Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр АН-ын Онцгой комиссын дэд дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар УИХ болон, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй олон зөрчил гарсан гэлээ. Тэдний зүгээс хэд хэдэн үйл явцыг хэлж байна.
Тодруулбал, СЕХ-ны удирдлагууд энэ үйл явцад оролцсон байж болзошгүй гэж үзжээ. Ялангуяа сонгуулийн саналын хуудсыг санал авах байруудад дутуу хүргэж, улмаар дутсан газруудад саналын хуудсыг хувилж сонгогчдын санал авч болно гэсэн захиргааны акт гаргасан. Гэвч дараа нь түүнийгээ хүчингүй болгосон акт гаргасан зэрэг үйлдэл нь сонгуулийг будлиантуулсан байж болзошгүй гэх хардлага төрүүлсэн хэмээсэн.
Энэ хугацаанд Онцгой комисст сонгууль шударга бус болсон гэх 200 гаруй өргөдөл гомдол иргэдээс иржээ. Тиймээс иргэдэд тухай бүрт нь мэдээлэл өгөхийн тулд долоо хоног бүрийн мягмар гарагт хэвлэлийн хурал хийх юм байна.
Сонгуультай холбоотой бас нэгэн мэдээлэл нь МАН-ынхны 60 тэрбум төгрөгийн бичлэг байв. Тэдний мэдээлж буйгаар тухайн үед бичлэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандсан ч өнөөг хүртэл чимээгүй байгаа гэлээ.
Мөн сонгуулийн үеэр мөнгө тараасан, хууль зөрчсөн үйлдэл гаргасан нэр бүхий гишүүдтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад хандсан ч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй нь эргээд албан тушаалын нөлөөлөл бий гэж хардахад хүргэж буйг ч энэ үеэр хэлсэн юм.
Нарийн бичгийн дарга Б.Батхуяг ”МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун, Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг, Д.Дамба-Очир нарын мөнгө тараасан, УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар сонгуулийн хууль зөрчсөн асуудлыг шалгуулахаар хяналтын байгууллагад тухайн үед өгсөн.
Мөн Үндсэн хуулийн цэцэд Сонгуулийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалтаар хийсэн долоон нэр дэвшигчийн маргааныг хянуулах, царцааны нүүдлийн асуудал, Ерөнхий сайд болон аймаг, сумын Засаг дарга нарын хууль бус үйлдлийн талаар шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн.
Ялангуяа аймаг, сумын засаг дарга нарын хууль бус үйлдэл дотроос хамгийн ноцтой нь Замын Үүд сумын Засаг даргын асуудал. Өмнөх засаг даргыг үндэслэлгүйгээр халж, тамга тэмдгээ авахын тулд хүч хэрэглэсэн, зодоон хийсэн гээд олон асуудал байна. Мөн Увс аймгийн Засаг даргаар ял шийтгэлтэй хүнийг томилсон, Сүхбаатар болон Дорноговь аймгуудад хууль бус томилгоо хийсэн зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллагад өгсөн ч ямар ч хариу алга” гэсэн юм.
Тиймээс цаашид холбогдох байгууллагын мэргэшлийн түвшин, ёс зүйн асуудлаар хандана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна