Өвөг дээдсийнхээ ямар хүмүүс байсныг рингэнд харуулдаг Н.Төгсцогт


Дөрвөн жилийн өмнө Лондоны олимпоор Монгол түмнээ баярлуулсан хүн бол Нямбаярын Төгсцогт. 2011 онд Дэлхийн аваргаас 17 настайдаа Мөнгөн медаль хүртэж, Лондоны олимпод гайхуулсан тэрээр Шархадны унаган хүүхэд. Таван настайгаасаа бээлий өмсөж, аавтайгаа бэлтгэл хийж үзсэн Төгсцогтийг тэр хавийн хүмүүс "Энэ Ирээдүйн аварга" хэмээн магтдаг байсан. Хувь зохиолоор ч юм уу Олимпын аварга Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт 2 нэг гудамжны хүүхдүүд.

Бээжингийн олимпоор Энхбатын Бадар-Ууган алтан медаль авч байхад Н.Төгсцогтыг "Дараагийн олимпоор энэ медаль авна" хэмээсэн ах нарын хэлсэн үг, зөгнөл биелсэн.

 

Н.Төгсцогт 1992 оны зургаадугаар сарын 23-нд төржээ. “Алдар” спорт хорооны А.Гантулга багш анхны дасгалжуулагч байв. Харин 2009 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэсний дараа Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд шилжсэн юм. 2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод Азийн аваргын тэмцээн болоход Н.Төгсцогт хүрэл медаль авсан.

 

Хүрэл медальтай галт тэрэгний буудал дээр ирэхэд гэр бүлийнхнээс нь өөр хүн угтаж аваагүй гэж хожим ярьж байсан. Харин намар нь дэлхийн аваргын мөнгөн медальтай эх оронд нь ирэхэд Монголын ард түмэн 17 настай хүүгээ баяртайгаар угтаж авсан. Үнэхээр ч Миланы рингэнд дэлхийн хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлсэн Н.Төгсцогтын тухай олон улсын хэвлэлүүд бичихдээ “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж онцолж байв.

 

Зургаан жилийн өмнөх намрыг эргээд дурсахад. Бээжингийн Олимпийн дараах дэлхийн аваргын тэмцээн Миланд болсон. Тухайн үед 51 кг-д хожим нь дэлхийн хошой алт, Олимпийн хүрэл авч, Европын аварга болсон ОХУ-ын М.Алоян, Дэлхийн аваргын алт, Пан Америкийн наадмын алтан медальт Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояа, Бээжингийн Олимпийн хүрэл медальт Кубын Я.Эрнандес, Олимп, дэлхий, Европын аваргын хүрэл медальт Италийн В.Пикарди, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, 2010 оны Азийн наадмын хүрэл медальт Тайландын А.Руенренг нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ жинд Монголын Н.Төгсцогт өмнө нь хамгийн даруухан амжилтыг үзүүлсэн тамирчдын нэг байв.

 

 

Тэмцээн эхлэхэд Н.Төгсцогт эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбамыг 10:10-аар оноо тэнцэж, шүүгчийн саналаар, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенкуг 12:7, гуравт Ирландын Г.Декланг 17:7, шөвгийн наймд эзэн орны буюу Италийн В.Пикардиг 12:7-гийн харьцаатай хожсон. Үүний дараа хагас шигшээд ОХУ-ын М.Алоянтай хүнд ширүүн, хүч тэнцүү тоглолтыг үзүүлж, 8:7-гоор буюу ганцхан онооны илүүтэй ялалт байгуулсан.

 

17 насандаа дэлхийн аваргын шигшээд үлдсэн манай тамирчин Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояад алтан медалийн төлөөх тулаанд 18:2-ын харьцаатай ялагдсан. Хэдийгээр тооны харьцаа хол зөрүүтэй байсан ч олон улсын тайлбарлагчид “Монголын Н.Төгсцогт гэдэг 17 настай тамирчин хүч тэнцүү тоглолтыг үзүүллээ. Энэ боксчин дараагийн тэмцээнүүдэд илүү туршлагатай болоод ирэхэд ямар ч тамирчин зогсооход хэцүү болно” гэж дамжуулж байлаа.

 

 

Энэ магтаал хоосон байсангүй. Дэлхийн шилдэг боксчдын эгнээнд багтсан Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн зуны Олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртсэн. ХХХ дахь удаагийн зуны Олимпийн боксын 52 кг-д манай тамирчин эхний тойрогт Азербайжаны Э.Мамишзадаг 18:11-ээр, хоёрдугаар тойрогт Миланы рингэнд хожиж байсан Италийн В.Пикардиг 17:16-гаар, шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Латиповыг 15:10-аар хожсон. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанд 2009 онд хожиж байсан ОХУ-ын М.Алоянг 15:11-ээр ялсан. Хамгийн хариуцлагатай даваа Олимпийн алтан медалийн төлөө Пан Америкийн аварга Кубын Р.Рамирест 17:14-өөр ялагдсан түүхтэй.

"Аугаа түүхтэй өвөг дээдэс, газар шороогоор бид бахархдаг. Өвөг дээдэс минь ямар мундаг хүмүүс байсан билээ. Тэр бүхнийг рингэнд харуулахыг хүсдэг" хэмээн өгүүлэх тэрээр өдгөө Мэргэжлийн боксын ертөнцөд цахиур хагалах зам мөрөө Америкт гаргаад байна.

 

Ч.Амар