсон минь тэр байлаа. Дотроо бол их л хичээж, байдаг бүх зүйлээ л гаргасан. Одоогоос яг 4 жилийн өмнө Узбекийг ялаад, хүрэл медалийн болзол хангажбайснаа санаж байна. (жич: Энэ ярилцлагыг 8-р сарын 8-ны өдөр авсан). Сүүлчийн өдөр алтын төлөө тулалдсан. Аварга авсан бол гэж хааяа бодогддог л юм. Одоо бол тамирчдаа дэмжээд л, тоглолтыг нь хараад л сууж байна.
Лондон хот надад эхний өдрөөсөө л үнэхээр таалагдсан. Миний очиж үзсэн хотуудаас хамгийн сайхан хот нь гэж боддог. Боломж олдвол дахиад очихыг хүсдэг. Миний жинд 2 ч англи аварга гараад ирсэн. Хэн мэдлээ, нутагт нь очиж тэдний эсрэг тулалдах ч юм бил үү.
Тэрээр өнөөдрөөс яг 4 жилийн өмнө Лондон 2012 олимпийн наадмын хагас шигшээд дэлхийн хошой аварга, ОХУ-ын боксчин Миша Алояныг ялан, финалд үлдэж байлаа.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ