Оюутан хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн хэргийн талаар прокуророос мэдэгдэл гаргалаа


Өмнө нь манай сайтад 19 настай оюутан хүүг 26 удаа хутгалж амь насыг хөнөөсөн хэргийн тухай мэдээллэж байсан. Уг хэргийг шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 28-ны өдөр Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, сэжигтэн Б-г шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгах шийдвэр гаргасан юм. Улмаар хохирогч хүүгийн ээж Т.Дамдинсүрэн мэдээ.мн сайтад ярилцлага өгч шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Харин энэхүү шүүх хурлын талаар прокурорын байгууллагаас мэдээлэл гаргаж хохирогчийн ээжийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй хэмээн мэдэгдлээ.

 

Уг мэдээлэлд, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух 30 настай Б-г /сэжигтэн/ өнгөрөгч 2015 оны 11-р сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим 19 настай П /талийгаач/ гэгч хутгалж, довтолсон тул Б-нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ довтлогч П-г хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн ба Баянгол дүүргийн прокурорын газраас Б-ийн үйлдэлд Эрүүгийн Хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, энэ оны 6-р сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагчийн зүгээс Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах үедээ бусдын амийг хохироосон гэж үзэн ялласан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40-р зүйлд зааснаар "аргагүй хамгаалалт" хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

 

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд: Хэрэг болсон өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж улмаар талийгаач П-ийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б-нь өөрийн данснаас хоёр сая төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ. Энэ үед талийгаач П-нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн "Тоёото приус" маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим автомашины гражын мухарт түр зогсоогоод"...дүү гэрээс ломбардны бичиг аваад гараад ирнэ" гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож эхэлснээр шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар ч шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргаж, үүнийгээ шүүх хуралдааны явцад баталж мэдүүлсэн учир ийнхүү цагаатгасан гэжээ.

 

Эх сурвалж:Medee.mn