Дэд сайдад нэр дэвшигчид илүү “мэргэжлийнх” харагдаад байх шиг


Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн сонгогчдод амлан гарч ирсэн МАН ахархан хугацаанд салбарын сайдуудаа томилж амжсан билээ. Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэд сайдуудын асуудлаа хэлэлцэн, гишүүдийн дунд нууц санал хураалт явуулах замаар нэрсийг нь эцсийн байдлаар тодрууллаа. Эдгээр нэрсийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оруулж, эцэслэн шийдэх юм. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.

 

Удирдах зөвлөлөөр дэмжигдэн, дэд сайдад нэр дэвшиж буй эрхмүүдийг танилцуулья:

 

1.    Батлан хамгаалах яам Т.Дуламдорж  /ОБЕГ-ын дарга асан/
2. Барилга, хот байгуулалтын яам  М.Батбаяр  /архитектор/
3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам  Ё.Отгонбаяр  /УИХ-ын гишүүн асан/
4. Зам, тээврийн хөгжлийн яам  Б.Цогтгэрэл  /МАН-ын бүлгийн зөвлөх/
5. Уул уурхайн яам  Х.Бадамсүрэн  /УИХ-ын гишүүн асан/
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам  Ц.Батбаяр  /Зүүний хүчний холбоо/
7. Гадаад харилцааны яам  ГТэнгэр  /Гадаад харилцааны дэд сайд асан/
8. Сангийн яам  Х.Булгантуяа  /МАН-ын нарийн бичгийн дарга/
9. ХЗДХЯ  Б.Энхбаяр  /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг  /НАМЗХ-ны нарийн бичгийн дарга/
11. ХХААХҮЯ Т.Аубакир
12. Эрчим хүчний яам Т.Гантулга  /МАН-ын нарийн бичгийн дарга/
13. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн  /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/

 

Эндээс харахад, дэд сайдад нэр дэвшигчид нь салбарын сайдуудаа бодвол бүр илүүтэй мэргэжлийн талдаа юм уу даа гэх сэтгэгдлийг төрүүлж байна. Ялангуяа Хууль зүйн дэд сайдад нэр дэвшиж буй, МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаяр тухайн салбартаа сайн хуульчийн тоонд зүй ёсоор ордог, намаа сөрөг хүчин байх үед хуулийн бүхий л гаргалгааг хийж хөөцөлдөж явсан, өөрөөр хэлбэл, намынхаа ялалтад зохих хэмжээгээр чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэж хэлж болохоор.

 

Мөн Сангийн дэд сайдад нэр дэвшиж буй Х.Булгантуяа МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэсэн, боловсролын хувьд ч шаггүй чамбай бүсгүй гэж яригддаг. Эрчим хүчний дэд сайдад нэр дэвшигч Т.Гантулгын хувьд, төрд олон жил зүтгэж,  яамны төрийн нарийн бичгийн даргаар хүртэл ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн боловсон хүчин бөгөөд дэд сайд байтугай салбарын сайдыг ч өлхөн хийчихээр чадварлаг нэгэн гэж яригддаг нь оргүй зүйл биш юм.

 

Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшиж буй Г.Тэнгэр өмнө нь ч тус салбарын яамны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай тул уг ажлыг түүртэх юмгүй хийчих нь ойлгомжтой.  Мөн олны дунд “Шилэн” хэмээн нэршсэн Б.Цогтгэрэл Зам, тээврийн дэд сайдад нэр дэвшиж байгаа нь бас л боломжийн хувилбар гэж болохоор. Түүнийг дэд сайд болсныхоо дараа салбарын яамаа шилэн байлгах эсэхийг нь харах л харин сонирхолтой санагдаж байна.

 

Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшигч М.Батбаяр гэхэд,  “Диз-Арч” ХХК-д архитектор, “Идеал” группийн архитектор, захирал, Нийслэлийн БХБТГ-ын хэлтсийн дарга, “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн ерөнхий захирал, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга гээд тухайн салбартаа хангалттай ажиллаж туршлага хуримтлуулсан байдлаас харахад мэргэжлийн чадварлаг боловсон хүчин гэдэг нь илт мэдрэгдэхээр байна. 

 

Энэ мэтчилэнгээр, МАН-аас дэд сайдад нэр дэвшиж буй хүмүүсийн талаар дурдаад байвал хангалттай их эерэг баримтуудыг өгүүлж болохоор. Ямартай ч, дэд сайдад нэр дэвшигч кандидатуудын дийлэнх нь олны санаа бодолд ихээхэн нийцэж байгаа бололтой. Мэргэжлийн бөгөөд сэтгэл зүтгэлтэй хүмүүс дэд сайд болсноор салбарын яамдын үйл ажиллагаа сайжран, тэр хэрээр улс оронд ашиг тусаа өгөх нь мэдээж юм.

 

 

Эх сурвалж: ZONE.MN