УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий дөрвөн сайдыг хэлэлцэн баталснаар Мэргэжлийн Засгийн газрын танхим бүрдлээ.
Ж.Эрдэнэбатын танхим нь ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарынх нь 7 нь УИХ-аас томилогдсон бол 9 нь парламентын гаднаас томилогдлоо.
ХХААХҮС-ААР П.СЭРГЭЛЭНГ ТОМИЛЛОО
П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 96.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 56 нь П.Сэргэлэнг сайдаар томилохыг дэмжив.
П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан юм байна. 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Сайдаар томилохын өмнө нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүд “Нийт малынхаа 30 гаруй хувьд хүрэхгүй шахам вакциныг Биокомбинат үйлдвэрлэж нийлүүлдэгийг анхаарах, түүхий эд тушаадаг захыг өргөжүүлэх, малаа экспортлоход анхаарах, мал аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэр бий болгох, 2012 оноос хойш малын гаралтай түүхий эдийн үнэ 80 хувиар унасан тул анхан шатны боловсруулалтыг аймагт нь хийх, болж өгвөл эцсийн боловсруулалт хийх цехийг сумдад байгуулах зэрэг ажил хийх шаардлага байгааг захилаа.
БХБ-ЫН САЙДААР Г.МӨНХБАЯРЫГ ТОМИЛЛОО
Барилга хот байгуулалт /БХБ/-ын сайдаар Г.Мөнхбаярыг томилуулах тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 91.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 51 нь дэмжих кноп дарсан юм.
Г.Мөнхбаяр нь 1989 онд ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй юм байна.
1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж иржээ.
Сайдаар томилогдохынх нь өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэр дэвшигчид хандан “барилгын бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх. Хамгийн их хүнд сурталтай, хамгийн их авлигажсан салбар барилгын салбар болсон. Барилга барихад 15 төрлийн тусгай зөвшөөрөл авдаг, 150 хоног шаарддаг. Барилгын хөгжлийн төв тусгай лицензийг дамладаг, авлигажсан салбар болсон.
Хоёрдугаарт, аймгийн төвүүдэд агаар, хөрсний бохирдол адил төвшинд очсон. Аймгийн төвүүдийг хотын статустай болгох асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой” гэсэн санал хэллээ.
ЭМ-ИЙН САЙДААР А.ЦОГЦЭЦЭГИЙГ ТОМИЛЛОО
А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 96.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 54 нь дэмжив.
А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой. 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд Тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. 2003 оны тавдугаар сараас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар ажиллажээ.
Сайдаар томилогдохын өмнө УИХ-ын гишүүд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмч нарыг мэргэшүүлж, чадваржуулахад анхаарах, нийгмийн асуудлыг нь анхаарах, баригдаж дуусдаггүй эмнэлгийн барилгуудыг ашиглалтад оруулах зэрэгт олон асуудлыг хөндөж, саналаа хэллээ.
ЭХ-НИЙ САЙДААР П.ГАНХҮҮГ ТОМИЛЛОО

П.Ганхүүг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 88.7 хувь нь дэмжин баталлаа. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 47 нь дэмжив.
П.Ганхүү нь 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус, тус төгссөн. Эдийн засгийн магистр. АНУ, Япон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн байна.
1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллажээ.
Сайдаар томилогдохынх нь өмнө УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Улс орноо эрчим хүчээр бүрэн хангахад усан цахилгаан станцыг ашиглах, нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, үйлдвэрлэлийн илүүдэл дулаанаас эрчим хүч үйлдвэрлэж байна. Үүнийг нэвтрүүлэх. Улаанбаатар хотод эрчим хүчинд холбогдоогүй 8000 гаруй өрх байгаагийн 6200 нь Сонгинохайрхан дүүрэгт бий. Гэрэл цахилгаангүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа айл өрхийг эрчим хүчинд холбох ажлыг ирэх дөрвөн жилд хийж өгөхийг хүсэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүх нэр дэвшигчдэд хандан “Авлига хээл хахуулиас хол байгаарай, албан тушаалаа битгий урвуулж ажиллаарай. Зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Гашуун боловч үнэн үг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж хэлэхэд Ардын нам шинэ залуу үедээ итгэл хүлээлгэсэн, энийг сайн даагаарай. Салбарынхаа сайд нарт хатуу шаардлага тавьж, албан тушаалын аливаа ашиг сонирхолд авталгүй ажиллах ёстой. Тэгж байж ард түмний итгэл хүлээлгэсэн 65 суудлаа хадгалж үлдэж чадна. Ард түмэндээ амласан амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай. Бүхий л төвшинд мэргэжлийн ур чадвартай, гадаадад төгссөн хүмүүсийг урьж ажиллуулаарай. Ажлыг хүн хийж үр дүнг бүтээдэг” гэсэн юм.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна