Эцэг эхчүүдийн буруугаас болж энхрий бяцхан үрс хохирох ёсгүй шүү


Бага балчир насны хүүхдүүд бэртэж гэмтэх, амиа алдах шалтгаан нөхцөл бол эцэг эхчүүдтэй холбоотой юм. Яагаад гэвэл үр хүүхэддээ анхаарал халамж бага тавьснаас болж учир мэдэхгүй нялх үрс тань түлэгдэх, бэртэх, гэмтэх, нохойд хазуулах зэргээр хохироод байна.

 

Түүнээс гадна бага насны хүүхдүүдээ машиндаа цоожилчихоод явчихдаг хэнэггүй юмуу эсвэл тийм нэг тэнэг хүмүүс байх юмаа. Халууны улиралд бага насны хүүхдийг машинд түгжиж үлдээх нь хамгийн аюултай осолтой гэдгийг мэддэггүй эцэг эхчүүд байна. Хүүхэд хэт халуун орчинд хэдхэн минут л амьсгалж чадна, түүнээс хойш бүтэж өгөх аюултай байдаг гэдгийг ойлгоочээ, эцэг эхчүүд, жолооч нараа. Өчигдөр гэхэд машинд цоожилогдсон бага насны хүүхэд аймар халууцаж хөлс нь гоожиж уйлсаад байж байхыг азаар хөндлөнгийн хүн мэдэж, машины цонхон дээр тавьсан утасны дугаар руу залгаж хэл хүргэжээ. Энэ талаар тэр хүн цахим хуудсандаа ингэж бичжээ.

 

“Өчигдөр ажлаа тараад харих гээд явж байтал ойр хавьд хүүхэд уйлах чимээ сонсогдлоо. Эргэн тойрноо ажвал хүүхэд тэвэрсэн, хөтөлсөн хүн алга. Уйлах чимээ гарсан зүгт алхаж яваад prius 20 маркийн автомашин дотор нялх хүүхэд уйлж байгааг харлаа. Машин дотор том хүн алга. Машиныхаа цонхыг үл ялиг доош буулгаад үлдээжээ. Урд цонхон дээр нь байсан утас руу залгаж “Хүүхэд тань уйлж байна хурдан ирээрэй” гэж хэллээ. Орхиод явж чадалгүй хажууд нь дэмий л толгойгоо илэн ийш тийшээ харж зогстол нэг бүсгүй хөлсөө дуслуулсаар гүйж ирээд “Баярлалаа” гэж хэлээд машин руугаа ухасхийлээ. Хэд хоногийн өмнө ажлын маань эгч гудманд явж байхад мөн л халуун өдөр хүүхдээ машиндаа түгжээд цонхоо ч онгойлгоогүй явсан байсныг залгаж хэлсэн гэсэн. Эцэг эхчүүд минь жоохон хариуцлагтай, анхаарал, болгоомжтой байгаарай.

 

Нялх үр тань битүү машинд амьсгалах агааргүй эндвэл яах вэ. Ажилтай гээд энхрий бяцхан үрээ эрсдэлд үлдээж болохгүй шүү. Ажил төрөл, мөнгө төгрөг олдоно. Үр хүүхэд эргэж олдохгүй шүү” гэж бичжээ. Үнэн, үр хүүхэд бидэнд эргэж олдохгүй, эцэг эхчүүдийн хайхрамжгүй хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхдүүд хохирох ёсгүй юм шүү.

 

Хэрвээ азаар тэр хүн тараагүй бол тэр бяцхан хүүхэд уйлсаар байгаад бүтэж үхвэл яах вэ, хэний буруу болж үлдэх үү, машиндаа цоожлоод явсан ээжийн л буруу болно. Тиймээс сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ бичлэгий бичлээ. Та бүхэн, тэр дундаа бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд нэгийг бодож нөгөөг тунгаана биз дээ.

 

Эх сурвалж: Zaluu.com